Т.САЙХАН

УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн 2021 оны төвөст тавьсан хоригийг хэлэлцэж байна.  Ерөнхийлөгчийн Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөх С.Ламбаа вакцинтай холбоотой  асуудлаар байр сууриа илэрхийлэв.  Тэрээр  "ЭМЯ-наас гаргасан судалгаанд вакцины нэг нэгж тунг 2-5 ам.доллароор тооцсон юм билээ. Тэгээд 50 сая ам.доллар зээлнэ гээд байгаа. Үнэн хэрэг дээрээ вакцины зарлагдсан үнэ нь 25-37 ам.доллар гэж байна. Хоёр тунгаар бодохоор хэд болох вэ. 300-400 орчим тэрбум төгрөг шаардлагатай болно. Дээр нь тээвэрлэлт нэмэгдэнэ. Маш нарийн горимоор тээвэрлэдэг. Тээврийн зардалд өндөр үнэ төлдөг.

Тийм учраас улсын төсөв дээр тодорхой хөрөнгө тусгаад аль хэдийнэ захиалгаа өгсөн байх ёстой. Төсвийн мөнгөөр олон улсын байгууллагуудаас авч байсан болохоос биш хандив тусламжаар бага л юм орж ирнэ. Бүсийн хэмжээнд тогтоогдсон хэдхэн оронд л очих байх. Төсөв дээр мөнгө суулгаад вакцин авахад анхаарах хэрэгтэй байна. 

Ер нь  вакцин цаашид жил бүр хэрэг болно. H1N1-ийн вакциныг дандаа хэрэглэж байгаа. Мутацид ороод томуугийн хэлбэрээр илэрдэг болсон. Төсөвт 20 тэрбум төгрөг тусгасан гэж байна. Тэр 20 тэрбум чинь жил бүр тусдаг мөнгө. Хүүхдийн товлолын, ханиад томуугийн, шарын зэрэг бүх вакциныг бид гаднаас авдаг. Ийм байхад төсөвт мөнгө суулгасан гээд маргаад байх шаардлагагүй. Бодит амьдралаа бодох хэрэгтэй" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn