Ромын хамбын өргөө Ватиканд шилжив

0
хуваалцах
416
үзсэн

Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд нэгдүгээр сарын 17-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Дөнгөж 44 га талбайтай Ватикан дэлхийн хамгийн жижиг улс юм. Католикийн шашныг Ромын хамба болсон хүн толгойлдог. Ромын хамба ламаар сонгогдсон хүмүүсийн жагсаалтад 266 нэр байдаг ба ихэнх нь итали хүмүүс юм. Ромын католик шашны төв нь 1309 оноос  Францын Авиньон хотод Латераны ордон байлаа. Энэ үеийг “Ромын хамбыг олзолсон цаг” гэж нэрлэдэг.  Байдал 1377 оны энэ өдөр өөрчлөгдөн 13 тэргүүн хамба нар Ромын хамба XI Григорийг дагалдан Ватиканд хүргэж иржээ. “Улс доторх улс” болсон Ватикан Ром хотын Манте-Ватикано толгой дээр орших бөгөөд шавь нар нь мянга орчим католик лам нар байдаг. Эртний Ромд тэр газрыг ариун гэж үзэн хүн суудаггүй байжээ. VIII зуунд үүссэн хамбын улс Аппенины хойгийн ихэнх нутгийг эзэлж байсныг 1870 онд Италийн вант улс татан буулгасан байлаа. Орчин үеийн Ватикан 1929 оны хоёрдугаар сарын 11-нд Бенито Муссолинийн Засгийн га-зартай байгуулсан Латераны гэрээний дагуу үүсчээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1885.01.17. Африкийн Судан улсад Их Британи ноёрхолоо тогтоов.

1904.01.17. Оросын алдарт зохиолч Антон П.Чеховын "Интоорын цэцэрлэг" жүжиг Москва хотын театрт анх удаа тоглогджээ.

1912.01.17. Норвегийн алдарт аялаг Роалд Амюндсенийг Өмнөд туйлд хүрснээс нэг сарын дараа Британийн усан флотын ахмад Роберт Фалкон Скотт Өмнөд Туйлд очив.

1915.01.17. Дэлхийн нэгдүгээр дайн: Сарикамишийн тулаанд Хаант Оросын арми Оттоманы Туркийн армийг буулган авчээ.

1917.01.17. АНУ-ын Засгийн газар Данийн Засгийн газарт 25 сая долларын төлбөр төлснөөр Виржинийн арлыг өөрийн болгов.

1941.01.17. Франц-Тайландын дайн: Францын арми Тайландын эзэн хааны тэнгисийн цэргийн флотыг бут цохижээ.

1944.01.17. Дэлхийн хоёрдугаар дайн: Италийн нийслэл Ром хотын ойролцоо орших Монте Кассиногын тулгаралт эхлэв. Энэ тулгаралтын явцад дөрвөн томоохон тулаан өрнөсөн гэдэг.

1961.01.17. АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Д.Айзенхаувер албан тушаалаа өгөхөөс гурван хоногийн өмнө ард түмэндээ хандаж үг хэлэв.

1991.01.17. Персийн булангын дайн: Холбоотны нэгдсэн хүчнүүд Ирак улсад "Цөлийн шуурга" ажиллагааг эхлүүлэв. Кувейтыг эзлэн түрэмгийлсэн Ирак улсад НҮБ-ын аюулгүйн зөвлөл хугацаа өгсөн ч хугацаандаа хариу өгөөгүй тул ийнхүү цэргийн ажиллагаа эхэлжээ.

1998.01.17. Левинскийн дуулиан: АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон болон "Цагаан ордон"-д дадлага хийж байсан Моника Левински нарын нууц харилцааны талаар тусгай сурвалжлага, нийтлэл "Драдж Репорт" цахим хуудсанд анх тавигджээ.

Эх сурвалж www.zms.mn