Б.ДОЛЖИНЖАВ

Бүх нийтээрээ тэмцэж буй COVID-19 эсрэг вакциныг үйлдвэрлэх зөвшөөрөл олгосон анхны орон нь Их Британи болж буйгаа лхагва гаригт зарласан. Тус улсын Засгийн газар  АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компани хамтран бүтээсэн вакцинд эхний ээлжийн иргэдээ ирэх долоо хоногт хамруулж эхлэхээр болсон юм. Их Британийн хувьд Европтоо халдварын нас баралтаараа тэргүүлж, цар тахлын улмаас их хохирол амссан улсуудын нэгт тооцогдож байна.

Вакцины талаарх шаардлагатай мэдээллүүдээ Их Британи арваннэгдүгээр сарын 23-наас цуглуулж эхэлжээ. “Миний бодлоор Их Британийн  Эм, анагаах ухааны бүтээгдэхүүнийг зохицуулах агентлаг /MHRA/ “Pfizer” компанийн вакцины үйлдвэрлэлийн талаарх мэдээллийг цуглуулсан нь давуу тал юм. Энэ нь тэднийг хурдан хөдлөхөд тус боллоо” гэж Дэлхийн эрүүл мэндийн хөтөлбөрийн мэргэжилтэн Давид Салисбури ярьжээ. Европын эмийн агентлаг мөн “Pfizer компанийн вакцины үйлдвэрлэлийн явцыг аравдугаар сарын 6-наас хянаж эхэлсэн. Энэ шалгалтаа энэ сарын 29-нд дуусгах юм.  Европын холбооны гишүүн орнуудын хувьд Европын эмийн агентлагийн дүрмийн дагуу  Европын холбоо зөвшөөрч,  Европын комисс гарын үсэг зурах  хүртэл  COVID-19 эсрэг вакциныг нэвтрүүлэх боломжгүй юм.

Их Британи эхний ээлжинд голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд, 80-аас дээш насны ахмадуудыг хамруулж эхлэх юм. Дараагийн ээлжинд 50-аас дээш насныхан болон бусад өндөр настнуудыг хамруулна. Харин Вакцин ба дархлаажуулалтын нэгдсэн хороо Их Британийн Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний ажилчдад халдварт өртөх хамгийн их эрсдэлтэй, эмзэг бүлгийн хүмүүсээ хамруулж эхлэхийг зөвлөв.  Үүнд хорт хавдартай, дархлаа систем нь муудсаны улмаас эм хэрэглэдэг,  уушгины болон бөөрний хүнд өвчтэй болон бусад эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс багтах юм.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок “Вакциныг хэр хурдан үйлдвэрлэхээс хэдэн хүнийг хамруулах нь шалтгаална. Ирэх долоо хоногоос вакцинжуулалтаа эхлүүлвэл  Зул сарын баяраас өмнө энэ сарын туршид хэдэн сая хүн хамрагдах боломжтой. Энэ вакцин вирусыг хяналтдаа авахад тусалж, хүний биед аюулгүй гэж үзэж зөвшөөрөл олгосон” хэмээн ярьсан юм. Вакциныг хэрэглэхээс өмнө  цельсийн  хасах 70 градуст хадгалах шаардлагатай. Харин эмнэлгүүдэд байдаг хөргүүрүүдэд цельсийн 2-8 градуст таваас дээш хоногоор хадгалах боломжтой гэж “Pfizer” мэдэгдсэн юм. “Pfizer” компанийн энэ вакциныг нэг хүн хоёр тунг тариулах ёстой.  

Харин АНУ-ын Эм, хүнсний хэрэг эрхлэх газрын Вакцин болон биологийн бүтээгдэхүүний зөвлөх хороо “Pfizer” компанийн туршиж буй вакциныг яаралтайгаар ашиглах зөвшөөрөл олгох талаар энэ сарын 10-нд хэлэлцэнэ. Хэрэв зөвшөөрөл олговол энэ сарын 15 гэхэд вакциныг түгээж эхлэх юм.  Үүнээс гадна “Moderna”,  “AstraZeneca” гэсэн компаниуд вакциндаа өндөр үр дүн амлаад байгаа юм.

Эх сурвалж:CNN