Х.ОЮУНБОЛД

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Л.Батцэнгэл “Өндгөн толгойт” хэмээх номоо уншигчиддаа өргөн барилаа. Тусгаар тогтнолоо зарласан өдөр хэвлэгдэн гарсан номонд Монгол Улсын баатар Б.Бадамын дурсгалд зориулсан “Чинжаалын нууц” түүхэн туурь болон өгүүллэг, уянгын эссэ, бичил жүжиг, элегий, эмгэнэлт хүүрнэл бүтээл багтжээ. Тэрээр жижигхэн  ч гэсэн жин дарж нэгийг бодогдуулах шинэ номынх нь нэр “Өндгөн толгойт” өгүүллэгийнхээ санааг хадмынх нь талын Омбон эмээгийн ярьж өгсөн түүхээс олсноо 20 жил цээжиндээ баринтаглан цаасан дээр буулгаж уншигчиддаа хүргэсэн нь энэ аж. Мөн өгүүллэгт гардаг өндгөн толгойтын Дондол гэж эмээ уулга алдан зэмлэдэг алагдаахайн дүрийг бодит амьдралаас ургуулан бичжээ. Тэрээр хөдөө багшийндаа очиж уран зохиолын талаар ярьж суух үеэр лааны гэрэлд үсрэн гарч ирсэн тэжээвэр алагдаахайнаас цочсоноо энэ өгүүллэгтээ багтаасан гэнэ. Түүнээс гадна эцэг эхийн хийсэн үйлийн үр хүүхдийнх нь толгойд тусдгийг ээжийгээ асрахын оронд зарцалж, хээр хөдөө амьдаар нь шахуу оршуулсан Хүнбишид гэм согогтой өндөг шиг толгойтой хүүхдүүд заяасныг зохиолч дүрслэн үзүүлжээ. Сэтгүүл зүй, яруу найргийн олон бүтээлээ туурвисан яруу найрагч, сэтгүүлч Л.Батцэнгэл одоо МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Ц.Доржсэмбэ андынхаа “Цас, бороо” хэмээх түүврийг хэвлэлтэд шилжүүлээд байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.4 ДАВАА № 1 (6478)