Цар тахлын цаад эрсдэл буюу дата хамгаалах баталгаа байна уу

0
хуваалцах
315
үзсэн

С.УЯНГА

 

Дэлхийн нийт хүн төрөлхтний дата өгөгдлөөр ямар ч хяналтгүйгээр “тоглож” байна. Хувийн өгөгдлийг замбараагүйгээр цуглуулж дур зоргоороо ашиглахдаа ихэнх улс орон хариуцлага хүлээхгүй. Харин ч улам бүр эрсдэл дагуулж буйг мэдээллийн аюулгүй байдлын шинжээчид онцолж буй юм. Энэ боломж, эрсдлийг COVID-19 олгож байна. Мэдээж цар тахал дэгдэж буй энэ цаг үед хүн амын амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд төр засаг онцгой эрх эдлэх учиртай. Гэхдээ цар тахал намжсаны дараах эрсдэл, баталгааг давхар бодолцох ёстойг улс орнуудын жишээ харуулсаар байна. Мөн халдвар өвчнөөр шалтаглаж хүмүүсийн хувийн мэдээллийг нийтэд ил болгон эрхийг нь зөрчих, ялгаварлан гадуурхалт бий болгохгүй байхыг COVID-19 дэгдсэн цагаас хойш олон улсын хүний эрхийн байгууллагууд хөндөж ирсэн. Гэвч хүний эрх, хувь хүний мэдээллийн аюулгүй байдалд зарим орны төр засаг дорвитой анхаарахгүй байгааг шүүмжилж буй. Асуултын тэмдэгтэй улс орнуудын нэгэнд манай улс багтаж, дижитал хяналтыг ашиглаж эхлэх эгзэгтэй мөчийн өмнө ирээд байна. Өөрөөр хэлбэл, онцгой дэглэмийн үед ард иргэдийнхээ хувийн өгөгдлийг их хэмжээгээр цуглуулах зайлшгүй шаардлага үүссэн ч дата хамгаалалтын дараагийн баталгаа, эрсдлийг тооцох ёстой юм.

Монголд мэдээллийн аюулгүй байдал ямар түвшин байгаа нь дотоодод цар тахал дэгдсэн өдөр л ил болсон. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 11-ны өдөр COVID-19 –ын тохиолдол анх бүртгэгдсэний дараа халдвар авсан хүний болон ойрын хавьтлын хүмүүсийн овог нэр, регистр, зураг хөрөг зэрэг хувийн мэдээлэл ямар ч хяналт, шүүлтүүргүй нийтийн сүлжээнд цацагдав. Тэр нь айж, сандарсан, бухимдсан хүмүүст жинхэнэ “өгөөш” болж газар дор ортол үзэн ядаж, доромжлов эрхийг олгосон. Үүнээс болж халдвар тээгч иргэн болон ойр дотныхон нь үгээр “цаазлуулж”, дараа дараагийн  халдвартай хүмүүс маршрутаа нуух, зөрүүтэй мэдээлэл өгөх зэргээр тааварлашгүй сөрөг үр дагавар авчирснаас тархалтыг хянахад бэрхшээлтэй болсон гэж хэлж болно. Төр засаг иргэнийхээ хувийн мэдээллийг хамгаалахгүй бол гэмгүй хэсэг хэрхэн ялгаварлан гардуурхалт гутаан доромжлол амсч, ямар том эрсдэл дагуулдгийг ингэж харуулав.

Монголд мэдээллийн аюулгүй байдал ямар түвшинд байгаа нь дотоодод цар тахал дэгдсэн өдөр л ил болсон. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 11-ны өдөр COVID-19-ийн тохиолдол анх бүртгэгдсэний дараа халдвар авсан хүний болон ойрын хавьтлын хүмүүсийн овог нэр, регистр, зураг хөрөг зэрэг хувийн мэдээлэл ямар ч хяналт, шүүлтүүргүй нийтийн сүлжээнд цацагдав. Тэр нь айж, сандарсан, бухимдсан хүмүүст жинхэнэ “өгөөш” болж газар дор ортол үзэн ядаж, доромжлов эрхийг олгосон.

Мөн төр засгаас хэрэгжүүлж буй COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний  оролдлогууд  хувь хүний нууцын аюулгүй байдалд халдах үндэслэл, шалтгаан болох ёсгүй. Хэдийгээр олон улсын хэмжээнд эрүүл мэндийн онц байдал үүсч өргөн цар хүрээнд, харилцан уялдсан хариу арга хэмжээ авах шаардлагатай  байгаа ч хувь хүний өгөгдлийг хяналтгүйгээр цуглуулж, ашиглах, хадгалахдаа тун сэрэмжтэй байх ёстойг дижитал хяналтуудаас харж болно.

