Театр хэмээх асарт морилсон итгэмжит хүмүүн

0
хуваалцах
711
үзсэн

Д.ЦЭРЭННАДМИД

 

Н.ПҮРЭВДОРЖ ГЭЖ ХЭН БЭ?

Манай сонин “Амьдралын тойрог” булангийнхаа энэ удаагийн зочноор Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач, нэрт найруулагч, жүжигчин Нацагдоржийн Пүрэвдоржийг урьсан юм. Түүний тухай энэхүү хөрөг нийтлэлийг бичих гэж ном, бичиг сөхөж, материал цуглуулах явцад энэ хүн театр хэмээх ариухан асарт байр суудлаа засч нэг насны амьдралаа бүрэн зориулж яваа хүний нэг гэдэг нь анзаарагдсан юм.

Тэр Анагаах ухааны дунд сургууль төгсгөсөн хэдий ч урлагт багаасаа шунан дурлагч нэгэн байсан учраас нэг томоохон театрт дагалдан жүжигчин болсноос эхлээд кино драмын сургуульд суралцаж театрын тайз, дэлгэцийн хугацаагүй албаны цэрэг болсон хүн л дээ.

Даангүй хөдөөний гэгдэх “Саранхөхөө” театрын сүүлийн жилүүдийн уранбүтээлийн замналыг Н.Пүрэвдоржоос салгахын аргагүй санагдах. Энэ хүн 1990-ээд оны эхээр ганц чемоданаас өөр хөрөнгөгүй “амьтан” эх орны халуун говийн дулаан өлгий-Дорноговь аймагт очсноосоо хойш “Саранхөхөө” театрын ерөнхий найруулагч, театрын даргын албыг ээлжгүй шахам хашсан байдаг юм билээ.

Тэндээ лав гучин хэдэн хаврын цэцэг ногоо дэлгэрэхийг харсан, гучин хэдэн намар шаргалтан хагдрахыг үзсэн гэдэг нь хүний насны ахархан мөчлөгтэй дүйж бодоход амьдрахуйн бага биш хугацаа л даа. Н.Пүрэвдоржийн урлагт зүтгэсэн амьдрал дандаа булаг шиг ундрагатай явсан шиг байгаа юм. Найруулагч эрхмийн тухай нэлээдийг сонсож мэдэж байхад хамгийн гол гавьяа нь юу байсан юм бэ гэвэл  Монголын театрын урлагийн түүхийг 100 гаруй жилээр уртасгасан явдал. Яаж гэвэл үү. Монголын урлаг, соёлын түүхийн анхны үрийг таригч Говийн ноён хутагт сод билгэтэн, яруу найрагч Дулдуйтын Равжаа 1830-аад онд “Саранхөхөөний намтар” шүлэглэсэн романыг бичиж, дараа нь жүжиг болгон түмэнд толилуулж байсан гэдэг. Тэгвэл найруулагч Н.Пүрэвдорж “Саранхөхөө” дуулалт жүжгийг нь энэ цаг үед сэргээн тоглуулснаар манай театр урлагийн түүх 1930-аад он ч биш бүр эрт юм шүү гэдгийг нотолсон юм.

Уг жүжгийг 1919 онд Монголд хамгийн сүүлчийн удаа амьдруулсан гэдэг баримт бол шинэхэн түүх  л дээ. Н.Пүрэвдорж манай театр бол аймгууд дундаа хамгийн том нь гэж хэлсэн удаа бий. Үүний нь төлөө маргах хүн байх л биз. Юун Дорноговийн театр том гэж. Цаана чинь удаан жилийн зузаан түүхтэй Дорнод, Ховдын театрууд байна гэх нь мэдээж. Тэгвэл Н.Пүрэвдоржийн үгэнд бас санаа бий. Юуны өмнө Данзанравжаа гэдэг суутай хүний цуутай бүтээлээр нэрлэгдсэн нь содон. Цаашилбал, Монголын театрын урлагийн түүх гэхээр Хамрын хийд гэдэг говийн тэр ариун дагшин газар “Саранхөхөө” дуулалт жүжгийг бүр тэртээ онд тоглуулж байснаас эхлэн ярьдаг. Өнөөгийн соёл, урлагийнхан, алдартнууд тэнд театрынхаа буйрыг эргэе гэж очоод “Үлэмжийн чанар” алдартай дууг дуулцгаан оюун бодол, авьяасаа сэлбэдэг шүү дээ.

Н.Пүрэвдорж хорвоогийн амьдралын алдаа оноо, жаргал зовлон дундуур туучиж явахад бурхан надад энэ сайхан ханийг минь учруулсан юм гэж ярьсан. Зураг дээр эхнэр Р.Амарсайханы хамт.

Тиймээс Н.Пүрэвдоржийн хэлснийг зүгээр нэг сэтгэлийн хөөрөл гэж бодох учиргүй гэж бодогдох юмаа. Тэгвэл Н.Пүрэвдорж найруулагчийн үүргээ лавхан биелүүлсэн төдий биш “Саранхөхөө” жүжгийн тухай онцлон судалж “Их урлагийн сүлд Саранхөхөө донгодно” нэртэй судалгааны нномоо хэвлүүлж үүгээрээ урлаг судлалын ухааны магистр болжээ. Удирдлагын академийг бас дүүргэсэн юм. Хөдөөгийн театрын үйл ажлын онцлог түүнийг төвийн театр, урлагийн байгууллагын зиндаанд ойртуулах талаар ихийг хийсэн хүн. Томоохон зохиолчдоос Б.Лхагвасүрэн, Д.Урианхай, Д.Норов нар, нэрт найруулагч ардын жүжигчин Б.Мөнхдорж, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг болон Э.Санчигдан зэрэг хүмүүстэй хамтран ажиллаж цаашлаад төвөөс нэртэй томоохон жүжигчдийг театртаа урьж уран бүтээлдээ оролцуулах зэрэг шинэлэг ажил хийж иржээ.

Иймээс 1990-ээд оны эхээр хөдөөгийн театрууд зарим нь хаалгаа барьж байсан үед эднийх зах зээлийн шуурганд өртсөн ч босоо үлдсэн байдаг.

Энэ тухай ярихаар Н.Пүрэвдорж “Тэр бол зөвхөн миний гавьяа биш л дээ. Тухайн үед тус аймгийн дарга байсан зохиолч Л.Одончимэд мэтийн хүмүүс, урлагтаа үнэнч хамт олны минь хичээл зүтгэлийн үр дүн юм шүү” гэж хэлнэ лээ.

Ер нь Н.Пүрэвдорж гэдэг нэгэн бодьгалийн хувьд хэтэрхий энгийн мэт боловч урлагийн төлөө омголондуу зангаар байнга сэтгэл санаагаа чилээж явдаг нэгэн. Урлагийн салбарт орсон түүндээ сэтгэл зүрхээ зориулсан хүн өөрийн амьдралыг ямар нэг талаар золиослодог гэдэг. Энэ нь Пүрэвдоржийн хувийн амьдралыг тойроогүй юм билээ. Ганцхан сайн охин хүүтэйдээ газардаагүй явж дээ. Харин сүүлд хоёр дахь амьдралаа зохиож сайн ханьтай болсноор одоо элэг бүтэн сайхан яваагаа тэр хэлж байна лээ.

Н.Пүрэвдоржийг харахаар аавыг нь харах шиг болдог. Нэг намуун дөлгөөн царай, тэр бадриун хүнээс гарахгүй цовоо дууг нь сонсоход л. Аав П.Нацагдоржийг нь энэ хөргийг тэрлэгч би хонхорынх нь юм болохоор андахгүй ээ. Их хээнцэрдүү эр, ярих нь энгийн мөртлөө жаахан намжирдуу юм шиг тийм хүн байж билээ. Пүрэвдоржтой уужуухан хуучлах юм бол аавынх нь тэр чанар гараад ирэм санагддаг.

Манай нутгийнхны өвөг дээдээс маань ихийн хонхороос өсч өндийсөн угаас боржгиныхон. Бүгдээрээ удмаа дагасан номтой бол номтой, авьяастай бол авьяастай ард түмэн.  Тэр дундаас дэлхийд нэртэй, алдарт дууч Намжилын Норовбанзад төрсөн юм шүү гэхэд хүн болгон сортосхийдэг дээ. Энэ бол бахархал. Тэгэхлээр их урлагийн тэнгэрнээ авьяас чадвараараа гялалзаж яваа хойч үеийнхний нэгэн төлөөлөл нь бяцхан хөргийн маань эзэн Нацагдоржийн Пүрэвдорж гэдэг эрхмийн урлагийн хэзээ ч дундрашгүй их далайд цуцашгүй сэлж, урлаж бүтээж явааг магтан дуулмаараа.

