"Буриад эхнэрийн ташааны бэл, таван саваагүй, хэт хутга"

0
хуваалцах
1968
үзсэн

XX зууны үед холбогдох "Буриад эхнэрийн ташааны бэл, таван саваагүй, хэт хутга" үзмэрийг та бүхэндээ толилуулж байна.

Материал: Мөнгө, эвэр, булигаар, мод, өнгийн утас

Хэмжээ: Урт 30 см

Холбогдох он цаг: XX зуун Монгол эмэгтэйн гоёл чимэглэлийг халх, ойрад, зүүн монгол эмэгтэйчүүдийн хэмээн ерөнхийд нь ангилдаг.

Халх, дарьганга, барга эхнэрүүд толгойн боолт, чимэглэлийг хэрэглэдэг бол ойрад эмэгтэйчүүд үсээ гэзэгний гэрэнд хийж, чихэндээ чимэг /сийк/ зүүдэг онцлогтой. Нутаг нутгийн уран дархчууд ухааны, нүдний, гарын ураа шалгасан өөрийн гэсэн өнгө, төрх, дүр дүрслэл, онцлог шинжийг хадгалсан өвөрмөц хийц, загвартай, гоёмсог толгойн боолт, эхнэрийн гуу, сүйх, унжлага, хавчаар, хавчиг, бэл, даруулга, бугуйвч, сам, бөгж, ээмэг зэрэг эмэгтэйчүүдийн гоёл чимэглэлийг мөнгөөр урлаж, алтаар шарж, шүр сувд үнэт чулуугаар чимэглэн урладаг байжээ. Таван саваагүй: Эхнэрийн төдийгүй охидын гоёл чимэглэлийн нэг хэсэг бөгөөд тухайн хүний онцлогоос хамаарч ерөнхийдөө чимхүүр, хэлний хусуур, чихний ухуур, шүдний чигчлүүр, хумс цэвэрлэгч зэрэг орно. Мөн Таван саваагүй нь нэг талаасаа ариун цэврийн хэрэгсэл боловч нөгөө талаараа гоёл чимэглэлийн зүйлс болгон уран гоёмсог хээ чимэгтэйгээр урлаж иржээ. Буриад эхнэр, Мянгад охидын таван саваагүйд жижиг хэт, хутга нэмж зүүдэг байна.

Эх сурвалж: www.polit.mn