Хятадын их удирдагч Мао Зэдун энэ өдөр мэндэлжээ

0
хуваалцах
322
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд арванхоёрдугаар сарын 26-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Энэ өдөр дэлхийн шилдэг удирдагчдийн нэг Мао Зэдун мэндэлсэн байна. Тэрээр 1893 оны энэ өдөр мэндэлж 1976 оны 9 дүгээр сарын 9-нд нас барсан байна. Хятадын хувьсгалч, улс төрийн онолч, коммунист Хятадын эв хамт нам удирдагч. Тэрээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг 1949 онд байгуулагдсанаас нь хойш 1976 онд нас барах хүртлээ удирдж байсан аугаа хүн юм. Түүний марксизм ленинизм, цэргийн стратегид оруулсан онолын хувь нэмэр, түүний өөрийн гэсэн коммунист бодлогыг хамтад нь өдгөө маоизм гэдэг.  

Ингээд түүний товч намтрыг та бүхэндээ хүргэж байна. Мао Зэдун тариачны хүү бөгөөд Мао хувьсгалт армид нэгдэж Манж Чин Улсыг унагахад оролцсон байна. Мао зургаан сар цэргийн алба хаагаад боловсролоо дээшлүүлэхээр цэргээс гарчээ. Бээжингийн Их сургуульд ХКН-ыг үндэслэгч Ли Дажао, Чэнь Дусю нартай танилцан, 1921 оноос тууштай марксист болсон. Тэр үеийн марксист сургаалд хувьсгалын хувь заяа хотын ажилчдын гарт байдаг гэж үздэг байсан боловч 1925 онд Мао Хятадын хувьд хувьсгалд дайчлах ёстой анги нь хотын пролетари бус харин тариачид гэж дүгнэсэн. Мао хөдөөгийн Зянси мужид байгуулагдсан Хятадын Зөвлөлт Бүгд Найрамдах Улсын дарга болж, Улаан арми нь Чан Кайшигийн Гоминьданы армийн удаа дараагийн довтолгоог няцаасан боловч сүүлдээ баруун хойд Хятад дахь аюул багатай байршил руу Их аян хийжээ. Тэнд Мао ХКН-ын өрсөлдөгчгүй удирдагч болон тодорсон байна. Партизаны дайны тактик, нутгийн ардын үндэсний үзлийг өдөөсөн уриалга, Маогийн хөдөө аж ахуйн бодлого зэрэг хүчин зүйлс Гоминьдан Нам болон Японы эсрэг тэмцэхэд цэргийн давуу тал бий болгож, тариачдаас өргөн дэмжлэг хүлээсэн юм. Маогийн хөдөө аж ахуйн марксист бодлого Зөвлөлтийн загвараас өөр байсан боловч 1949 онд коммунистууд засгийн эрхийг авахад ЗХУ шинэ тулгар улсад техникийн тусламж үзүүлэхийг зөвшөөрчээ. Гэвч Мао Их Үсрэлтийн бодлогыг хэрэгжүүлж, ЗХУ, Хятад дахь “шинэ хөрөнгөтний элемент”-үүдийг шүүмжилсэн нь ЗХУ-ыг эргэлт буцалтгүй түлхэн холдуулжээ. 1960 онд ЗХУ тусламж үзүүлэхээ зогсоосон байна. Мао Их үсрэлтийн бүтэлгүй бодлогынхоо дараа Соёлын хувьсгал өрнүүлсэн боловч энэ нь мөн л маш уршигтай алдаанд тооцогджээ. Маог нас барсны дараа Дэн Сяопин нийгэм эдийн засгийн шинэчлэл хэрэгжүүлж эхэлсэн. Мао өнөөдрийг хүртэл сайн муугийн аль алинаар хэлэгддэг зүтгэлтэн хэвээр байгаа бөгөөд сайн муугийн аль алинаар хэлэгдэх, үргэлж хувьсан өөрчлөгдөх өвийг ардаа үлдээсэн юм нэгэн билээ. Албан ёсоор Хятадад аугаа хувьсгалч, улс төрийн стратегич, цэргийн суут ухаантан, улс үндэстнийг аврагч гэж ихэд хүндлэгддэг. Хятадын олон иргэд Мао өөрийн гарамгай мэргэн бодлогоор Хятад орныг хоцрогдсон хөдөө аж ахуйн улсаас дэлхийн зонхилох нэгэн гүрэн болгож, орчин үеийн Хятадын эдийн засаг, технологи, соёлын үндэс суурийг тавьсан гэж үздэг байна. Түүнчлэн Маог Хятадад яруу найрагч, гүн ухаантан, зөнч гэж үзэх нь олонтаа. Ялангуяа зөнч гэж үздэг нь түүнийг төрийн эрхийг барьж байх хугацаанд нь тахин шүтэж байсантай холбоотой. Маог орчин үеийн дэлхийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн зүтгэлтнүүдийн нэг гэж тооцдог бөгөөд Тайм сэтгүүлээс түүнийг XX зууны хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгт тооцжээ.

Эх сурвалж www.zms.mn