 

ХИЙХ БҮТЭЭХ ХҮСЭЛТЭЙ БАГА ЗАЛУУ НАС

Театрын үеийн эрхэм шагнал “Гэгээн муза” хүртэх үе.

Н.Пүрэвдоржийн бага насны тухай ярих юм бол тун ихийг хэлмээр. Түүний намтрын нэгэн бичээс миний өмнө байна. Уншвал XVII 1960 он төмөр хулгана жилийн хаврын дунд сарын шинэдээр нэгэн нүүдлийн хөсөг Дэрэн сумын нутаг зүүн шорнойн Цагаан нуурын хойд дэнжид ирж буусан нь Түмэн тайжийн удам Нацагдоржийнх байж. Энэ үед Н.Пүрэвдорж эхээс мэндэлж нутгийн нэг буянтан “шар” Цэнд гуай нэр хайрласан тухай байх юм билээ. Түүний бага насны тухай өгүүлэхийн өмнө аавынх нь амьдралын түүхийг товчхон сөхье. Пэлийн Нацагдорж гэдэг хүний амьдрал эхэндээ ихээхэн дориг донсолгоотой юм л даа. 1930-ад оны эхээр тэр цэрэгт мордож зүгээр л нэг цэрэг явж. Гэтэл тухайн үеийн хэлмэгдлийн хар шуурганд өртөж. Буруу хөдөлж, илүү үг хэлээгүй байтал хувьсгалын эсэргүү японы тагнуул гэж 20 гаруй цэрэгт хүчээр ял тулгахад П.Нацагдорж хамрагдаж шүүхээс ялын дээд хэмжээ сонсож явсан гэдэг. Тэгээд амь хэлтэрч 10 жил “аавынд” байсан хүн. Ямар ч гэм зэмгүй байсны учир сүүлд цагаатгагдсан юм билээ.

Ер нь бол миний мэдэхээр айл гэрийн амин сүнс болсон сайхан хүн байлаа тэр. Манайх тэднийхтэй голдуу айл саахалт байдагсан. Түүний ах Жигмэддорж, “эхнэр” хэмээх Ёндон. Пэл гээд л архайсан эрчүүд байх. Пэл гуайн дүр төрх бүр содон. Өвдгөө дарж алхдаг (хөл муутай хүн л дээ)  дандаа тас тас инээж явдаг сайхан зантай нэгэн байсан. Энэ ахаараа овогложээ. Нацагдорж гуай ясны малч тэр дотор адуу гэхээр амиа тавьдаг хүн байв. Түүнтэй дөрөө нийлэн хурдан хүлгийн уяан дээр морь ярьж жаргалаа эдэлж явсан Д.Самбуу, Д.Осорням, Гарамханд гээд уяачид байв даа.  Д.Нацагдорж гэж дүрэлзсэн алаг нүдтэй том шүдээ гялалзуулан ярьдаг зузаан бор хүн. Цагтаа хээнцэр эрийн тоонд ордог байсан байлгүй. Торго дурдангаар гоёно. Хэзээ л бол урт цагаан гаансаараа бусадтай тамхилж адуу мал л ярих.

Харин залуугаасаа ардаг догшин адуу малтай ноцолдсон (аавынд байхдаа ч засангийн агтчин байсан) болохоор хөл нь жаахан муудаж бие томтойн учир нүүж яваа юм шиг л явдаг. Манай говийнхон шооч юм чинь. “Бартаг Нацгаа” гэх. Үүнд нь Н.Пүрэвдорж их дургүй. Аргагүй шүү дээ. Аавыгаа “ажаа” гэж нэрийддэг хамгийн хайртай хүү нь юм чинь. Ер нь хэний ч үр аавдаа хир халдаадаггүй л дээ. Пүрэвдоржийн ижийг Б.Цэрэндолгор гэдэг. Одоо 90 гаруй насыг зооглосон сайхан буурал бий. Бас л малч удмын хүн. Онцлог нь дээл хувцас дэндүү сайхан хийнэ. Үүгээрээ хонхортоо үйлчин гэгддэг байв. Ингээд л зочин Н.Пүрэвдоржийг ярихынхаа өмнө аав, ижийгийнх нь тухайд жаахан хадуурав даа. Гэхдээ найруулагч Н.Пүрэвдорж гэдэг хүний тухай тодруулахад удам судар, нутаг усыг нь дурдах нь илүүц биш биз.

Түүнийг багад эднийх Дэрэн сумын хоёрдугаар баг, сүүлд Алаг өндөр бригадынхан гэж байв. Тэндхийн айлууд урд тал нь Гурвангашуун, Алаг, баруун, зүүн Шорной, Шаргалын сүүж Гашуун хар, Могойтын аман ус гээд хойд тал нь Дэрэн гэж нутаглах. Тэдний миенгийн айлууд тэр л нутгуудаас бараг гарахгүй л дээ. Н.Пүрэвдорж сургуульд байхаасаа л аавыгаа дагаж адуу, морь гэхээр нүд нь сэргэж өссөн. Тэднийх хурдтай ч. Аймаг, сумандаа айраг түрүүнд л гэж яригддаг хээр азарга, бас нэг шар хээр морь гээд хурдуудтай жил бүр уяа нь дүүрэн байх. Аавтайгаа цуг уяан дээр өдрийг өнгөрөөх нь Н.Пүрэвдоржид таатай байлгүй яахав. Есдүгээр ангид байхдаа гэл үү дээ. Н.Пүрэвдорж алдагдаад байсан хэдэн адуугаа олохоор мөнгөн эмээл, хазаартай морь унаж хөтөлгөө мориор гангарч зэргэлдээ Гурвансайханы нутаг руу эрэлд явж. Адуугаа олоод буцаж ирэхдээ аавынхаа урт гэгч хулсан тушуурыг гээчихээд ирж байснаа, аав нь ер загнаагүйг дурсдаг юм билээ. Тэгсэн дунд сургуулиа төгсөөд урлагийн талын сургуульд орох хүсэлтэй байсан ч хуваарь олдоогүй учир Анагаах ухааны дунд сургуульд орж лаборант гэдэг мэргэжил эзэмшжээ. Тэгээд Цусны станцад мэргэжлээрээ багахан хугацаанд ажилласан товчхон намтар бий.

 

ТЕАТРЫН ТАЙЗАН ДЭЭР АМЬДАРСАН ЖИЛҮҮД

 

