2020.12.04

Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо. 

“УБТЗ” ХНН-ийн ажлын хэсгээс танилцуулснаар өчигдрийн байдлаар Төмөр замын ажилтан 15.956 хүнээс 15.920 нь шинжилгээнд хамрагджээ. Хөдөө, орон нутаг руу явсан, эмчлүүлж байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хорионд байгаа зэрэг шалтгаанаар 36 хүн хамрагдаагүй байна.

Төмөр замын хэмжээнд өдөр тутмын 2203 ажлын байр, 86,121 м2 талбай, мэргэжлийн байгууллагын 80 ажлын байр, 12,982 м2 талбай, зөөврийн 145 зүтгүүр, ачааны 724, сэлгээний 147 галт тэрэг, гэрээт байгууллагаар 148 галт тэрэг, 7674 вагон, чингэлэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ.

Галт тэрэгний хөдөлгөөн саадгүй, ачаа тээвэрлэлт хэвийн байгаа бол өртөө, зангилаадад хүнсний хангалт, нөөц боломжийн байгаа аж.

Өмнөх шуурхай хурлуудаас сайдын өгсөн 145 үүрэг, даалгаврын 142 нь бүрэн биелсэн, гурав нь биелэх шатандаа байна.

УБТЗ-ын тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболд “Сүхбаатар боомтоос бусад газарт хөл хорионы дэглэм буурсантай холбоотойгоор иргэд тээшинд ачаагаа өгөх байдал эрс нэмэгдсэн. Үүнээс үүдэн долоо хоногийн сондгой тоотой өдрүүдэд тээшийн вагоныг тодорхой графикийн дагуу явуулах арга хэмжээ авч эхэлсэн” гэдгийг мэдэгдэв.

Өнөөдрийн Шуурхай бүлгийн хурыг удирдсан Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур:

-Шадар сайдаар батлуулах журмын төслийг УБТЗ яаманд яаралтай ирүүлэх,

-Улаан загалмайн нийгэмлэг болон холбогдох донор байгууллагын тусламжаар авах шаардлагатай эм, эмийн хэрэгсэл, халдваргүйжүүлэлтийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг шинэчлэн гаргаж өгөх,

-Галт тэрэгний солилцоог сайжруулах чиглэлээр зүтгүүрийн битүүмжийг сайжруурах талын арга хэмжээ авах,

-Хилийн цаанаас ирж яваа хүнсний ачааг хилээр түргэн шуурхай нэвтрүүлэх ажлыг УБТЗ анхаарч ажиллах чиглэл өглөө.

Эх сурвалж:www.polit.mn