Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга  Англи-Шведийн хамтарсан “AstraZeneca” эмийн үйлдвэрийн компанийн удирдлагатай цахим уулзалт хийж, тус компанийн боловсруулж буй коронавируст цар тахлын эсрэг вакциныг Монгол Улсад нийлүүлэх талаар санал солилцлоо.

“AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн хамтран боловсруулж буй “AZD1222” вакцин 70 хувийн үр дүнтэй байгааг тус компани арваннэгдүгээр сарын 23-нд мэдээлсэн билээ.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын халдвартай тэмцэхэд нэн тэргүүнд шаардлагатай байгаа вакциныг боловсруулж, нийлүүлэх чиглэлд “AstraZeneca” компани өндөр хүчин чармайлт гарган ажиллаж байгааг сайшаав.

Тэрээр үргэлжлүүлэн, Монгол Улсын хувьд хүн амын талаас илүү хувь нь нийслэлдээ төвлөрсөн байдаг нь өндөр эрсдэл дагуулж буй учраас коронавируст цар тахлын эсрэг вакцин гарсан даруйд нийт хүн амаа богино хугацаанд хамруулах нь чухал болоод байгаа гэлээ.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тус компанийн боловсруулж буй вакциныг үйлдвэрлэж эхлэх үед тэргүүн ээлжид худалдан авах сонирхлоо илэрхийлэв.

“AstraZeneca” компанийн зүгээс, Ерөнхийлөгч өөрийн биеэр ач холбогдол өгч, манай компанитай холбогдсонд туйлын баяртай байна гээд, коронавируст цар тахлын эсрэг вакциныг худалдаанд гармагц тэргүүн ээлжид нийлүүлэх орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтаан, хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “AstraZeneca” компанийн вакциныг худалдан авах асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссод чиглэл өгч, бэлтгэл хангуулахаа мэдэгдлээ.

Эх сурвалж:www.polit.mn