Хятад, Австралийн зөрчлийн эргэн тойронд

0
хуваалцах
179
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

 

Олон жил үргэлжилж байгаа АНУ, Хятадын худалдааны дайн энэ жил эрчээ авч, хоёр улс хоорондын маргаан дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудлын нэг байв. Худалдааны дайн хүрээгээ тэлж, улс төрийн хувьд ч томоохон зөрчил үүсч, зарим нэг албан тушаалтнуудыг хоёр улс хооронд зорчихийг хориглосон билээ.Түүнчлэн консулуудын газруудаа хаасан тухай бид өмнө нь мэдээлж байна. Тэгвэл Хятад, Австрали хоорондын худалдааны дайн нэлээд ширүүсэж, дэлхий нийтийн анхаарлыг ихэд татав.

Энэ хоёр улсын зөрчил хурцадсаныг илтгэх нэгэн мэдээлэл даваа гаригт цацагдсан. Тодруулбал, Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао Лижян нас барсан афган хүүхдийн толгойг Австралийн төрийн далбаагаар ороож тэвэрсэн Австрали цэргийн эвлүүлсэн зургийг твиттертээ нийтэлсэн юм. Зурагт австрали цэрэг нэг гараараа хүүг тэвэрч, нэг гартаа хутга барьснаар дүрсэлж  “Бүү ай. Бид энд энх тайван тогтоохоор ирлээ” гэж бичсэн байв. Жао Лижян энэ зургаа “Афганистаны иргэд болон хоригдлуудыг Австралийн цэргүүд хөнөөсөнд их цочирдсон. Бид энэ үйлдлийг эрс буруушааж, хариуцлага хүлээлгэхийг уриалж байна” гэсэн тайлбартайгаар жиргэсэн байна. Энэ хэрэгтээ уучлалт гуйхыг Австралийн эрх баригчид мэдэгдсэн ч Хятад улсын Засгийн газар татгалзжээ.

Тус хоёр улсын харилцаа яагаад ийм нөхцөлд хүрсэнийг эргэн сөхье. Австралийн эрх баригчид дөрөвдүгээр сарын сүүлээр COVID-19 цар тахлын гарал үүслийг олохын тулд Хятадыг шалгахыг олон улсад уриалсан юм. Энэ уриалгаас хэд хоногийн дараа Австралид суугаа Хятадын Элчин сайд Чен Жиньэ “Магадгүй жирийн хятад хүмүүс яагаад австрали дарс уух ёстойгоо, яагаад австрали мах идэх ёстойгоо бодож үзэх цаг нь ирсэн бололтой” хэмээн хэлсэн юм. Үүний дараагаар Хятад улс тавдугаар сарын 12-нд Австралийн дөрвөн том компаниас “Эрүүл ахуйн шаардлага хангаагүй” гэдэг шалтгаанаар үхрийн мах авахаа зогсоож, тав хоногийн дараа Австралийн арвайн импортод 80 хувийн татвар ногдуулахаа мэдэгдсэн.

Хятадын зүгээс Австралийн эсрэг авсан хамгийн том арга хэмжээ нь Хятадын төрийн өмчийн хамгийн том таван цахилгаан станц тус улсаас нүүрс авахаа зогсоосон явдал байв. Үүний үр дүнд одоо Хятадын зүүн хойд эргийн Жинтан боомтын орчим хоёр сая орчим тонн нүүрс ачсан Австралийн 400 хөлөг онгоц олон сарын турш гацаад байна. Зарим хөлгүүд нь энд зургадугаар сараас хойш таван сар зогсож байгаа бол хамгийн сүүлд ирсэн нь сар орчим болж байгаа юм. Хятадын Гадаад хэргийн яамнаас Австралийн хөлгүүд боомтоос явах эрх нь нээлттэй байгааг мэдэгдээд, нүүрс тээвэрлэгч компаниудыг ашиг олох сонирхолдоо хэт автаж, үүссэн нөхцөл байдалд зохицож ажиллахгүй байна хэмээн буруутгажээ.Хятадын Гадаад хэргийн яамнаас нүүрс чанарын шаардлага хангахгүй байгаа гэсэн тайлбарыг өгсөн юм.

Хятад бол Австралийн нүүрсний зах зээлийн хамгийн том худалдан авагч. Харин Австралийн импортын гол бүтээгдэхүүнүүдийн нэг бол нүүрс. Тиймээс Хятадын авч хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээ Австралид хүндээр нөлөөлж байгаа нь тодорхой.

Хятадын зүгээс Австралийн эсрэг хамгийн сүүлд авсан арга хэмжээ бол өнгөрсөн сарын 28-ны өдрөөс эхлэн Австралийн дарсанд 107-212 хувийн татвар ногдуулах явдал байлаа. Харин Австралийн Засгийн газар арвайн экспортын асуудлаар Хятадыг Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-д мэдэгдэхээр ажиллаж буйгаа мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.3 ПҮРЭВ № 231 (6456)