Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцээгүй шинээр батлагдсан хууль тогтоомжийг шинжлэх нь

0
хуваалцах
332
үзсэн

Л.ГАЛБААТАР

 

Монголын хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн

 

Монгол Улсын Их Хурлаас 2019.11.14-ний өдөр баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай” хуулийн нэгдүгээр зүйлд “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана” гэж заасан. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-т парламенттай холбоотой 16, гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой хоёр, шүүх эрх мэдэлтэй холбоотой гурав, нутгийн удирдлагатай холбоотой зургаа, нийт 27 багц хуулийн төсөл боловсруулахаар тусгажээ. Өнөөдрийн байдлаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас 10-аад хууль баталжээ. Эдгээр хууль болон хэлэлцэж буй хуулийн төслийн зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцэхгүй байгааг дараах хэсэгт авч үзэв.

 

Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэхийг зохицуулсан шинэ хууль тогтоомж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцээгүй байдал

Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн З-т “Улсын Их Хурал Засгийн газрыг огцруулах тухай өөрөө санаачилсан болон Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын мэдэгдлийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасныг 2019.11.14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “1. Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно. 2. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэж тусгасан. Энэ нь Засгийн газрыг огцруулах эсэхийг Улсын Их Хурал 15 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх зохицуулалт гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэх болж өөрчлөгджээ. Гэтэл 2020.05.13-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 99.1-т “Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг долоо хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж зохицуулжээ.

Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох зохицуулалтад оруулсан “Гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэх” нөхцөл нь шинээр батлагдсан хуульд “Долоо хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж өөрчлөгджээ. Үндсэн хуульд заасан “Гурав хоног” шинээр батлагдсан хуульд “Долоо хоног” болж өөрчлөгдсөн нь Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг зохицуулсан шинэ хууль тогтоомж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцээгүйг нотолсон жишээ болж байна.

Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийг зохицуулсан шинэ хууль тогтоомж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцээгүй байдал

Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1-т “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ” гэж заасныг 2019.11.14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж тусгасан.

Гэтэл 2020.05.07-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 38.2-т “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” гэж заасан бөгөөд энэ хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.05.26-ны өдөр хэсэгчлэн хориг тавьсан. Үүний дагуу энэ хэсэгт 2020.11.06-ны өдрийн хуулиар “38.2.Ерөнхийлөгч энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3-т зааснаас бусад асуудлаар хууль санаачилна. Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтална” гэж өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн хязгаарыг Монгол Улсын Их Хурлын тухай /шинэчилсэн найруулга/ хуульд хэт өргөжүүлсэн байх бөгөөд түүнийгээ залруулж, Ерөнхийлөгч Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэг, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн өмч, татвар, эрүү, иргэн, захиргааны ерөнхий болон зөрчлийн тухай анхдагч хууль, шинэчилсэн найруулга болон Засгийн газар санаачлахаар Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан зааснаас бусад асуудлаар хууль санаачлах эрхтэй байхаар зохицуулжээ.

Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар хуулийг эцэслэн батлахыг зохицуулсан шинэ хууль тогтоомж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцээгүй байдал

Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6-д “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ” гэж заасныг 2019.11.14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “6.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар хуулийг эцэслэн батална” гэж тусгасан.

Гэтэл 2020.05.07-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 37.3-т “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар хуулийг эцэслэн батална” гэж заасан.

Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу бүх хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар эцэслэн батлах зохицуулалтыг гажуудуулж, зарим хуулийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар баталж болохоор тусгасан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцэхгүй байгаа шинээр боловсруулсан хуулийн төсөл

Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Энэхүү хуулийн төслийг 2019.11.14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан “49 дүгээр зүйл. 5.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэсэн зохицуулалтад нийцүүлэх зорилгоор боловсруулжээ.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-ийн 3.1.1-т “Шүүхийн ерөнхий зөвлөлийн бие даасан, хараат бус, тогтвортой байдлыг хангах зорилгоор түүний бүрэлдэхүүний тавыг шүүгчид дотроосоо хувь тэнцүүлэн сонгож, бусад таван гишүүнийг бусад институциэс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилох, гишүүдийг зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллуулах, Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгох журмыг хуулиар тогтоох” гэж заажээ.

Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг хэн томилох талаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгайлан заагаагүй ч, түүний үзэл баримтлалыг тодорхойлох боломжтой. Монгол Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы есдүгээр сарын 6-ны өдрийн нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс үзэхэд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо нэр дэвшүүлэн томилгооны сонсгол хийж, Улсын Их Хурал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар томилно” гэх төслийн заалтаар санал хураахад 59 гишүүн оролцож, 52 гишүүн татгалзсан байна. Энэ нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийг Улсын Их Хурлаас томилох нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулгад нийцэхгүй болохыг харуулж байна.

Гэтэл Засгийн газраас 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь хийсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг Улсын Их Хурлаас томилохоор заасан байна.

Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 3-т “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана”, 5-т “...Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна” гэж, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т Улсын Их Хурлын бүрэн эрхэд “Улсын Их Хурлын Байнгын хороо, Засгийн газар, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх” гэж  тус тус заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл нь Улсын Их Хурлын харьяа байгууллага биш бөгөөд шүүх эрх мэдэлд хамаарах институци юм.

Эндээс харахад Засгийн газраас 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурал хэлэлцэж буй Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх шаардлага тулгарч байна.

 

Дүгнэлт

Монгол Улсын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1-т “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасан. Гэвч энэ шаардлагыг Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хүрээнд боловсруулж, баталж буй хуулиуд, хуулийн төсөлд зөрчиж байна. Тиймээс хуульчид, иргэд хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх талаар хууль санаачлагчид шаардлага тавих цаг болжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.1.13 ЛХАГВА № 9 (6486)