Б.ДОЛЖИНЖАВ

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ оролцож мэдээлэл хийлээ.Тэрээр “Эцэг, эх нь хөл хорионд орсны улмаас хүүхэд гэртээ ганцаараа байх болон  эрсдэлт нөхцөлд өртсөн тухай дуудлага сүүлийн үед нэмэгдсэн. Сэлэнгэ аймагт гэхэд  148 хүүхэд хараа хяналтгүй үлдсэн. Тэдгээр хүүхдүүдэд асран хамгаалагч сонгох, хажуу айл, хөршөөр нь дамжуулж хараа хяналт тавих, шаардлагатай тохиолдолд түр хамгаалах байранд аваачих арга хэмжээ авч байна. Мөн Баянзүрх дүүрэгт амьдардаг ээж нь коронавирусын халдвар авсан хоёр хүүхэд тусгаарлах байрнаас гараад гэртээ очих гэтэл гэр рүү нь оруулаагүй тохиолдол гарлаа. Тухайн хүүхдүүдийг өчигдөр орой шинээр бий болгосон хүүхэд түр хамгаалах байранд байрлуулсан. Хүүхдүүдийг тусгаарлах байрнаас гараад гэртээ орох гэтэл байрны СӨХ болон иргэд гэрт нь оруулахгүй байсан юм байна. Гэтэл  коронавирус тусаад эмчлүүлж байгаа иргэд болон хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахгүй байх, гутаан доромжлохгүй байх ёстой талаар Цар тахалтай тэмцэх тухай хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Үүнтэй холбоотой мэдээллийг 108 утсаар бид хүлээж авч, ажиллаж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn