А.Базар: Бизнес зогссон хугацааг “төр хувийн өмчийг дайчлан авсан” гэж үзэж нөхөн олговор нэхэмжлэх боломжтой

0
хуваалцах
309
үзсэн

С.УЯНГА

 

COVID-19 цар тахлын үед төрийн шийдвэрээр бизнес нь зогссон аж ахуйн нэгж, хувь хүмүүс нөхөн олговор нэхэмжлэх боломжтой талаар Өмгөөллийн “БЭЗ Партнерс” ХХН-ийн хуульч А.Базартай ярилцлаа.

 

-Таны санал болгож буй хуулийн гаргалгаа сонирхолтой санагдлаа. Цар тахлын үед төрийн байгууллагын шийдвэрийн улмаас учирсан хохирол гэхээр юуг хамруулж үзэж болох вэ?

-Төрийн байгуул­лагуудаас COVID-19 халдварт өвчлөл, цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ аваад 9-10 сар орчим болж байна.

Энэ хугацаанд зарим төрлийн бизнесийн үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох  шийдвэрүүд гаргаж ирсэн. Энэ нь мэдээж бизнес эрхлэгчид болон ажил хийдэг хүмүүст эдийн засаг, санхүүгийн хувьд хэцүү тусч байгаа.

Тэгвэл эдгээр хохирсон аж ахуйн нэгж, иргэд шийдвэр гаргасан төрийн байгууллага, албан тушаалтнаас хохирлоо нэхэмжлэх эрхтэй юу гэсэн асуулт гарч ирнэ. Миний зүгээс эдгээр байгууллага, иргэдэд учирсан хохирлоо нэхэмжлэх хоёр төрлийн хууль зүйн үндэслэл, боломжийг санал болгож байна. Нэгдүгээрт, төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Хоёрдугаарт, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэрүүд хууль ёсны бол нөхөх олговор нэхэмжилж болно. Эхний тохиолдолд төрийн байгууллагын хууль бус шийдвэр, үйл ажиллагаанаас учирсан хохирлыг  нэхэмжлэх маргаан шүүхээр шийдэгдэж байдаг учраас ойлгомжтой. Ажлаас үндэслэлгүйгээр халсан бол тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгохын зэрэгцээ ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилдэг нь үүний нэг жишээ.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Монгол Улсын иргэн бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг иргэн, хуулийн этгээд арилгуулахаар шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн байгууллагаас гаргуулна” гэж заасан. Харин цар тахлын нөхцөл байдлаас болж  төрийн байгууллага, албан тушаалтан хууль бус шийдвэр гаргаж болох, эсвэл хууль бус шийдвэрийн улмаас бусдад учруулсан хохирлыг хариуцахгүй байх үр дагавар үүсгэх ёсгүй. Төрийн байгууллага хууль дээдлэх нь Үндсэн хуулийн зарчим. Мөн дээр дурдсанчлан бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нэхэмжлэх эрх иргэн, хуулийн этгээдэд бий.

Энэ цаг үед төр ямар арга хэмжээ авч байгаа, тэр нь үр дүнтэй юу гэдэгт анхаарч байгаагаас биш тухайн шийдвэр хуульд нийцэж буй эсэхийг тэр бүр нягтлахгүй байх шиг. Тухайлбал, Улсын онцгой комисс, Засаг дарга зэрэг байгууллага, албан тушаалтнууд “баар цэнгээний газар, кино театр ажиллахгүй, цаг хязгаарлах” шийдвэр гаргасан. Бид үүнийг үг дуугүй, эргэлзээгүй биелүүлж байгаа болохоос хэн ч “тэдэнд ийм шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар олгосон уу, хэрэв тийм бол тухайн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан уу” гэдэгт анхаарахгүй байх шиг санагддаг.

-Хоёр дахь тохиолдол буюу төрийн байгууллагын шийдвэр хууль ёсны үед хохирол нэхэмжилж болно гэж үү? 

-Энэ тохиолдол сонирхолтой, тодорхой бус асуудал гэж хэлж болно. Төрийн байгууллагаас гаргасан “кино театр, шөнийн цэнгээний газар ажиллахгүй, архи, согтууруулах ундаа зарахгүй” гэсэн шийдвэр хууль ёсных байжээ гэж бодъё. Гэхдээ үүнд эдгээр байгууллага буруугүй. Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна” гэж заасан. Захиргааны ерөнхий хууль 2016 онд Монгол Улсад анх батлагдаж, 2016 оны долдугаар сарын 1-нээс дагаж мөрдсөн. Өөрөөр хэлбэл,  энэ хуулийн зохицуулалт бол шинэ тутам гэж хэлж болно.

Үүнээс өмнө бусад хуульд ижил, төстэй зохицуулалт байсан. Тухайлбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т “Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж бий. Үүний дагуу Газрын болон Ашигт малтмалын тухай хуульд газрыг тусгай хэрэгцээнд авах нөхцөлд газар эзэмшигч, тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох талаар заасан байдаг. Энэ бол олон улсад “eminent domain” хэмээн нэрлэж, тогтсон ойлголт юм. Харин манай Үндсэн хуульд “дайчлан авах” гэж тусгасан. Улс тусгай хэрэгцээнд авах замаар бусдад эзэмшүүлсэн газар, тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгож байгаа нь нийтийн ашиг сонирхлын төлөө газрын эрх, тусгай зөвшөөрлийг дайчлан авч буй хэрэг. Иймд Үндсэн хуулийн шаардлагын дагуу нөхөн олговор олгох ёстой. Олон улсад бол нөхөн олговрыг шударгаар, урьдчилж олгох зарчим тогтоосон нь нийтлэг байдаг.

Миний байр суурь, дүгнэлт бол төрийн байгууллага, албан тушаалтнуудаас гаргаж буй “кино театр, шөнийн цэнгээний газар ажиллахгүй” гэсэн шийдвэр хууль ёсны бол хувийн өмчийг дайчлан авч буй хэрэг мөн. Учир нь эдгээр байгууллага буруугүй атал төрийн байгууллага нь COVID-19 халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх гэдэг нийтийн ашиг сонирхлын үүднээс бизнесийг түр хугацаанд зогсоосон буюу бизнес эрхлэгчийн шийдвэр гаргах эрх мэдлийг төр өөрт авч байгаа. Энэ тохиолдол төрийн байгууллагын шийдвэрийн улмаас бизнес зогссон хугацааг “төр хувийн өмчийг дайчлан авсан” хэрэг гэж үзэх боломжтой. Иймд Үндсэн хуулийн шаардлага, зарчим болон Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтын дагуу төр эдгээр байгууллагад нөхөх олговор олгох үүрэгтэй.

-Энэ зохицуулалт хэвлэл мэдээллийн салбарт хэрэгжих боломжтой юу?

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын  1-ний өдрөөс мөрдсөн. Энэ хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэвлэл мэдээллийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоохтой холбогдсон хойшлуулшгүй мэдээллийг эрх бүхий байгууллагын хүсэлтээр үнэ төлбөргүйгээр яаралтай нийтэлж, нэвтрүүлнэ” гэж заасан. Энэ бол хэвлэл мэдээллийн байгууллагын өмчийг улс дайчлан авч буй хэрэг мөн. “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоохтой холбоотой хойшлуулалшгүй мэдээлэл түгээх шаардлагатай болсон” гэдэг нийтийн ашиг сонирхлын үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс албадлагаар ашиглаж байна. Үндсэн хуулийн шаардлага, зарчмаар улс энэ нөхцөлд нөхөн олговор олгох үүрэгтэй. Гэтэл хуульд  “үнэ төлбөргүйгээр ашиглана” гэж заасан нь Үндсэн хуулийн зөрчил гэж боддог. Өөрөөр хэлбэл, улс нийтийн ашиг сонирхлын үүднээс хувийн өмчийн хөрөнгийг дайчлан авах буюу өмчийн эсрэг албадлага хэрэглэж болно. Гэхдээ шударга нөхөн олговор олгох үүрэгтэй. Үндсэн хуулийн энэ зарчим, шаардлага COVID-19 халдварт өвчлөл, цар тахлын үед ч хүчинтэй үйлчилнэ.

