БНСУ:Сурагчид шинж тэмдэггүй халдвар тараах вий гэхээс айж байна

0
хуваалцах
203
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Коллежид элсэгчид өгдөг үндэсний шалгалт Солонгос улсад  орон даяар эхэлсэн. Өнөөдрийн байдлаар энэ шалгалтыг ахлах сургуулийн 500 мянган сурагч өгчээ. Цар тахалтай холбогдуулан энэ жилийн шалгалтад хэд хэдэн өөрчлөлт орсон байна. Тухайлбал, сурагчид  халуунаа хэмжүүлж ороод шалгалтын туршид маск зүүх аж.

Гэтэл 3775 хүүхдэд шинжилгээ хийхэд мягмар гаригийн байдлаар 35 сурагчаас халдвар илэрч, шалгалтаа өгч чадалгүй эмнэлэгт хэвтжээ. Энэ нь ирээдүйн маш чухал сонголтоо хийх онцгой шалгалт юм. Солонгос улс халдварын гуравдугаар давлагаанд өртсөн учир ийн сурагчид халдвар авч, шалгалтаа өгч чадахгүйд хүрчээ. Түүнчлэн гуравдугаар давлагаанд залуу хүмүүс ихэвчлэн өртөж буйг Солонгосын өвчнөөс урьдчилан сэргийлэх, удирдах төвөөс мэдээллээд байгаа юм.

Хэрэв сурагчид шинж тэмдэг илэрвэл шалгалт өгөхийн  өмнөх өдрийнхөө 22:00 цаг хүртэл шинжилгээ өгөх боломжийг бүрдүүлжээ. “Сурагчид шинж тэмдэггүйгээр халдвар тарааж, тархалтыг нэмэгдүүлэх вий гэхээс би айж байна. Урьдчилан сэргийлэх ажлыг бид чадлаараа хийж байгаа ч эрсдэл өндөр байна” гэж Боловсролын сайд ярьжээ. Ийн халдвар авсан сурагчид тусгаарлалтад байсаар байгаад шалгалтаа өгч чадахгүй байх вий гэдэгт санаа зовниж эхэлжээ. 

 Бусад орнуудын хувьд цар тахлын улмаас шалгалтыг цуцалж эсвэл хойшлуулаад байгаа юм. Тодруулбал, АНУ коллежид элсэгчдийн шалгалтыг цуцалсан бол Их Британи мөн их сургуульд элсэгчдээс авдаг түвшин тогтоох шалгалтыг цуцалсан байна.Солонгосын хувьд энэ шалгалтыг хэдийнэ хоёр долоо хоногоор хойшлуулсан  нь энэ юм.

Эх сурвалж:CNN