Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэн нэглүгээр сарын 06-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Сид Баррет 1946 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр Их Британийн домогт Pink Floyd хамтлагийн үүсгэн байгуулагч, удирдагч байсан юм. Английн рок хамтлаг Pink Floyd анх 1965 онд Лондонд байгуулагджээ. Тус хамтлаг рок-н-ролл хөгжмийн ертөнцөд сэтгэл зүйн буюу “Огторгуйн рок” гэж нэрлэгддэг. Уран бүтээлийн хувьд  шинэлэг хэв маягтай, гүн ухааны өнгө аястай, уран сэтгэмжит дууны үг, хөгжмийн зэмсгээр илэрхийлэх ид шидийн гэмээр аялгуу, өргөтгөсөн найруулга болон төгс зохиомж, амьд шоу тоглолтын өвөрмөц арга барилтай хамтлаг байв. Энэ нь тус хамтлагийг поп хөгжмийн түүхэн дэх хамгийн алдартай хамгийн амжилттай, нөлөө бүхий хамтлаг болоход ихээхэн нөлөөлсөн байна. Тус хамтлагийг үүсгэн байгуулагчид нь Лондонгийн Политехникумын оюутнууд болох Сид Барретт, Ник Мэсон, Рожер Уотерс болон Ричард Райт нар байлаа. 1965 оны сүүлчээр Сид Барретт өөрийн цуглуулганд байсан Америкийн блюз хөгжимчин Пинк Андерсон, Флойд Консил нарын нэрний нийлбэрээс ургуулан хамтлагийн нэрийг өгөх санаа гаргажээ.1960 оны сүүлээр Лондонгийн андерграунд буюу хиппичүүдийн сэтгэлгээнд тулгуурласан рок урсгалын тавцанд тэдний алдар нэр хүчтэй түгэн цууриатах болж, Сид Барретийн удирдлага дор тус хамтлаг хоёр синглээс гадна “The Piper at the Gates of Dawn” гэх анхны цомгоо гаргажээ. 1967 оны 12-р сард Pink Floyd хамтлагийн бүрэлдэхүүнд тав дахь гишүүнээр гитарчин Дэвид Гилмор нэмэгдэн орсоноор хамтлагийн гол хөдөлгөгч хүч болсон байна. Pink Floyd тухайн үед олон топ хамтлагууд тоглолтоо толилуулдаг байсан Лондонгийн UFO клубт олныг байлдан дагуулсан тоглолтоо хийж алдар хүндийн дээд цэгт хүрсэн байна. Гайхамшигт уран бүтээлүүдээрээ ХХ зууны хөгжмийн түүхэнд хамгийн агуу байр суурийг эзэлдэг Pink Floyd хамтлагийг 1996 онд Рок-н-Роллын Алдрын Танхимд тод үсгээр бичигдсэн бол, 2005 онд Британийн Хөгжмийн Алдрын Танхимд залагджээ. 2013 оны байдлаар тус хамтлаг дэлхий даяар 250 сая гаруй бичлэг, түүний дотор АНУ-д 74,5 сая бичлэг борлуулжээ. MSNBC буюу АНУ-ын Үндэсний кабелийн сувгийн 2004 онд гаргасан "Бүх цаг үеийн Шилдэг 10 рок хамтлаг" жагсаалтад Pink Floyd хамтлаг наймдугаар байранд орсон бол Роллинг Стоун сэтгүүл "Бүх цаг үеийн хамгийн агуу 100 уран бүтээлчид" жагсаалтын 51-р байранд нэрлэгдсэн байна. 1995 онд тэд Грэммийн шилдэг “Рок хөгжмийн зэмсгийн гүйцэтгэл” шагналыг "Marooned" хөгжмийн найруулгаараа хүртэж байв. 2008 онд Шведийн хаан Карл XVI Густаф орчин үеийн хөгжимд оруулсан тэдний хувь нэмрийг үнэлж хөгжмийн “Алтан гадас” шагналыг Pink Floyd хамтлагт олгожээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1907.01.06. Италийн нийслэл Ром хотод ажилчин ангийн хүүхдүүдийг харах, сургах үүрэг бүхий анхны сургуулийг Мариа Монтесорри нээв.

1912.01.06. Нью-Мексико муж АНУ-ын 47 дахь муж улс болов.

1912.01.06. Германы геофизикч Альфред Вегенэр тивүүдийн шилжилт, хөдөлгөөний талаарх анхны санааг дэвшүүлэв.

1921.01.06. Иракийн арми эмхлэн байгуулагдав.

1929.01.06. Тереза эх Энэтхэгийн Калькутта хотод ядүү, өвчтэй хүүхдүүдийг энэрэн, асрах үйлсээ эхлүүлжээ.

1930.01.06. АНУ-ын Нью-Йорк мужийн Индианаполис хотод дизель хөдөлгүүртэй анхны автомашин замын хөдөлгөөнд оролцов.

1941.01.06. АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт алдарт "Эрх чөлөөний дөрвөн хэлбэр" илтгэлээ олон нийтэд тавив.

1946.01.06. Вьетнам улсын түүхэн дэх анхны бөгөөд сүүлийн сонгууль болов.

Эх сурвалж www.zms.mn