Хөвсгөлд нэг өдөрт 300 удаа газар хөдөлж, барилга цуурав

0
хуваалцах
1327
үзсэн

С.УЯНГА

 

Олон улсын газар хөдлөлтийн судалгааны байгууллагын мэдээллээр ОХУ-Монгол Улсын хилийн орчимд 05:33 цагт 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Тэгвэл энэ доргио Хөвсгөл аймгийн Ханх суманд хүчтэй мэдрэгдсэн бол чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, нийслэлийн оршин суугчдад 4-6 баллын хүчтэй мэдрэгдсэнийг мэргэжлийн байгууллагаас мэдээлсэн юм. Унтаж байсан иргэд сэрэх, гэрлийн бүрхүүл чичирхийлж савласан гэх зэргээр хотын зарим иргэнд мэдрэгджээ. Харин Хөвсгөл аймгийн бүх суманд, тэр дундаа Ханх тосгонд газар хөдлөлт хүчтэй мэдрэгдэж байшин барилга цуурах, гэр нурах, иргэдийн эрүүл мэндэд өөрчлөлт орж дуудлага, мэдээлэл өссөн байна. Нутгийн иргэдийн ярьснаар аяга шаазан, зурагт хагарч, дэлгүүрийн лангуу нурж багагүй хохирол амсчээ. 

Монгол Улсад 30 жилийн өмнө буюу  1991 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол гэдэг газарт 6.5 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болж байжээ. Газар  хөдлөлтөөс үүссэн хохирлыг тогтоохоор Мөрөн сумын 14 багийн 42 нийтийн орон сууцны барилга байгууламжид Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар,  Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газрынхан үзлэг хийж эхэлсэн байна. Өчигдөр өглөөний байдлаар зургаан удаагийн давтамжтай буюу Улаанбаатарын цагаар 05:32 цагт  65 магнитуд, 05:41 цагт 5.1 магнитуд, 05:47 цагт 4.6 магнитуд, 06:02 цагт 5.3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5.6  магнитудтай газар хөдлөлт болсныг мэдээлж байв. Тэгвэл газар хөдлөлтийн чичирхийлэл өчигдөр бүтэн өдөр үргэлжилж оройн 18:00 цагийн байдлаар 100 гаруй удаагийн давтамжтай хөдөлсөн байна.

Олон нийтийн зүгээс хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж мэдэгдсэнгүй гэх шүүмжлэл гарсан. Тэгвэл хүчтэй газар хөдлөлт болсны дараа албан тушаалтнуудын цахим шууданд мэдээлэл хүргэдэг бөгөөд Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирлын цахим шууданд үндсэн газар хөдлөлт болсноос хойш 10 минутын дараа мэдэгдэл иржээ. Газар хөдлөлттэй холбоотойгоор Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл цахимаар хуралдах үеэр  мэргэжлийн хүмүүс газар хөдлөлт бол шинжлэх ухааны түвшинд урьдчилан хэлэх, мэдээлэх боломжгүй үзэгдэл гэсэн тайлбарыг хэлсэн юм. Хөвсгөл аймагт 30 жилийн дараа 6.5 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болов. Өчигдөр үүрээр 05:30 цагт эхэлсэн газар хөдлөлт оройн 18:00 цагийн байдлаар 300 гаруй бүртгэгдээд байв.

 

 Газар хөдлөлттэй холбоотойгоор албаны хүмүүсийн байр, суурийг хүргэе.

 

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд байрлах газар хөдлөлтийн станцын эрхлэгч П.Даваадалай:

-Хөвсгөл аймагт өглөө 05:32 цагт 51:21:136  кординат дээр эхний газар хөдлөлт боллоо. Түүнээс хойш таван удаагийн давтамжтай 5 магнитудын газар хөдлөлт мэдрэгдсэн. Ханх сумын иргэд айж эмээсэн байдалтай байна. Суманд чулуун барилга, сүүлд баригдсан сургуулийн барилгад ан цав гарсан дуудлага, мэдээллийн дагуу албаны хүмүүс үзлэг хийж байна.

 

Ханх сумын ЗДТГ-ын дарга З.Баасансүрэн: 

-Газар хөдлөлт бүх айл өрхөд мэдэгдсэн. Сумын Тамгын газар, цэцэрлэг, сургуулийн барилгын хананд цууралт үүссэн. Сумын Онцгой комиссоос ард иргэдэд аюулгүй байдлаа хангах талаас нь зөвлөмж өгч, албан хаагчдаа тараагаад байна. Хүчтэй газар хөдлөлт мэдрэгдэж, алба хаагчид байрандаа ажиллах боломжгүй боллоо. Одоогийн байдлаар хоёр давхар сургууль, цэцэрлэгийн барилга, захиргааны байр гээд гурван объектын хана цуурсан. Тиймээс сумын удирдлагууд Шуурхай штабынхныг нэг давхар байр руу нүүлгэн шилжүүллээ. Газар хөдлөлтийн улмаас эд материалын хохирол тооцох ажлыг эхлүүлээд байна.

 

Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл:

-Үндсэн хөдлөлт нь 6.5 балл бөгөөд давтан хөдлөлтийн  магнитудын хүч нь харьцангуй багассан. Тухайн бүсэд ийм хүчтэй газар хөдлөлт 1991 онд Бүсийн гол орчимд 6.7 магнитуд хүрч байсан. Бид багажаар судалгаа хийснээс хойш тухайн бүс нутагт 6.5 магнитуд хүрсэн газар хөдлөлт анх удаа бүртгэгдэж байна. Газар хөдлөлтөд хамгийн ойр суурин газар бол Ханх сум. Газар хөдлөлтийн голомтод 7-8 баллын чичирхийлэл үүсгэсэн. Зайнаас хамаарч чичирхийллийн хүч замхарна. Улаанбаатар хот нь тухайн цэгээс 610 километрийн зайд оршдог. Хүрэл тогоотын одон оргил дахь станцад бүртгэгдсэнээр Улаанбаатарын хадан хөрсөнд 3-4 баллын чичирхийллээр мэдрэгдсэн. Хотын сав газар, барилга байгууламжийн онцлог, ямар суурь хөрсөн дээр баригдсанаас шалтгаалан иргэдэд өөрөөр мэдрэгдсэн байна. Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж богино хугацаанд таамаглах асуудал дэлхийн эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд байдаг. Болсон хүчтэй газар хөдлөлтийн аюулыг амжиж анхааруулах асуудал олон улсад хэрэглэгдэж байгаа. Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах системийг байгуулсан. Улаанбаатар хотын эргэн тойронд оршдог гурван голомт болон Дундговь аймгийн Дэрэнгийн хагарал, Булган аймгийн Могод  сумын газар хөдлөлтийн идэвхтэй хагарал, Сэлэнгэ аймгийн Бүтээлийн нурууны голомтоос хэрвээ Улаанбаатар хотод аюул учирч болох хэмжээнд газар хөдөлбөл систем автоматаар ажиллаж, анхааруулах дуут дохио өгөх юм. Бид энэ дуут дохиоллын системийг газар хөдлөлтийн аюулын эрсдэлийг бууруулах сургалтын үеэр ашигласан. Өнөөдрийн хүчтэй газар хөдлөлт дуут дохио дуугарах түвшинд хүрээгүй. Дуут дохиоллын улаан, ногоон, шар түвшин байдаг бөгөөд Улаанбаатар хотын байшин барилга нурах түвшинд улаан гэрэл автоматаар ажилладаг.

 

МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал:

 -Улсын хэмжээнд 130 мянга орчим барилга ашиглаж байна. Жилд 1000-1500 барилга шинээр ашиглалтад ордог. Дээрх барилгууд дунд 1970 оноос өмнө буюу газар хөдлөлтийн стандарт гараагүй байхад барьсан нь ч бий. Ийм барилга Улаанбаатар хотод 8.7 хувь, орон нутагт 17.6 хувь нь байна. Газар хөдлөлтийн тэсвэржилт муу, шаардлага хангахгүй барилга орон нутагт 16.6 хувь, Улаанбаатарт 2.1 хувь  байгаа. Жил жилээр нь энэ шалгалтыг хийдэг. 2006-2020 онд Улаанбаатар хотод 3820 барилга газар хөдлөлтийн тэсвэргүй гэдэг дүгнэлт гарсан. Эдгээр барилгыг буулгах, хүчитгэх, дахин төлөвлөлтөд оруулах дүгнэлтүүдийг гаргаж, хотын Засаг даргад хүргүүлсэн. Хөвсгөл аймгийн төвд байрлах долоон орон сууцны барилгад жижиг цууралт, цонх хаалганы орчим хагарал үүссэн.

 

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын тасгийн дарга Ж.Дамдинсүрэн:

-Улаанбаатар хотын есөн дүүрэгт 193 талбайг түр цуглах талбай болгон тэмдэгжүүлсэн. Мөн шаардлагатай тохиолдолд хоргодох байр буюу нүүлгэн шилжүүлэх 32 байршил бэлдсэн.  Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан 17 байгууллагын төлөөлөл багтсан газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл жил бүр төлөвлөгөөгөө гаргадаг. 21 аймгийн  зөвлөлүүд аймгийнхаа Онцгой комиссын шийдвэртэй уялдуулж, түр цуглах талбай, нүүлгэн шилжүүлэх байраа бэлдсэн байдаг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.1.13 ЛХАГВА № 9 (6486)