Т.САЙХАН

 

Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан билээ.  Тэрээр цар тахлын үеийн онцгой төсөв болж чадаагүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Улмаар иргэдийнхээ амьжиргааг дэмжсэн  өрх бүрт нэг сая төгрөг хөтөлбөр хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын төсвүүдийг танаж вакцин худалдан авах зэргээр саналаа хүргүүлээд байгаа. Тэгвэл өнгөрсөн даваа гаригт болсон МАН-ын бүлгийн хуралдаанаар гишүүдийн олонх нь хоригийг дэмжихгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн.  Мөн өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгчийн хориг дахин бүдэрлээ.  Байнгын хорооны хуралд ЕТГ-ын дарга Ө.Шижир оролцож,  Ерөнхийлөгчийн 2021 оны Төсвийн хуульд тавьсан хоригийг танилцуулсан. 

Тэрээр “Цар тахал дотоодод алдагдаж, нөхцөл байдал 2021 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байх үеэс эрс хүндэрч, улс орон, ард иргэдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж мэдэх эгзэгтэй, хүнд цаг үе тулгарч байна. Гэвч 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд  хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй. Улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна” гэлээ.  Гэсэн ч байнгын хорооны гишүүд 2021 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн зөвхөн Я.Санжмятав  “Цар тахлын аюул Монголыг нөмөрчихсөн энэ үед УИХ-ын гишүүд, Засгийн газар хоноцын сэтгэлээр хандаж болохгүй гэдэг үүднээс Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьж, болзошгүй нөхцөл байдал бий болбол төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулж шаардлагатай зүйлд зарцуулаач гэдэг үүднээс хориг тавьсан. Тэтгэврийг бууруулж, цалинг хасч, төрийн албан хаагчдын ажлыг зогсоох гэж байгаа мэт гишүүд асуудалд хандаж байгаад харамсч байна. Өнөөдөр нэг сая хүн ажилтайгаас 180 мянган нь төрийн албан хаагч. Тэдний 153 мянга нь гэртээ суугаад цалингаа авч байгаа. Үлдсэн 700 мянган хүн хөдөлмөр эрхлэхгүй, хөргөгч нь хоосорч, хүүхдүүд нь хоол нэхээд сууж байгааг та нар юу гэж бодож байна вэ. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригт улстөржихгүйгээр онцгой анхаарч, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлээр сонгуулийн өмнө ярьж, хэлж байсан шигээ анхааралдаа аваач” гэсэн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “МАХН-ын гүйцэтгэх товчоо өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих нь зөв гэж үзсэн. Шалтгаан нь өнөөдөр 60 мянган ААН, хувийн хэвшилд ажиллаж буй 770 гаруй мянган хүн орлогогүй болсон. Энэ хүмүүс олон жил ажилгүйдлийн даатгал төлсөн. Ажилгүйдэл нүүрлэх үед төрөөс эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүднээс үүргээ гүйцэтгэх ёстой. Энэ үүргээ биелүүлэхгүй байгаа учраас Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсанд бид дэмжинэ” гэв.

Мөн үдээс хойш Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн ч мөн л бүдэрлээ. Одоо  Ерөнхийлөгчийн хоригийг нэгдсэн чуулганаар эцсийн шийдвэрийг гаргах учиртай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.2 ЛХАГВА № 230 (6455)