Т.САЙХАН

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНААР ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА.  ЭНЭ ҮЕЭР ГИШҮҮД БАЙР, СУУРИА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: -Энэ хууль 2020 оны дөрөвдүгээр сард өргөн баригдсан, түүнээс хойш хоёр ч чуулган дамжаад хэлэлцэгдэж байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Шүүхийн тухай хуулийн төслийн талаар буруу ойлголт явж байна. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг булааж авч байна, ялангуяа УИХ дахь олонхи гэсэн ийм мэдээлэл гарч байна.  Өмнө нь  17 шүүгчийг чөлөөлсөн нэг асуудал бий. Гэхдээ томилогдоогүй үлдсэн шүүгчдийн асуудлыг ажлын хэсэг дээр ярилцсан уу. Цаашид энэ хуульд болон холбогдох журмуудад тухайн 17 шүүгчтэй холбоотой асуудлыг тусгах уу. Ажлын хэсэг дээр ярьсан байх гэж найдаж байна.Томилдог субъект нь 2017 онд өөрчлөгдсөн. Тэрний дараа 17 шүүгчийн асуудлыг ШЕЗ ярьж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх зэрэг ийм оролдлого хийсэн байдаг юм болов уу гэдгийг тодруулмаар байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: - Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөлж, буцаад томилохдоо 13 шүүгчийг эгүүлэн томилоогүй. Тухайн үед хуульчид юу гэж хэлж байсан бэ гэхээр бусад шүүгчид сануулга, дохио өгөх зорилгоор ийм үйлдэл хийлээ гэж байсан. Эдгээр 13 шүүгч дахин томилогдох хүсэлтээ ШЕЗ, Ерөнхийлөгчид мөн ҮХЦ, Захиргааны хэргийн шүүхэд удаа дараа хандсан. Аль байгууллагууд нь асуудлыг орхиосон. Сая бид ажлын хэсэг дээр ярилцаад Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөж гарах журмын тухай хуульдаа шинээр байгуулагдах ШЕЗ 13 шүүгчийг дахин томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ёстой гэсэн заалт оруулсан ч байнгын хороо дэмжээгүй. 13 шүүгчид дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу тийм хүнд байгаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -2013 онд 13 шүүгчийг Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөлөгдөхдөө Үндсэн хуульд заасан хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдөөгүй юм. Тэр утгаараа Үндсэн хуулийг  Ерөнхийлөгч зөрчлөө гэдэг агуулгаар тухайн үед миний бие иргэнийхээ хувьд Цэцэд хандаж байсан. Цэц маргаан үүсгээгүй буюу Ерөнхийлөгчийг хамгаалж, хаацайлж үлдсэн. Миний хувьд Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн гэдэг итгэл үнэмшил маань одоо ч хэвээрээ. Үүнийг залруулах ажиллагаа Үндсэн хуулийн хүрээнд явагдах ёстой. Х.Нямбаатар сайдын гаргасан саналыг хүлээж аваагүй. Яагаад гэвэл УИХ хууль гаргаж шүүгчдийг томилохгүй. Ингэвэл УИХ өөрөө хууль зөрчинө. Шүүгчдийг томилох эрх нь зөвхөн Ерөнхийлөгчид бий. 

Эх сурвалж:www.polit.mn