УЕПГ: Авлигын хэргийн 83 хувийг албан тушаалаа урвуулсан гэмт хэрэг эзэлж байна

0
хуваалцах
270
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Улсын Ерөнхий Прокурорын газраас 2020 оны бүтэн жилийн хяналтын ажлын нэгдсэн дүн мэдээ болон Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явцын талаар танилцууллаа. Прокурорын байгууллага өнгөрсөн онд 31 байгууллагын 10775 зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллажээ. Хяналт тавьсан зөрчлийн хэрэг 26 хувиар өссөн байна. Үүний буюу 75.4 хувь нь нийслэлд, 24.5 хувь нь орон нутагт үйлдэгджээ.

Олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдал:

Нийслэлийн прокурорын газар нь мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ ихтэй эдийн засгийн болон авлига, албан тушаалын хэргүүд, түүнчлэн улс орон дамжиж үйлдэгдсэн, мөнгө угаах хэргүүдийг бүрэн, шуурхай шалгуулах зорилгоор олон талт, шат дараалсан удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэн, хяналтын ажлыг эрчимжүүлсний үр дүнд удаан хугацаанд шалгагдсан, улс төрд нөлөө бүхий этгээд холбогдсон цөөнгүй хэргүүдийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлжээ.

Тухайлбал, 2020 онд М.Энхсайханд холбогдох /ерөнхий сайд асан/ хэрэг, Б.Мөнгөншагай нарт холбогдох /Салхитын мөнгөний ордтой холбоотой/ хэрэг, Д.Эрдэнэбат нарт холбогдох /Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар шилжүүлсэнтэй холбоотой/ хэрэг, Ж.Эрдэнэбат нарт холбогдох /ерөнхий сайд асан/ хэрэг, Улсын Их Хурлын гишүүн асан Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа нарт холбогдох /Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сантай холбоотой/ хэрэг, Улсын Их хурлын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргүүд байна.

Түүнчлэн олон үйлдэл, олон яллагдагчтай мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ ихтэй, эдийн засгийн болон залилах, мөнгө угаах хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Тухайлбал:

  • Жаст групп ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох 213 хавтаст хэрэг,
  • “Өгөөжтэй өв” ХХК-ийн захирал М.Чинбат нарын 30 хүнд холбогдох хууль бусаар ашигт малтмал олборлосон, мөнгө угаасан гэмт хэрэг,
  • Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Лью Тингхуа /Liu Tinghua/ нарын 15 хүнд холбогдох цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилсан, мөнгө угаасан, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан хэрэг
  • 2012 оноос хойш шалгагдсан А.Урансайхан нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлтэй 56 хавтаст хэрэг,
  • 2014 оноос хойш шалгагдсан Б.Цагаандарь нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлтэй 33 хавтаст хэрэг,
  • Казахстан улсын иргэн М.Марат, Э.Оюунчимэг нарт холбогдох 11350 хохирогчтой, бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлтэй 595 хавтаст хэрэг,
  • Б.Мөнхтуяа нарт холбогдох 260 хохирогчтой, бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлтэй 25 хавтаст хэрэг,
  • 2012 оноос хойш үйлдэлтэй Б.Гүррагчаа нарын 6 хүнд холбогдох 35 үйлдэлтэй залилах хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэв. 

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураан авсан ажиллагааны үр дүнгийн талаар

Нийслэлийн прокурорын газраас Авлига албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдсон этгээдэд зөвхөн ял шийтгэх бус хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж улсын орлого болгох, мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг хамгаалах тал онцгойлон анхаарч ажиллаж тодорхой үр дүн гарсан.

2020 онд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс нийт 48 гэмт хэрэгт 21,586,213,463 төгрөгийн хөрөнгийг хурааж, улсын орлого болохоор шүүхээр шийдвэрлүүлэв. Зарим хэргүүдээс дурдвал:

  • Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн С.Баяраас 3,569,148.56 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5,580,444.000 төгрөгийг, 1,097,130,673 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг,
  • С.Баяртай хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байгаа 5,766,040,000 төгрөгийн үнэлгээтэй АНУ-ын Нью-Йорк хотод байрлах үл хөдлөх хөрөнгийг,
  • Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн С.Баярцогтоос нийт 4.010.452.844 төгрөгийн үнэлгээтэй 3 үл хөдлөх эд хөрөнгө,
  • Ш.Мөнгөншагай нарт холбогдох /Салхитын мөнгөний орд/ хэрэгт 190,000,000 төгрөг,  1,445,200 америк долларыг,
  • Хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи улсын Стандарт банкнаас 109 сая ам долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн Жаст групп ХХК-ийн захирал Ш.Батхүүгийн Сингапур, АНУ дахь газар  болон үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж, улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлэв.

2020 оны IV улиралд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг:

Нийслэлийн прокурорын газраас 2020 оны 4 дүгээр улиралд нийт 66 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв. Үүний 20 буюу 33.3 хувь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлига, албан тушаалын гэмт хэрэг байна. Тухайлбал:

  • Х.Бээжинд холбогдох “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, худал мэдээлэл тараах үйлдэлтэй....” эрүүгийн хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Улсын Дээд шүүхээс Чингэлтэй дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоож ирүүлээд байна. 
  • З.Баянсэлэнгэ нарт холбогдох “Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан...” хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ба Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдэж байна.
  • Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан, сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах...” хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1, 821.1 дүгээр зүйлийн 821.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 11-ны яллах дүгнэлт үйлдсэн ба Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлэх үйл явц үргэлжилж байна.

Прокуророос хяналт тавьсан Авлигын гэмт хэрэг зургаан хувиар өсчээ

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол нөхөн төлөлт 11.1 дахин, хор уршгийг арилгуулсан байдал 8,3 дахин өслөө. Гэмт хэргийн улмаас учирсан 92.684.921.765 төгрөгийн хохирол нөхөн төлүүлж, 705.963.744  төгрөгийн хор уршгийг арилгуулжээ. Үүнээс 2020 онд төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан 76 хэргийг шийдвэрлэснээс 78.355.246.655 төгрөгийн хохирол төлөгджээ.Прокуророос хяналт тавьсан Авлигын гэмт хэрэг зургаан хувиар, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг 1,2 дахин өсчээ.

Нийт 462 албан тушаалтан холбогдсон 173 хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оноос 1.2 дахин өссөн үзүүлэлттэй байна.Авлигын гэмт хэрэг Нийслэл, Баянхонгор аймагт хамгийн их бүртгэгдсэн байна.Авлигын гэмт хэрэг улсын хэмжээнд 2019 онд 16-аас дээш насны 10 мянган хүн ам тутамд гурав хэрэг бүртгэгдэж байсан бол 2020 онд 2.7 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна.  Авлигын хэргийн 82,9 хувийг төрийн алба болон төсвийн хөрөнгөтэй харьцах эрх бүхий албан тушаалтнуудаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг эзэлж байна.

Мөнгө угаах гэмт хэрэг 21 хувиар өсөв

Прокуророос хяналт тавьсан Мөнгө угаах гэмт хэрэг 20,9 хувиар, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг 36,3 хувиар тус тус өсөв. Мөнгө угаах 129 хэрэгт мөрдөн байцаалт явуулсан 20,9 хувиар, 88 хэрэгт буюу 68,2 хувийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь 36,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.Авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгийг угаасан хэрэг нийт мөнгө угаах гэмт хэргийн 13,9 хувийг эзэлж байна. Мөн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх хувь нь 18-29 насныхан байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хүн худалдаалах гэмт хэрэг 40 хувиар өсчээ. 2020 онд Хүн худалдаалах нийт 34 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь өмнөх онтой ижил түвшинд байгаа боловч долоон хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оноос 40 хувиар өсчээ. Хүн худалдаалах гэмт хэргийн гурав буюу 8.8 хувь нь Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн хэрэг байна.

558 тэрбум төгрөгийг улсын төсөв төвлөрүүлэв

Прокурор төр, нийтийн эрх ашгийг хамгаалах нийт 504 иргэний хэрэгт оролцож, 558.7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн байна. Прокурор цагаатгалын нөхөх олговор, түүнтэй холбоотой садан төрлийн холбоо тогтоолгох нэхэмжлэлтэй 932 иргэний хэрэгт төрийг төлөөлөн оролцож, шүүх 40.2 тэрбум төгрөгийг, мөрдөн шалгах ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй 19 хэрэгт прокурор оролцож, шүүх 1.6 тэрбум төгрөгийг тус тус Засгийн газрын нөөц сангаас гаргуулж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэргийн улмаас  төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулах 60 хэрэгт 376.3 тэрбум төгрөгийн, зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулах 21 хэрэгт 12 сая төгрөгийг, бусад төрлийн иргэний 423 хэрэгт 182.4 тэрбум төгрөгийг, нийт 504 хэрэгт прокурор оролцож, 558.7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn