Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин 2021 оны эхний дугаартаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааг онцолсон. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймаг, нийслэлийг удирдах эрх өвөртөлсөн эрхмүүд ирэх дөрвөн жилийн хөгжлөө хэрхэн харж, төлөвлөж буйг  хүргэсэн билээ.   Тэгвэл www.polit.mn Засаг дарга нарын байр суурийг хүргэж байна.  

Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр: 500 хүний суудалтай Соёлын ордон барина

-Багахангай дүүргийн бүх шатны төрийн албан хаагчид COVID-19-ийн  цар тахлын  эсрэг тэмцэж, хүнд цаг үеийг иргэдтэйгээ хамт, эрсдэл багатай давж гарахын тулд хичээн ажиллаж байна.Хэдий манай дүүрэгт өвчлөл гараагүй ч бид  2021 онд илүү их хичээж өвчин гарахаас урьдчилан сэргийлэх ажилд  ихээр анхаарч ажиллана. Багахангай дүүрэг нь Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Багануур чиглэлийн төмөр замын зангилаа болон Улаанбаатар-Замын-Үүдийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг хэсэг дээр оршдог 29 жилийн түүхтэй дүүрэг юм.  Бид иргэдэд соёл урлагийг түгээх ажлыг сайжруулах, шинэ 500 хүний суудалтай соёлын ордон барих ажлыг 2021 онд эхлүүлнэ. Тус шинэ соёлын ордны барилга 2021 онд ашиглалтад орсноор дүүргийн төдийгүй хил залгаа сум, дүүргийн иргэдэд соёл, урлагийн олон төрөлт үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэх юм. Бид сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хүний хөгжил рүү хамгийн эхэнд чиглэсэн. Багахангай дүүргийн ард иргэд эрч хүчтэй, эрүүл саруул, эрдэм боловсролтой, хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй байхад мөрийн хөтөлбөрийн гол бодлого оршиж байгаа. Тиймээс дүүргээ хөгжүүлэхийн төлөө хариуцлагатай ажиллах болно.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2021.1.4 ДАВАА № 1 (6478)