Б.ТУУЛ

 

“Форбес” сэтгүүл “Youтube” сувгаар дамжуулан хамгийн их ашиг олсон контент бүтээгчдийг шалгаруулжээ. Хамгийн гайхалтай нь энэ удаа есөн настай блогчин хүү, Райан Кажи хамгийн өндөр ашиг орлоготой Youтube одоор гурав дахь жилдээ шалгараад байна. АНУ-ын Техас мужид ээж аавтайгаа амьдардаг гуравдугаар ангийн сурагч Райан дөрвөн настайгаасаа unboxing буюу шинээр худалдаж авсан эсвэл бэлгэнд авсан бүтээгдэхүүнээ хайрцаг, баглаа боодлоос нь задалдаг бичлэгийг хийснээр анх олонд танигджээ. Тэрээр хамгийн анх 2015 онд “Райаны тоглоомын тойм” нэртэйгээр сувгаа нээж байжээ. Харин түүнээс хойш Кажи хүү “Райаны ертөнц” хэмээн сувгаа өргөжүүлж, түүний бичлэгийг энэ жил 12 тэрбум удаа үзжээ. Үүнээс тэр 30 сая ам.долларын ашиг олсон байна. Блогчин хүү өнгөрсөн жил 26 сая ам.доллар, 2018 онд 22 сая ам.долларын ашиг олсноор Форбесын жагсаалтыг тэргүүлсэн байна. Одоо бяцхан хүүгийн Youтube сувгийг 23 сая хэрэглэгч дагадаг юм байна. Райан Кажи хүү одоо өөрийн сувгаараа дамжуулан багачуудад зориулсан хувцас хэрэглэл, сонирхол татсан тоглоомыг идэвхтэй сурталчилдаг болжээ. Хамгийн сонирхолтой нь түүнийг фэнүүд нь “Кажи үзэгчдээ хамгийн сайн мэдэрч, амьд харилцааг үүсгэж чаддаг. Үүнд л түүний амжилтын нууц оршдог” хэмээн үнэлжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.1.12 МЯГМАР № 8 (6485)