ДЭМБ: COVID-19-ийн эсрэг "Pfizer" вакцинд зөвшөөрөл олголоо

0
хуваалцах
473
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Их Британи, АНУ, ОХУ тэргүүтэй хэд хэдэн орон өөрийн улсдаа вакцинжуулалтыг эхлүүлсэн ч ДЭМБ аль ч вакциныг хүлээн зөвшөөрөөгүй байсан билээ. Тэгвэл АНУ болон Германы хамтран үйлдвэрлэсэн COVID-19-ийн эсрэг “Pfizer” вакцинд яаралтай ашиглах зөвшөөрөл олгож буйгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага цахим хуудсаараа дамжуулан өчигдөр зарлажээ. Ингэснээр НҮБ-ын Хүүхдийн сан, Пан-Америкийн эрүүл мэндийн байгууллага “Pfizer” вакциныг шаардлагатай улсад нь нийлүүлэх боломжтой болж байна.

 Энэ талаар ДЭМБ-ын Эм,эрүүл мэндийн бүтээгдэхүүний хүртээмжийн газрын ерөнхий захирлын туслах, доктор Мариангела Симао “Энэ нь дэлхий нийтийн вакцины хүртээмжийг сайжруулахад маш чухал алхам боллоо. Гэхдээ вакциныг тахалд хамгийн их өртсөн улсын хүн амд хангалттай хүрэлцэхүйц хэмжээнд байлгахад бид илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай. ДЭМБ болон бидний хамтран ажилладаг байгууллага бусад вакцины үр нөлөө болон аюулгүй байдлыг үнэлэх ажлыг өдөр бүр зохион байгуулж байгаа. Дэлхийн бүх орныг цар тахлыг зогсоох шаардлагатай зүйлсээр хангах нь чухал” гэж ярилаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэмтэд Pfizer/BioNTech компанийн хамтарсан вакциныг судалж үзээд COVID-19 эсрэг ашиглахад үр дүнтэй, хүний биед аюулгүй, ямар нэгэн сөрөг нөлөөгүй хэмээн дүгнэжээ. ДЭМБ-ын Дархлаажуулалтын баг энэ сарын 5-нд хуралдаж, вакциныг хүн амд хэрхэн ашиглах талаарх зөвлөмжийг боловсруулах юм. Энэ вакциныг -60-аас -90 градуст хадгалах шаардлагатай байгаа нь бүх оронд нийлүүлэх боломжгүй ч ДЭМБ вакциныг бүх орнуудад боломжоороо хүргэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна. ДЭМБ-ын яаралтай тусламжийн жагсаалт нь бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах аюулгүй, үр дүнтэй, чанартай эм, вакцин болон бусад бүтээгдэхүүнийг яаралтай үед ашиглахад бэлэн байлгах зорилготой юм.

Эх сурвалж: www.who.int