Ардын жүжигчин Гэндэн гуай Н.Пүрэвдоржийг баргилдуу хоолойгоор аятайхан дуулдаг, бас бүжиглэдгийг нь мэдэх болохоор нэг удаа таарахдаа “Хүүхэд залуучуудын театр жүжигчин элсүүлж байгаа. Чи очиж шалгуулахгүй юу” гэж. Энэ үг ёстой л загатнасан газар нь маажих мэт  санагдаж. Гэр орныхон нь таашаагаагүй ч тэр очоод шалгуултал тэнцчихэж. Ингээд лаборант залуу жүжигчин болдог юм. Анхны роль нь А.Очирбатын зохиол И.Нямгаваагийн найруулсан “Тэмдэгтэй хүн” жүжгийн эвлэлийн үүрийн даргад тоглож. Тэр үед уг театрт С.Гэндэн, А.Очирбат, Л.Лхасүрэн, З.Галсанданзан гээд мундгууд байсан нь түшигтэй нь аргагүй санагдсан гэдэг. Шинэ, шинэ жүжигт тоглох, хөдөө бригадаар явах бүр сайхан л байлаа. Гэтэл тун удалгүй Багшийн дээдийн кино драмын ангид оюутан элсүүлэхэд мөн л шалгуулаад тэнцэж дээ. Тэгээд “Говийн зэрэглээ” киноны Арслангаар овоглогддог найруулагч Г.Доржсамбуугийн гарын шавь болов. Эндээс өнөөгийн найруулагч, жүжигчин, урлаг судлаач Н.Пүрэвдоржийн урлагийн амьдралын зам бүр шулуудсан юм билээ. Дорноговь аймгийн Соёлын хэлтсээр нь дамжаад тун удалгүй “Саранхөхөө” театрт очиж найруулагч, театрын даргаар 30 гаруй жил ажиллав. Энэ хугацаанд юу хийснийг нь хөргийн эхэнд товчхон дурдсан л даа. Харин ямар, ямар бүтээл хийж тэр нь үзэгч түмний сонирхолд хэр хүрэв. Соёл, урлагийн бурхад гэхээр хүмүүс юу гэж дүгнэж байсан тухай нэмж хэлэх нь зөв болов уу. Н.Пүрэвдорж өөрийгөө ухаантнуудын дунд өсч өндийсөн урлагийн зарц нь, театр бол үзэгч түмэнд гоо сайхны эрхэм дээд таашаал хүртээж хүний ухаан, сэтгэлийг ариусгадаг тэнгэрлэг орчин гэж боддог хэмээн ярьдаг. Түүнийг хэн нэгэн зориглон барьж авахааргүй том бүтээл Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийг хөдөөгийн театрт найруулан тавьсан нь уран бүтээлийнх нь нэг оргил гэж болно. Уг бүтээл сайн болсныг нь үзсэн соёл, урлагийн томчуул их урам хайрлажээ. Зохиолч Б.Лхагвасүрэн жүжгийн нээлтэд оролцоод “Жүжиг тун сайн болж. Миний хувьд драмын театрт жүжгээ хагасхан үзсэн бол “Саранхөхөө” театрт бүтэн үзлээ” гэж үнэлсэн байдаг.Харин нэрт найруулагч Н.Ганхуяг “Найруулагч бүн бол судлаач байх ёстой юм байна гэдгийг Н.Пүрэвдорж харууллаа. Энэ нь “Саранхөхөө” жүжгийн найруулгын дэг горимыг баримталж өв бүхнийг нь ухаж гаргаж тавьснаар харагдлаа” гэж хэлсэн бий.

Тэдгээр үнэлгээ нь сайн байна гэж эрхий хуруу гозойлгоод өнгөрөхтэй адил юм биш. Үг бүхэн нь Пүрэвдоржийн мэргэжлийн ур чадвар сайн байгааг хэлсэн хэрэг байлаа. Тэр жүжигчин хүний жаргал, зовлонг сайн мэднэ, жүжигчдээ их харж үзнэ. Бас жүжигчин гэж хэн бэ. Тэгвэл найруулагч гэж түүнтэй адилгүй шат ахьсан ажилтай хүн гэдгийг сайн ойлгодог юм. Тэгэхлээр жүжигчин нь найруулагчийн дохио зангаагаар ажилладаг гүйцэтгэх ажилтан бол найруулагчийг зохион бүтээгч гэж болом. Энэ нь өөр мэргэжилтэй дүйж үзвэл инженер гэмээр юмсан уу. За тэгээд жүжигт тоглоно гэж ярих нь өнгөц хэллэг, харин дүр бүтээнэ гэвэл зохино гэж Н.Пүрэвдорж хэлнэлээ. Тэр “Саранхөхөө” театрын ноён нуруу болж явсан он жилүүддээ  40 шахам жүжиг, 10 гаруй хошин шог хөтөлбөр “Цадиг оршсон аялгуу” тэргүүтэй олон концертыг найруулан олны хүртээл болгосон байдаг. Мөн Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, “Хоосон зүүд”, Д.Урианхайн “Төрөхөөс өмнө үхэхээс хойно”, Х.Цэрэндоржийн “Гудайгаагүй тэргүүн”, “Гэрлийн сүүдэр”, Д.Норовын “Хүйтэн цуст”, Ч.Ойдовын “Алиа Тогмид”, Д.Намсрайн “Хайрын вальс” гээд олон жүжиг найруулснаас цөөнийг нь энд нэрлэв. Тэгвэл 1997 онд Х.Шонхорын зохиол “Номын цагаан адис”, 1999 онд Х.Цэрэндоржийн зохиол “Гэгээн домог” жүжгээр Монголын театр урлагийн дээд шагнал “Гэгээн муза” цом хүртсэн юм. Н.Пүрэвдоржийн нэг онцлог нь сайн найруулагч, сайн жүжигчин төрүүлдэг гэдэгтэй дүйж байгаа гэж болно.

“Босго тотго” киноны хошууч Насангэрэлийн дүрд.

Тийм бол “Саранхөхөө” театрт олон сайн жүжигчинтэй болсон байх л даа. Бас нэгийг хэлэхэд мэргэжлийн жүжигчин төдийгүй сайн найруулагчийн хувьд Н.Пүрэвдорж сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээлд хүчээ сорих болсон юм. Нэрт зохиолч Д.Норовын зохиол “Босго тотго” кинонд хошууч Насангэрэлийн дүр бүтээснийг хүн бүхэн үзсэн. Гүндүүгүй сайхан сэтгэлтэй, эх оронч цэргийн даргын дүрийг тун чадмаг амилуулсан. Тэгвэл Монголын Ардын хувьсгалын эхэн үеийг харуулсан “Долоон бурхан харавдаггүй” гэдэг түүхэн кинонд анхны долоогийн нэг Лосолын дүрээр шилдэг эх оронч хүний мөн чанарыг гаргасан байгаа. Тэгтэл зурагтын “Ус дээшээ урсдаг” нэртэй олон ангит кинонд хамба ламд хувирчихсан харагдсан. Бас Цагдаагийн амьдралын тухай нэг кинонд бүтээсэн Соривт гэдэг зэвүүн дүр бий. Сайн жүжигчин хүн эсрэг болон сайн талын аль ч дүрийг бүтээж чаддагийг энд харуулсан байх. Дэлгэцийн алдартан Дамчааг “Төөрсөөр төрөлдөө” киноны Молом Зангид, Дуурийн дуучин байсан Готовыг “Ардын элч”-ийн Дүлзэнд тоглосноор нь өширхсөн хүүхдүүд чулуугаар шидсэн тухай яриа байдаг даа. Тэгвэл тэр Соривтын дүрийг үзсэн хүн Н.Пүрэвдоржтой таарсан бол нүүр лүү нь шороо цацаж магадгүй л санагддаг юм. Иймийг санаваас их урлагийн тэнгэр “Янжинлхам бурхан авьяас чадварын дээдийг харамгүй хайрлажээ гэж бодогдох. Тэр одоо чөлөө уран бүтээлч. Гэвч урлагийн төлөө байнга сэтгэл оюунаа чилээж явна. Одоо гэхэд өөрийн аймаг Дундговийн “Төв халхын дуулалт жүжгийн театрынханы уран бүтээлд туслаж театрын ёс зүй, жүжигчний ур чадварын талаар лекц уншиж жүжигчдийг чадваржуулах ажлаа үргэлжлүүлж байна. Үнэндээ урлагийн мөн чанарыг бүр дотроос нь танихыг хичээн таньж мэдсэнээ урлан бүтээх, бусдыг сургахад бие сэтгэлээрээ зүтгэж яваа энэ эрхмийн тухай чадан яадан бичвэрлэвэй. Н.Пүрэвдоржийн урлагийн мэргэжлийн төрөл бүрт хүрч жүжигчнээс эхлээд найруулагч дарга гээд алба бүхнийг нь хашсан амьдралынх нь замнал энэ бие нь насны чээжинд очсон ч эрч хүч нь саарах яагаачгүй улам цэцэглэн ухааны цараа, бүтээх үйлс нь тэлсээр явааг товчхон зураглахад ийм л ажгуу. Насаараа шахам театрын алтан тайзыг хөглөж байсныхаа төлөөнөө Монгол Улсын урлагийнгавьяат зүтгэлтэн болсон авьяаслаг нөхөртөө нэр хүндээ өндөрт өргөж уран бүтээлдээ улам ихийг хийж бүтээхийн ерөөлийг дээш дээш нь өргөн барьюу.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин төрийн шагналт XX зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит Төв Халхын Дуулалт Жүжгийн театрт найруулагч Н.Пүрэвдорж гэрээгээр ажиллаж “Театрын ёс зүй” сэдвийн хүрээнд лекц уншиж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.1.11 ДАВАА № 6, 7 (6483, 6484)