-Учирсан хохирлыг хэрхэн нөхөн төлүүлэх вэ. Үнэхээр хэрэгжих боломжтой юу?

-Энд хохирол болон нөхөн олговор гэдэг хоёр ойлголт яригдаж байгаа. Хэрэв төрийн байгууллагын шийдвэр хууль бус бол иргэн, хуулийн этгээд хохирол арилгуулахыг шаардах эрхтэй. Харин төрийн байгууллагын шийдвэр хууль ёсны бол нөхөх олговор олгох тухай ярина. Хохирол шаардах эрхийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 100.1, 101.2 дахь заалтаар хуульчилсан.

Харин нөхөн олговрын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 104.1 дэх хэсэгт хуульчилсан. Гэхдээ хуулийн зохицуулалт хангалтай биш байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийг батлахдаа “нөхөх олговрын асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулна” гэж бодоод нарийвчилж заагаагүй. Гэвч түүнээс хойш нөхөн олговор олгох журмыг зохицуулсан хууль батлагдаагүй нь зохицуулалт тодорхой бус гэсэн үг. Нөхөн олговрыг аль байгууллага олгох, хэзээ олгох, түүний хэмжээг хэрхэн тооцох талаар хуулийн зохицуулалт алга. Гэхдээ хуулийн зохицуулалт тодорхой бус байгаа нь шүүх шийдвэр гаргахгүй байх үндэслэл болохгүй. Иймд энэ төрлийн маргаан үүссэн нөхцөлд шүүх шийдвэрлэх замаар энэ асуултын хариуг тодорхой болгох байх.

-Энэ төрлийн санал гомдол гаргаад түүнийг нь шийдвэрлэсэн туршлага манай улсад байдаг уу?

-Иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж буй газрыг эсвэл тусгай зөвшөөрөл бүхий газрыг тусгай хэрэгцээнд авах, нөхөн олговор олгодог туршлага манайд байдаг. Шүүхээс ч нөхөн олговор олгуулахаар гарсан шийдвэрүүд бий. Гэхдээ эдгээр тохиолдол бол Газрын болон Ашигт малтмалын тухай хуульд зохицуулалт нь байсан. Харин яг Захиргааны ерөнхий хуулийн 104.1 дэх заалтын дагуу нөхөн  олговор нэхэмжилсэн маргааныг мэдэхгүй. Энэ талаар шүүхийн шийдвэрийн цахим сангаас хайж үзэхэд захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхээс шийдэгдсэн маргаан байгаагүй. Дээр хэлсэнчлэн хуулийн энэ зохицуулалт дөнгөж 2016 оноос үйлчилж байгаа. Ийм кейс байнга тохиолддоггүй болохоор шүүхээр маргаан шийдэгдээгүй байж болох юм. Гэхдээ шүүхийн шийдвэрийн цахим санд ороогүй ч юм уу, би олж чадаагүй тохиолдол, шүүхийн шийдвэр байхыг үгүйсгэхгүй.

-Онцгой нөхцөл байдлын үед төр, засгаас гаргасан шийдвэр хязгаарлалтын улмаас хохирлоо нөхөн төлүүлнэ гэхээр хөл хорионы хугацаанд бүх аж ахуйн нэгж эдийн засгаар хохирсон шүү дээ. Хэт өрөөсгөл биш үү?

