Б.ДОЛЖИНЖАВ

Эм үйлдвэрлэлийн “Moderna” компани COVID-19-ийн эсрэг 94 хувийн үр дүн үзүүлсэн вакциндаа зөвшөөрөл авах хүсэлтээ АНУ-ын Эм, хүнсний хэрэг эрхлэх газарт даваа гаригт өгчээ. Тус компанийн вакцин эхний үзүүлэлтээр 94.1 хувийн үр дүн үзүүлсэн болохоор халдвараас 100 хувь сэргийлж чадна хэмээн үзсэн байна.  “Энэ бол гайхалтай үр дүн. Гэнэтийн довтолгоон байлаа” хэмээн АНУ-ын Эм, хүнсний хэрэг эрхлэх газрын вакцины зөвлөх хорооны гишүүн, доктор Паул Оффит ярьжээ. Харин “Moderna” компанийн эрүүл мэндийн албаны дарга, доктор Тал Закс “Цар тахлыг зогсоож чадах итгэлээр дүүрэн байна. Вакцины үр дүнг хараад амьдралдаа анх удаа уйллаа” гэжээ. Тус компани Европын эмийн агентлагт өргөдлөө мөн өгсөн байна. Энэ оны сүүлээр гэхэд ”Moderna” ойролцоогоор 20 сая тун, ирэх жил гэхэд 500 саяаас нэг тэрбум тунг үйлдвэрлэх боломжтой гэж мэдэгджээ.

”Moderna”  бол Эм, хүнсний хэрэг эрхлэх газраас вакцинаа яаралтай хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэн хоёр дахь компани юм. Өмнө нь “Pfizer” компанийн вакцин 90 хувийн үр дүн үзүүлж, өнгөрсөн сарын 20-нд вакциндаа зөвшөөрөл хүссэн өргөдлөө тус газарт өгсөн юм. Энэ хоёр компанийн өргөдлийг хэлэлцэх зөвлөх хорооны хурал энэ сард болно. Тодруулбал, энэ сарын 10-нд “Pfizer”  17-нд  ”Moderna” компанийн өргөдлийг хэлэлцэх аж.

Эх  сурвалж:CNN