Азарган дөш

0
хуваалцах
991
үзсэн

Монголын Үндэсний музейтэй хамтран  “Алтан сан хөмрөг”-т хадгалагдаж буй ховор дурсгалуудыг  танилцуулж байгаа билээ. Энэ удаа XVII-XVIII  зууны  үед холбогдох Өндөр гэгээн  Занабазарын  “Азарган дөш” үзмэрийг толилуулж  байна.  Үзмэрийн талаарх судалгааны  мэдээллийг  Монголын  Үндэсний  музейн эрдэм шинжилгээний  ажилтан  Ж.Наранчимэг бэлтгэсэн юм. 

Материал: алт шармал, ган

Хэмжээ: Өндөр 11 см, урт 16 см, өргөн 11 см, жин 8,650 гр

Холбогдох он цаг: Монгол оронд бурхны шашиндэлгэрсэн хожуу дэлгэрэлтийн үе буюу XVII-ХХ зууны эхэн үед бурхны шашны эд хэрэглэгдэхүүн бүтээх урлал дэлгэрэн хөгжжээ. Тухайлбал, хүрэл цутгуур, баримал, сийлбэр, торгон зургийн төрлүүд юм. Тэдгээрээс хүрэл цутгуурын урлал тэргүүлэх аястай хөгжсөн нь Өндөр гэгээн Занабазартай  салшгүй  холбоотой. Тэрээр уран баримал, цутгуурын урлагийн төрөлд өөрийн дэг суурийг  бий  болгон өвлүүлэн  үлдээсэн  бөгөөд  түүний  гайхамшигт  мутрын  бүтээлүүд нь эдүгээ Монголын сүм хийд, музей болон хувь цуглуулагч  нарт  уламжлагдан хадгалагдаж байгаа билээ.  Монголын Үндэсний музейн  XVII-XХ  зууны үеийн  Монгол орон танхимд  дархан  урлалын  гол  тулга  болох  алтан  шармал “Азарган” хэмээх ган дөш үзмэр нь үзэгчдийн хүртээл болон дэглэгдсэн  байдаг.  Энэхүү  дөш нь ган бөгөөд дөрвөн талболон хүрээ ирмэгийг алт шармал хээ угалзаар чимэглэн урласан уран гоёмсог хийцтэй.  Тухайлбал дөшний дөрвөн талд  дүрэлзэн  асаж буй гал мэт угалзарсан алт шармал цоолбор хээ,  дээд   хүрээ  ирмэгт  бурхан  шашны шүтээн урлалд  түгээмэл  дүрслэгдэх  хамар  угалз  болон  бад хээтэй. Тус дөшийг Улсын музейн дэргэдэх үзмэр худалдан авах комиссын 20 дугаар тогтоолоор  "1958 оны аравдугаар сарын 15-нд  Булган  аймгийн  Гурванбулаг  сумын III  багийн иргэн Равжираас Өндөр Гэгээний  “Азарган дөш” гэдэг маш сонин ган дөш нэг ширхэгийг 100 төгрөгөөр” худалдан авсан" хэмээн тэмдэглэсэн байна. 

Эх сурвалж: www.polit.mn