-Хохирол, нөхөх олговрын аль ч тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай. Харин аль байгууллагын эсрэг маргах, шүүхэд хандахаас өмнө дээд шатны байгууллагад хандах шаардлагатай юу, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа нь ямар байхыг мэдэх хэрэгтэй. “Өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална, өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэж Үндсэн хуульд заасан. Нөгөө талаас нийтийн ашиг сонирхлын үүднээс хувийн өмчийн хөрөнгийг төр дайчлан авч болох талаар заасан. Халдварт өвчин, цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх гэдэг бол нийтийн ашиг сонирхолд хамаарах учир төрөөс хувийн өмчийн хөрөнгийг дайчлан авахыг зөвтгөх үндэслэл болох боломжтой. Иймд эдгээр шийдвэрийг хууль ёсны гэж үзэх боломжтой гэсэн үг. Гэхдээ Үндсэн хуулийн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, шаардлагаар энэ нөхцөлд өмчлөгчид шударгаар нөхөн олговор олгох учиртай. Тиймээс төрийн байгууллагын хууль ёсны шийдвэрийн улмаас хохирсон иргэн, хуулийн этгээд шударгаар нөхөн олговор олгох нь зөв гэж бодож байна. Мэдээж төсөв, санхүүгээ бодвол нийтээр нь нөхөн олговор олгочих хэмжээний улс биш байх. Үүнийг төсөвлөөгүй ч байх. Гэхдээ хүний эрхийн асуудал учир төсөв үүнээс дээгүүр тавигдахгүй. Хохирсон иргэн хохирлоо арилгуулах эрхтэй тул “улс мөнгөгүй” гэдэг байдлаар зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхээс татгалзах үндэслэлгүй. Үнэхээр хохирсон иргэн, хуулийн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргавал нөхөн олговор олгуулах шийдвэр гаргуулах боломжтой. Харин ямар тохиолдлыг үүнд хамааруулж авч үзэх, хэр хэмжээгээр нөхөн олговор олгох вэ гэдгийг шүүх шийдвэрлэнэ.

-Бусад улс оронд энэ төрлийн гомдлыг цар тахлын үед шийдвэрлэсэн талаар жишээ туршлага байна уу?

-Бусад улс оронд ч COVID-19-тэй холбоотой дайчлан авсан тухай шүүхийн маргаанууд явж байгаа юм билээ. Одоогоор энэ талаар нарийн судлаагүй байна. Хэрэв хохирсон иргэн, хуулийн этгээдүүд шүүхэд хандаад маргаан үүсгээд явах бол олон улсын туршлагыг судлах хэрэгтэй.

-Цар тахлын тээгч, хавьтагч болсныхоо төлөө хувийн мэдээлэл нь олон нийтэд зураг хөрөгтэйгөө цацагдаж сэтгэл санаагаар хохирох үйлдэл хэд хэд гарлаа. Энэ тохиолдолд хохирол нэхэмжлэх эрхтэй юу. Хамгийн гол нь сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлал туршлага манай улсад байхгүй шүү дээ?

-Сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлал, хуулийн зохицуулалт байхгүй. Хэрэв сэтгэл санааны хохирол тооцох аргачлалыг батлах бүрэн эрхийг Засгийн газар ч юм уу аль нэг байгууллагад хуулиар олгох эсвэл аргачлалыг нь тогтоовол тооцоод явах байх л даа. Гэхдээ сүүлийн үед үнэлгээний байгууллагууд мэр сэр үнэлгээ хийж байгаа ч шүүх энэ дагуу шийдсэн тохиолдол бараг алга. 

Халдвар тээгчийн хувийн мэдээллийг олон нийтэд түгээх асуудлын хувьд зохицуулалт нь тодорхой бус гэж болно. Хувь хүний нууцын тухай хуулийн 4.3.2-т нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн мэдээллийг хувь хүний нууцад хамаарахаар заасан байдаг. Иймд нийтэд аюултай халдварт өвчнөөр өвчилсөн бол хувь хүний нууц гэж үзэхгүй байхаар заасан гэсэн үг. Гэхдээ ойлгомжгүй зүйл гэвэл ийм өвчлөлийн жагсаалтыг ямар байгууллага батлах талаар хуульд заагаагүй. Төрийн байгууллага зөвхөн өөрт хуулиар олгосон бүрэн эрхийг л хэрэгжүүлэх учиртай. Иймд дээрх өвчлөлд ямар өвчин хамаарахыг УОК тогтоох уу, Эрүүл мэндийн яам тогтоох уу гэдэг нь тодорхой бус.

Одоогийн байдлаар COVID-19 үүнд хамаарах эсэх талаар ч аль нэг байгууллага шийдвэр гараагүй нь энэ өвчлөлөөр өвдсөн хүний мэдээллийг хувь хүний нууцад хамааруулах эсэх нь тодорхой бус гэж хэлж болно. Нэг зүйлийг сонирхуулахад 2014 онд Үндсэн хуулийн цэц энэ талаар маргаан шийдэж байсан. Улсын Их Хурлаас ДОХ өвчлөлийг хувь хүний нууцад хамааруулахгүй байхаар хууль баталсан. Үүнийг нь Үндсэн хуулийн цэцээс “Үндсэн хууль зөрчсөн” гэж үзэж, хүчингүй болгож байсан. Мэдээж COVID-19 нийтэд аюултай халдварт өвчлөлд хамаарах нь тодорхой учраас хувь хүний нууцад хамааруулахгүй байж болох юм. Өөрөөр хэлбэл, төр нийтийн эрүүл мэндийг хамгаална гэдэг ашиг сонирхлын төлөө тухайн хүний ямар мэдээллийг нийтэд ил болгох нь өвчлөлийн халдвараас сэргийлэх ач холбогдолтой байгаа хэмжээнд л ил болгох учиртай. Иймд хүний нэр, зургийг ил болгох нь халдвар тархахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юу гэдгийг төрийн байгууллагууд мэдээлэл өгөхөөсөө өмнө бодолцох хэрэгтэй. Зүй нь бол тухайн тохиолдол бүрт шийдэх биш энэ асуудалд ямар журам, байр суурь баримтлахаа урьдаас тодорхойлох явдал юм. Тэгж тодорхой болгох шийдвэр гаргахад ч амар, олон нийт ч үүнд хэлэлцүүлэг өрнүүлэх, тухайн шийдвэрийг өөрчлүүлэхээр хандах нь боломжтой болно шүү дээ.

Анх COVID-19-өөр өвчилсөн Франц улсын иргэний нэрийг ил болгоогүйгээс олон нийт Анх-Отгон гэж нэрлээд өнгөрсөн шүү дээ. Гэтэл Монгол Улсын иргэний хувьд мэдээлийг ил түгээж байгаа бол хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх зарчмыг зөрчиж буй хэрэг. Энэ нь манай улсын Хувь хүний нууцын тухай хууль боловсронгуй бус байгааг харуулж байгаа хэрэг. Хуулийг 1995 онд баталснаас хойш сайжруулаагүй. 

-Учирсан хохирлыг нөхөн төлөхийг төрийн байгууллага, шүүхийн алинд эхлээд хандах вэ. Мөн хохирлын үнэлгээг тогтоох асуудал гарч ирнэ?

-Хохирол учруулсан гэж үзэж буй шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах шаардлагатай. Хэрэв тухайн салбарын хуульд дээд шатны байгууллагад гомдол гаргах талаар заасан бол шүүхэд хандахаас өмнө гомдол гаргах юм. УОК, НОК, Засгийн газар эсвэл аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэр үү гэдгээс хамаараад тус тусын хуулийн зохицуулалтыг харах шаардлагатай гэсэн үг.

Харин үнэлгээ тогтоохын хувьд Хөрөнгийн үнэлгээний хуулиар Сангийн яамнаас тусгай зөвшөөрөл авч хөрөнгийн үнэлгээ болон даатгалын хохирол үнэлгээний үйл ажиллагааг Үнэлгээний байгууллагууд хэрэгжүүлж байгаа. Эдгээр байгууллагаас үнэлгээ гаргуулж, өөрт учирсан хохирлыг нотлох баримт болгож болно. Шүүхийн явцад үүнийг маргаж буй тал нь зөвшөөрөхгүй бол дахин үнэлгээ хийлгэх, шинжээч томилуулах  эрхтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.2 ЛХАГВА № 230 (6455)