Т.САЙХАН

УИХ-ын чуулганаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж уг хуулийн заалтыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

Тэрээр "Ерөнхий сайд шаардлага хангасан хүнийг Засаг даргаар томилуулахаар тухайн ИТХ-д санал болгож болно" гэсэн заалт нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох ИТХ-ын бүрэн эрхэд халдсан заалт байна. Үндсэн хуулийн 59.1-т "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжүүлнэ" гэж заасан байдаг. Энэ хослуулна гэсэн зохицуулалтыг хольж хутгах байдлаар хууль батлах гэж байна. Ерөнхий сайд гэдэг бол ялсан намын дарга. Тэгэхээр аль нэг намын дарга нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд шууд халдах нөхцөл байдал бий болох нь. Орон нутгийн сонгуулийн өмнө манай намын бүлэг завсарлага авч энэ хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулсан. Хэрэв орон нутгийн сонгуулийн өмнө энэ хуулийг баталсан бол МАН-д хортой байдлаар үйлчлэх байсан. АН ялалт байгуулсан найман аймагт Ерөнхий сайдын санал болгосон хүнийг томилохгүй, ИТХ нь өөрсдөө дараагийнхаа хүнийг томилно. Харин МАН ялсан аймгуудад Ерөнхий сайдын санал болгосон хүнийг томилж тухайн нутгийн иргэдийн дургүйцлийг хүргэх байсан. Хамгийн гол нь энэ заалт Үндсэн хуулийн зөрчил үүсгэнэ. Хэрэв энэ заалт яг энэ хэвээрээ батлагдах юм бол би өөрийн биеэр Үндсэн хуулийн цэцэд хандана" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn