Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхийн анхны коронавирусын эсрэг вакциныг гаргаж авснаа сүр дуулиантай зарлаж байсан ОХУ дараагийн нэгэн анхдагч болох алхамаа хийлээ. Учир нь тус улс дэлхийд анх удаа COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтандаа иргэдээ хамруулж эхлээд байна. Энэ нь Их Британи иргэдээ вакцинжуулсан анхны орон болно гэдгээ зарласны дараа болсон нь тохиолдлын зүйл лав биш.

Тэд цөөн тооны хүнд туршиж үзсэнийхээ дараахан “Sputnik V” вакциныг яаралтай ашиглах зөвшөөрөл олгож буйгаа наймдугаар сард зарласан. Харин саяхан эмч, багш нар, нийгмийн ажилтнуудаа “Sputnik V” вакцин хийлгэхийг санал болгосноо Путин мэдэгдсэн.

Энэ вакцин туршилтынхаа дунд шатанд явахын сацуу вакцин тариулсан цэргийн албан хаагчдад аюулгүй гэсэн нь хараахан батлагдаагүй байна.  Гэсэн ч үйлдвэрлэлийг эхлүүлж, иргэддээ тарьж эхэлсэнд олон нийт санаа зовниж байна.

“Бүх албан тушаалтнууд вакциндаа хамрагдсан. Гэхдээ би бага зэрэг санаа зовниж байна.  Учир нь би бол хүн!. Гэхдээ хэл ам хийгээд нэмэргүй. Бид вакцин аюулгүй гэж зайлшгүй хэлэх шаардлагатай нөхцөл байдалд хүрээд байна” гэж сувилагч Оксана Константинова ярихдаа Москвагийн клиникийн эмнэлэгт маш сайн хөлдөөсөн жижигхэн шилэн савтай вакцин байсныг дурдав. Гэтэл “Sputnik V” вакциныг хамгийн багадаа -18 градуст  шингэн хэлбэрээр хадгалах ёстой. Өнөөдрийн байдлаар  100 мянга гаруй хүн  вакцинд хамрагдаад байна.

Тэд вакцинаа 95 хувийн үр дүн үзүүлсэн гэж зарласан. Гэвч энэ нь ердөө 39 сайн дурын ажилтны үр дүн юм. “Бид вакцин үр нөлөөтэй хэмээн итгэж байгаа ч зарим нэг тоонд итгэхэд  хэцүү.Дэлхийн улс орнуудаас түрүүлж вакцин гаргаж авах гэснээс өөр яарах шалтгааныг олж харахгүй байна. Эрдэмтэд, улс төрчид тэмцэж эцэст нь улс төрчид яллаа. Олон хүн энэ вакцинд итгэдэггүй. Тодорхой тоо баримтны дараа тэд бодлоо өөрчилж магадгүй” гэж вакцины клиникийн туршилтын мониторингч Светлана Завидова ярилаа.  Тэрээр цөөхөн хүнд туршсаны дараа баталгаажуулж, бүх нийтийг хамруулж эхэлсэнд санаа зовниж буйгаа мөн хэлэв.

Харин доктор Александр Румянцев “Миний хувьд “Sputnik V” вакцин аюулгүй, богино хугацаанд дархлаа тогтооно гэдэгт итгэлтэй байна” гэж ярьсан юм.  Тэрээр өөрөө есдүгээр сард вакцин тариулж, биед нь эсрэг биет үүссэн байна. Гэвч энэ эсрэг биет хэр удаан хугацаанд халдвараас сэргийлэх боломжтойг хэлэх боломжгүй гэсэн юм.

Эх сурвалж:BBC