Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахлын тархалтыг хумих, хүүхдүүдийг халдвараас сэргийлэхийн тулд сургууль, цэцэрлэгийг хааснаар эцэг эхчүүдийн аль нэг нь зайлшгүй хүүхдүүдээ асрах шаардлагатай болсон. Гэхдээ судалгаагаар эмэгтэйчүүдийн 70 хувь нь хүүхдээ асарна гэсэн шалтгаанаар ажлаасаа гарч, гэртээ суух болсон нь жендерийн тэгш бус байдлын тод илрэл хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Английн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 50 мянган эмэгтэйн дунд явуулсан судалгаагаар хүүхэдтэй эмэгтэйчүүд хөл хорионы үеэр хамгийн  их хямралтай нүүр тулжээ. Энэ талаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны ерөнхий захирал Францес Гради “Бага орлоготой ээжүүд болон өрх толгойлсон эцэг эхчүүд цар тахлын үеэр хүнд цохилтод орсон. Ялангуяа халдварын эхний давлагааны үед эмэгтэйчүүдийн ихэнх нь хүүхдээ асрах шаардлагатай болсон нь ажилгүйдлийг нэмэгдүүлсэн. Үүнээс үүдсэн бухимдал, санхүүгийн хүндрэлд орсон эцэг эхчүүдэд Засгийн газрын дэмжлэг дутагдаж байна. Хүүхэдтэй 1000 эмэгтэй  тутмын 10 нь хөл хорионоос үүдсэн ажилгүйдлээс болж цөхөрч байгаагаа хэлсэн. Учир нь сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдээ байнга харах шаардлагатай болсноор өмнөх шигээ хэвийн, тогтвортой ажиллаж чадахгүй болсон” гэв. Мөн судалгаанд хамрагдсан хүмүүсийн ердөө долоон хувь нь эрэгтэй хүн байгаа нь жендерийн асар их ялгааг харуулж байна. Эцэг эхчүүдийн 25 хувь нь хүүхдээ асрахын тулд ээлжийн амралтаа авч, эрэгтэйчүүдийн 10 хувь, эмэгтэйчүүдийн 18 хувь нь ажлын багаа богисносгожээ.

Дээрх судалгаагаар ажил хийдэг байсан эмэгтэйчүүдийн сэтгэл зовнил ба бухимдал хөл хорионы үеэр 90 хувиар, хүүхдээ асарч, ажлаа хийж чадахгүй байгаагаас үүдэн ажил олгогчдоо сөрөг сэтгэгдэл төрүүлэх вий гэсэн санаа зовнил 48 хувиар нэмэгджээ. Иймээс эцэг эх, асран хамгаалагчдад 10 хоногийн цалинтай чөлөө олгох, уян хатан хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, цалинг нэмэгдүүлэх, хувиараа хөдөлмөр эрхлэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Энэ талаар Францес Гради “Долоо хоног цалингүй чөлөө авах бол асуудал биш. Харин хүүхдээ асрах шаардлагын улмаас ажиллаж чадахгүйд хүрсэн эцэг эхчүүдэд удирдлага нь хамгийн уян хатан байдлыг бий болгож, ажиллах боломжоор хангах ёстой“ гэж  ярилаа.

 Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш хүүхдээ хараад ажиллаж чадахгүй байгаа эцэг эхчүүдийн ажлын байрыг нь хадгалах боломжийг удирдлагууд нь олгосон ч эмэгтэйчүүдийн 78 хувь нь энэ боломжийг ашиглаж чадаагүй байна. Ийн бухимдалд орсон ээжүүдийг дэмжих кампанит ажлыг өрнүүлж байгаа байгууллагын гишүүн Жойли Бреарли “Сургуулиудыг хаасан нь эцэг эхчүүдийн ажилгүйдэлд, ялангуяа ажил хийх боломжгүй болсон эмэгтэйчүүдэд ямар их сөргөөр нөлөөлж байгаад Засгийн газар анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай. Үүнээс үүдсэн хямрал, сэтгэл зүйн эрүүл мэнд болон жендерийн  тэгш бус байдлыг арилгахын тулд бид хэдэн арван жил зарцуулах болно” гэв.

Хүүхдээ асарч байгаа эмэгтэйчүүдийн сэтгэгдэл

Холли: Захирал  цалинтай чөлөө өгөхөөс татгалзсан

-Би хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Засгийн газраас гаргасан шийдвэртэй уялдуулан эрхлэгчдээ хүсэлт гаргасан боловч цалинтай чөлөө өгөхөөс татгалзсан. Тиймээс хүүхдүүдээ тэжээхийн тулд надад хамгийн эхэнд хүнсний дэмжлэг хэрэгтэй байна.

Киара: Хүүхдүүдээ 01:00 цагт унтуулчихаад ажлаа хийдэг

-Би 10-аас доош насны гурван хүүхэдтэй. Хүүхдүүдээ унтуулчихаад шөнийн 01:00 цагт амардаг. Харин өглөө нь 05:30 цагт босно. Миний төсөөлснөөс ч илүү урт долоо хоногууд үргэлжилж байна. Үүнийг удаан тэвчиж чадахгүй нь.

Харин Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Сургууль хаагдсанаас хойш байгууллагууд ажилчдаа уян хатан ажиллах боломжоор хангах шаардлагатай гэдэг нь халдварын эхний давлагааны үед тодорхой болсон” гэв.Хэрэв байгууллага нь дэмжвэл эцэг эхчүүд хагас цагаар ч болтугай ажлаа хийж, хүүхдээ асрах үүргээ ч гүйцэтгэж чадна.

Эх сурвалж:Guardian