С.САРУУЛ

УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүх өнөөдөр /2021.01.08/ хэлэлцэнэ.  Ж.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан долдугаар сарын 6-ны өдөр болж түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон. Шүүхээс Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, зургаан жил хорих ял,  Д.Түвшинжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, таван жил хорих ялаар, Д.Ганбатыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хорих ял тус тус оногдуулсан юм. Улмаар Ж.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал есдүгээр сарын 15-ны өдөр  болж, шүүхээс Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж, Д.Түвшинжаргал, Д.Ганбат нарт оногдуулсан ялд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн юм.

Н.Номтойбаярт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж таван жил таван сар хорих ял оноосон байдаг. Түүнийг ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн нэгж төслийн төсөв өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан зэргээр гэм буруутайд тооцсон байдаг.

Эх сурвалж: www.polit.mn