Т.САЙХАН

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 109 жилийн ойг тохиолдуулж Батлан хамгаалах салбарын зарим алба хаагчид, тэтгэвэр, чөлөөнд байгаа ахмад дайчдад орон сууцны батламж гардуулжээ. Тодруулбал, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга асан, бэлтгэл дэслэгч генерал Ц.Бямбажав, ҮБХИС-ийн багш асан, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав, А.Гэлэгжамц, Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга,  гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Одончимэг, Зэвсэгт хүчний 026 дугаар ангийн жолооч асан, гавьяат тээвэрчин Б.Хандаа, гавьяат дасгалжуулагч Б.Хосбаяр, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, хошууч О.Гүндэгмаа, гавьяат тамирчин Г.Мандахнаран, гавьяат тамирчин, ахлах дэслэгч Д.Цэрэнханд зэрэг 21 хүнд Батлан хамгаалахын сайдын тушаалаар байгууллагын мэдлийн орон сууцыг нэн хөнгөлөлттэй үнээр хувьчлахаар болжээ. Орон сууц нэн хөнгөлттэй үнээр авахаар болсон тамирчид нь бүгд "Алдар" спорт хорооны тамирчид юм.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр батламж гардуулах үеэрээ “Миний бие Батлан хамгаалахын сайдаар томилогдсоноос хойш салбарынхаа генерал, офицер, ахлагч, ажилтан, албан хаагчид, ахмад дайчдынхаа нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, ажиллаж амьдрах ая тухтай орчин, нөхцөлийг бүрдүүлэх талаар багагүй ажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын түвшинд шийдвэрлэгдсэн Орон сууц хувьчлах тухай 56 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж байгууллагын мэдлийн 592 орон сууцыг оршин суугчдад нь үнэгүй болон нэн хөнгөлөлттэй үнээр хувьчлах асуудлыг шийдлээ" гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn