Гэрлийн хурдаар өсч буй биткойн мөнгө мөн үү

0
хуваалцах
317
үзсэн

Ц.БАЯР

Цар тахалтай зэрэгцээд гэрлийн хурдаар ханш нь өсч буй биткойныг жирийн иргэдээс эхлүүлээд улс орны төрийн тэргүүн нарын анхаарлыг эрхгүй татаж байна. Биткойны ханш энэ сарын 3-нд  анх удаа 30 мянган ам.доллараас давж 33 мянгад хүрээд байгаа. Тодруулбал, энэ өдөр “ CoinDesk” арилжааны үеэр цахим мөнгө биткойны ханш өмнөх өдрөөс 9.8 хувиар өсч, 32.054 ам.долларт хүрсэн түүхэн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ. Арилжаа хаагдах үед дээрх криповалют 32338 ам.доллараар зарагдаж байв. 
2020 онд биткойны  ханш 300 гаруй хувийн өсөлттэй байсан юм. Ердөө хоёр долоо хоногийн өмнө 20 ам.долларын босгыг анх удаагаа давсан бол тэр үеэс хойш 50 гаруй хувиар өссөн нь энэ юм.
Томоохон банк, санхүүгийн байгууллагууд биткойныг цаашдаа “дижитал алт” болно гэсэн төсөөлөлтэйгөөр худалдаж авах болсон нь ийнхүү үнийг нь хөөргөж байгаа аж. Тиймээс цахим орчинд линк хаяг илгээж мөнгөө өсгөх тухай мэдээлэл түгэж байна. Тэгвэл биткойныг бэлэн мөнгө гэж үзэж болох уу. 
Энэ тухай эдийн засагч Ц.Гантиг “Биткойн буюу криптовалютыг хэдийгээр “электрон мөнгө” гэж нэрлэж байгаа ч яг үнэндээ мөнгө гэж нэрлэх хэцүү. Учир нь эдийн засагт юуг мөнгө гэх вэ гэдэг тодорхойлолтыг одоохондоо бүрэн хангаж чадахгүй байгаа. Нэг ийм жишээгээр тайлбарлая. Хүн төрөлхтний түүхийг эргээд харахаар янз бүрийн л зүйлс мөнгөтэй төстэй зорилгоор тѳлбѳр тооцоонд хэрэглэгдэж ирсэн байдаг. Зарим оронд халуун ногоо, будаа, давсаар хүртэл төлбөр тооцоо гүйцэтгэж байсан тохиолдол бий. Монголд малчин айл ѳрхүүд одоо ч хониор төлбөр хийх тохиолдол байдаг шүү дээ. Гэхдээ тэглээ гээд эдгээр зүйлийг яг мөнгө гэх үү гэдэг эргэлзээтэй. Ер нь ийм гурван гол шаардлагыг хангасан зүйлийг орчин үед бид мөнгө гэж нэрлээд байгаа. Нэгдүгээрт, аливаа зүйлийн үнийг хэмжих нэгж байж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудал. 
Хоёрдугаарт, чөлөөтэй хөрвөх төлбөр тооцооны хэрэгсэл байж чадах уу, үгүй юу гэдэг асуудал. Гуравдугаарт, үнэ цэнээ удаан хугацаанд тогтвортой хадгалж чадаж байна уу гэдэг асуудал юм. Харин криптовалютуудын хувьд жишээ нь мөнгөн тэмдэгт шиг дуртай дэлгүүртээ ороод юм худалдаж авч чадахгүйн зэрэгцээ үнэ нь байнга савлагаатай, тогтворгүй гэдэг утгаараа ѳнѳѳдѳр мөнгөний үүргийг гүйцэтгэж чадахгүй байна гэж хэлж болох юм” гэв. 

 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2021.1.6 ЛХАГВА № 3 (6480)