Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин 2021 оны эхний дугаартаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааг онцолсон. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймаг, нийслэлийг удирдах эрх өвөртөлсөн эрхмүүд ирэх дөрвөн жилийн хөгжлөө хэрхэн харж, төлөвлөж буйг  хүргэсэн билээ.   Тэгвэл www.polit.mn Засаг дарга нарын байр суурийг хүргэж байна.  

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар: Ажлын байр нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

-Уурхайчдын өлгий болсон Налайх дүүргийнхээ иргэдэд 2021 оны мэндийг хүргэж байна. Манай дүүрэг 40-өөд мянган хүн амтай. Үүний 6500 орчим нь ахмад настан, 14000 орчим нь хүүхдүүд бөгөөд 18-55 насны 20 мянган ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой иргэд байна. Үүнээс 1880 иргэн төрийн болон хувийн хэвшилд ажиллаж байна. Харин 14500 орчим ажиллах боломжтой иргэн байна гэсэн судалгаа бий. Манай МСҮТ-д бэлтгээд гаргачихсан 240 орчим мэргэжилтэн бэлэн байна. Ажлын байранд мэргэжилтэй хүн хэрэгтэй учир бид бага дунд боловсролтой иргэдийг Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтэс, МСҮТ-тэй хамтран мэргэшүүлэхээр бэлдэж байгаа. Үүнд үсчин, тогооч, засварчин, операторчин гэх мэт 18 төрөлд хүмүүсээ бэлтгэхээр бэлтгэлээ хангасан. Ингээд бэлэн байгаа мэргэжилтэн болон бэлдэж байгаа мэргэжилтэн гээд 600 орчим хүн шахмал түлшний үйлдвэрт ажиллахаар тооцоолол байна. 
Манай уурхайчид амьдралын эрхээр бүрэн дунд сургуулиа төгсөөд шууд уурхайд ажиллачихсан байдаг. Энэ хүмүүсээ мөн сургалтад хамруулаад мэргэжилтэй болгож ажлын байраар хангагдах боломжийг бүрдүүлж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2021.1.4 ДАВАА № 1 (6478)