““Утгын чимэг”, “Болор цом”-ыг цахимаар хийх шийдвэр гараагүй”

0
хуваалцах
327
үзсэн

Х.ОЮУНБОЛД

 

“Болор цом”, “Утгын чимэг”, “Алтан өд” наадмыг хэрхэн зохион байгуулах талаар Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, “Цог” сэтгүүлийн эрхлэгч, МЗЭ-ийн болон Утга зохиолын оны шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналтан М.Саруулдалайгийн утсанд холбогдлоо.

 

 -Энэ жилийн “Болор цом”, “Утгын чимэг”, “Алтан өд” наадамд оролцох яруу найрагч, зохиолчдын бүтээлийг энэ сарын 15 хүртэл цахимаар хүлээж авахаар болсон гэсэн. Хэдэн хүн оролцохоор бүтээлээ ирүүлээд байна вэ?

-”Алтан өд”, “ Утгын чимэг”, “Болор цом” наадмын бүтээлийг өчигдрөөс эхлэн авч байна. Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадам нь тухайн онд хэвлэгдсэн номыг шалгаруулдаг. Тиймээс цахимаар авна гэсэн ойлголт байхгүй. Харин “Утгын чимэг”, “ Болор цом”-ын хувьд хөдөө орон нутаг болон гадаадаас цахимаар бүтээлээ ирүүлж болно. Мөн ханиад томууны энэ үeд аль болох хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд цахимаар шүлэг, өгүүллэгээ авч байна. МЗЭ өчигдрөөс хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа. Бүтээл хүлээн авах хугацаа энэ сарын 15-нд дуусна.

-Цахим наадмуудыг хэзээ хийх, ямар журмаар зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-”Утгын чимэг”, “ Болор цом”-ыг цахимаар хийнэ гэсэн ямар нэгэн шийдвэр гараагүй. “Утгын чимэг” наадамд шалгарсан шилмэл өгүүллэгийг манай нэртэй уран уншигчид уран яруу уншиж, үзэгч сонсогчиддоо баясган оюуны цэнгэл бэлэглэдэг. Богино өгүүллэгийн энэ наадмыг хүсэн хүлээдэг, үзэж сонсох юмсан гэсэн хүн олон бий. “Болор цом”-ын хувьд ч найрагчдын маань жилдээ уулздаг том цугларалт нөгөө талаар уншигч зохиолчдын баяр болдог. Тэгээд ч хүмүүс нэгэнт тайзнаас сонсоод сурчихсан. Тийм нэг эрчимлэг, уур амьсгал бүрддэг учир цахимаар зохион байгуулах нь тийм ч тохиромжтой бус болов уу. Энэ вирус намдаж, соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулахыг зөвшөөрсөн урин цагт хийхэд болохгүй зүйлгүй гэж бодож байна.

-Шүүгчид зохиолч, яруу найрагчдаас ирүүлэх уран бүтээлийг яаж шалгаруулж дүгнэх вэ?

-”Алтан өд” наадамд ирсэн бүтээлийг тухайн төвийн гишүүд уншиж танилцаад, Удирдах зөвлөлийн хурлаар олонхийн саналаар шийдвэрлэдэг. “Утгын чимэг”, “Болор цом”-ын хувьд Үргэлжилсэн үгийн төв, Яруу найргийн төвийн гишүүд дээр Шүүмж судлалын төв хамтран шүүнэ гэсэн тодорхой дүрэм журамтай.

-Энэ жил зохиолчид, яруу найрагчид, уншигчдын хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Энэ онд төр нийгмийн нэрт зүтгэлтэн, зохиолчдын эвлэлийг олон жил удирдсан, Төрийн шагналт зохиолч С.Удвал гуайн 100, С.Буяннэмэх, Д.Намдаг нарын мэндэлсний 110 жилийн ой тохионо. Өчигдөр бид С.Удвал гуайн хүү Ө.Өнөбаатар ахыг МЗЭ дээр хүлээн авч уулзан ойг хэрхэн тэмдэглэх тухай санал солилцлоо. Мөн Монголын зохиолчдын ээлжит их хурал болно. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой тохионо. Эдгээр түүхт их ойд МЗЭ анхаарлаа хандуулж ажиллана. Роман, тууж, өгүүллэг, хүүхдийн зохиолоор улсын уралдаан зарлана. Манай зохиолчид ч шинэ содон уран бүтээл гаргаж, олон түмнийхээ оюун санаа, үндэсний бахархал, түүх соёлын өвд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.1.13 ЛХАГВА № 9 (6486)