Б.ДОЛЖИНЖАВ

 

Өндөр настнууд энэ сарын 1-нээс эхлэн тэтгэврээ авч эхэлсэн. Тэгвэл өчигдрийн байдлаар 446 мянган тэтгэвэр авагчдад 185 тэрбум төгрөгийн тэтгэврийг арилжааны зургаан банкаар дамжуулан олгожээ.Тодруулбал, 353 мянган даатгуулагч өндөр насны, 71.9 мянган даатгуулагч тахир дутуугийн, 21 мянган иргэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох юм.

 

Халдвар хамгааллаас сэргийлэхийн тулд улсын хэмжээнд 32159 тэтгэвэр авагчийн картыг хэвлэн, банкны тооцооны төвүүд болон шуудангийн үйлчилгээгээр дамжуулан түгээх ажлыг зохион байгуулж байна. Харин халдвар голомтлон гарсан Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймгийн тэтгэвэр авагчидтай нэг бүрчлэн утсаар холбогдож зөвлөгөө, мэдээлэл хүргэж байгаа юм.

 

Тэтгэврийг хугацаанд нь олгож, санхүүжилт дуусах зэрэг асуудал гарахгүй тул тэтгэвэр олгох эхний өдрүүдэд очиж төвлөрөл үүсгэхээс зайлсхийх, цахим үйлчилгээг сонгож АТМ, интернэт банк ашиглах, зайлшгүй банкаар үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг нийт тэтгэвэр авагчдадаа зөвлөж байна.

 

Эх сурвалж:www.polit.mn