Цар тахалтай тэмцэхийн тулд хувь хүн,  иргэдийг хянах, цагдах дижитал технологийг ашиглах явцдаа хүний эрхийг хүндэтгэх, хүний эрхийг зөрчихгүй байх ёстойг сануулсан НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын коронавирустай холбоотой удирдамжид  хөл хорио дууссанаас хойш иргэдийн хувийн өгөгдлийг цуглуулж болохгүй гэжээ. Гэвч өнөөгийн нөхцөл байдал болон албаны хүмүүсийн өгч буй мэдээллээс харвал хөл хорио дууссан ч иргэний хувийн өгөгдлийг үргэлжлүүлж цуглуулж, хөдөлгөөнийг мөшгихөөр байна. Тухайлбал, хөл хорионы үед зайлшгүй ажиллах шаардлагатай байгууллагуудад QR кодтой тусгай зөвшөөрөл олгох ажил цаашид ч үргэлжилнэ гэдгийг эх сурвалж хэлсэн. Мөн коронавирусын шинжилгээ авч буй түргэвчилсэн оношлогооны 150 гаруй цэгт иргэдийн регистрийн дугаар бүхий хувийн өгөгдлийг цуглуулж дата бааз болгон хадгалж буй. Түүнчлэн халдвар авсан иргэний ойрын хавьтлыг хянахын тулд байр зүйн мэдээллийн систем ашиглаж иргэдийг хянах дөрвөн хувилбарыг танилцуулахаар бэлтгэж буйг Засгийн газраас мэдээлэхдээ “Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Улсын онцгой комиссоос COVID-19-тэй үед хэрхэн зохицож амьдрах тал дээр IT-д суурилсан шийдлүүдийг боловсруулж байна. Одоогоор QR код болон иргэдийн гар утсанд суурилсан нийт дөрвөн хувилбарыг хөгжүүлж байгаа” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн захиргаа болон  Засгийн газраас COVID-19-той тэмцэх нэрийн дор иргэдийн цахим үнэмлэхний QR код ашиглан хувийн өгөгдлийг их хэмжээгээр цуглуулах  нь өдөр ирэх тусам тодорхой болж байна. Үүний нэг жишээ нь, нийслэлийн гудамж, талбайд зорчиж байгаа болон төрийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн зорчилтын мэдээллийг систем ашиглан бүртгэлжүүлж, нууцлалыг хадгалж ажиллахыг үүрэг болгоод байгаа юм. Тиймээс манай улс шиг хувийн мэдээлэл, дата хамгаалалт сул улс орон цар тахал нэрийн дор гурван сая иргэнийхээ өгөгдлийг их хэмжээгээр цуглуулаад хянаж, хадгалж чадах баталгаа өгөх нь эрсдэлтэй байна.

Хувийн өгөгдлийн талаар олон улсын байгууллага болон мэргэжилтнүүдийн байр суурийг хүргэж байна.

 

Хуульч Л. Галбаатар: Зорчих хөдөлгөөний системд яаран битгий бүртгүүлээрэй

-Иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх систем нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т заасан халдашгүй, чөлөөтэй байх эрх, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч мөрдөн мөшгихийг хориглосон зохицуулалтыг зөрчих үр дагавартай. Нийслэлийн Засаг даргын дээрх захирамж хууль зүйн үндэслэлгүй. Тухайлбал, иргэн гамшгаас хамгаалах чиглэлээр гарсан заавар, зөвлөмж сахих, иргэний үнэмлэхээ биедээ авч явах үүрэг; “зайлшгүй шаардлагатай” үед иргэнээс мэдээлэл авах зохицуулалтыг энэ захирамжид иргэний хөдөлгөөнийг хянах, мөшгих болгож хэрэглэсэн байна. Манайхтай төстэй системийг нэвтрүүлсэн ихэнх улсад нийтийн эрүүл мэндийг хамгаалахаас өөр зорилгоор буюу нөхцөл байдал өөрчлөгдсөн үед үргэлжлүүлэн хэрэглэх тохиолдол гарсаар байна.Манайд Хувийн өгөгдлийг хамгаалах хуульгүй. Ийм хуультай болох хангалттай хугацаа өнгөрсөн.

НҮБ-ын “Интернетийн засаглалын форум-2020”: Цуглуулсан өгөгдлийг өөр зорилгоор ашиглахгүй байх ёстой

-НҮБ-ын “Интернетийн засаглалын форум-2020”-д гаргасан тайланд дурдсанаар нийтийн эрүүл мэндийн төлөө иргэд хувийн өгөгдлөө хуваалцаж болох ч, тэдгээр өгөгдлийн аюулгүй байдлыг хангах, шаардлагатай хэмжээнээс хэтэрсэн өгөгдөл цуглуулахгүй байх, цуглуулсан өгөгдлийг өөр зорилгоор ашиглахгүй байх ёстой. Нийтийн сайн сайхны төлөө иргэдийн өгөгдлийг цуглуулахын тулд төр болон хувийн хэвшлийн зүгээс тодорхой стандартыг мөрдөх хууль зүйн баталгааг бий болгох хэрэгтэй.

“Generaltech” компанийн захирал Г.Мөнхсүх: Зөвхөн нэг удаагийн систем ашиглаад нөхцөл байдал дуусмагц хааж болно

-Онолын хувьд таны дата таных биш болчихсон цаг үед л бид амьдарч байна. Үүнийг улс орнууд хуулиар л зохицуулж байгаа юм. Жишээлбэл, миний хувийн мэдээллийг  төрийн нэг ажилтан өөр хүнд гаргаад өгвөл хүлээлгэх хариуцлага алга байна. Гэтэл хандаж байгаа бол надад мэдэгддэг, давхар мэдээллийн аюулгүй байдал хариуцсан газарт репорт очдог, нэвтэрч байгаа ажилтан нь ямар зорилгоор хэний зөвшөөрлөөр орж байгаа нь бүртгэгддэг тойргийн хяналтын системүүдийг хувийн компаниуд ашиглаж байна. Энэ удаагийн тохиолдлын хувьд нэгдүгээрт, онцгой нөхцөл байдал. Зөвхөн нэг удаагийн систем ашиглаад нөхцөл байдал дуусмагц хааж болно. Зөвхөн байр зүйн мэдээллээр аптейдээ хязгаарлах дата руу нь нэвтрэхгүй байх физик зохицуулалт ч хийж болно. Өгөгдөл хамгаалах хуулийг өнгөрсөн парламентаар батлах гээд чадаагүй. Энэ УИХ хугацаа алдалгүй батлах хэрэгтэй. Дээр нь иргэдийн мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгийг нэмэгдүүлэхгүй бол ойлголт маш муу байна.

Хүний эрхийн форум: QR системийг өөр зорилгоор хэрэглэх тохиолдол гарсаар байна

-QR систем нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс хэрэгжүүлж байгаа ажил ч нөгөө талаас мэдээллийн аюулгүй байдал, өгөгдөл хамгаалалтай холбоотой чухал асуудлууд хөндөгдөж байна.  QR суулгахтай төстэй системийг нэвтрүүлсэн ихэнх улсад нийтийн эрүүл мэндийг хамгаалахаас өөр зорилгоор буюу нөхцөл байдал өөрчлөгдсөн үед үргэлжлүүлэн хэрэглэх тохиолдол гарсаар байна. Иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх систем нь халдашгүй, чөлөөтэй байх эрх, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч мөрдөн мөшгихийг хориглосон зохицуулалтыг зөрчих үр дагавартай байна.

ХЭҮК: Хувь хүний нууцад хамаарах мэдээллийг алдагдуулахгүй байхад анхаарах хэрэгтэй

-Коронавируст халдвар илрүүлэх шинжилгээ авч байгаа цэгүүд, биеийн байдлын асуумж, байршил тэмдэглэх болох холбогдох албанаас өгч буй цаг үеийн мэдээллүүдийг харуулж буй И баримт аппликейшн, иргэний үнэмлэхийн QR кодыг ашиглахдаа хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангаж, хувийн өгөгдлийг зөвхөн коронавируст халдвартай тэмцэх үйл ажиллагаанд ашиглах, гуравдагч этгээдэд тараахгүй байх, иргэд олон нийтэд хувь хүний нууцад хамаарах мэдээллийг алдагдуулахгүй байхад онцгой анхаарч ажиллах, хуулийн төсөл боловсруулах саналыг хууль санаачлах эрх бүхий албан тушаалтанд уламжлахыг зөвлөж байна. 

ЦАР ТАХЛААР ШАЛТАГЛАН ХУВЬ ХҮНИЙ НУУЦыН ЭРХЭД ХАЛДАХЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ

-Эмнести Интернэшнл болон 140 гаруй иргэний нийгмийн байгууллагын хамтарсан мэдэгдэл гаргав. Өнөө үе бол онцгой цаг үе мөн бөгөөд хүний эрхийн хууль хүчин төгөлдөр хэвээр үйлчлэх ёстой. Улс орнууд нь олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах нэрээр хувь хүний нууц, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг хүний үндсэн эрх, эрх чөлөөг үл тоомсорлож, хөсөрдүүлж болохгүй. Харин ч, хүний эрхийг хамгаалах нь олон нийтийн эрүүл мэндийг хамгаалахад эерэг үр нөлөө авчрах боломжтой. Энэхүү хямрал бидэнд хүн төрөлхтний хамтын үнэт зүйл, эрхэм чанараа харуулах боломжийг олгож байна. Хүний эрхийн хэм хэмжээ, эрх зүйт ёсонд нийцүүлэн уг цар тахалтай тэмцэж чадна. Цар тахалтай тэмцэхээр засгийн газруудын гаргаж буй аливаа шийдвэр нь бидний ирээдүйг тодорхойлох болно. Тиймээс, тархалттай холбогдуулан дижитал хяналт шалгалт хийхгүй байхыг шаардаж байна.Ковид-19 цар тахлаар шалтаглан хувь хүний нууцийн эрхэд халдах явдлыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Ковид 19-тай холбогдуулан авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь мэдээлэл цуглуулах, хадгалах, ашиглах бол энэ тухай иргэд мэдэх, мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг эсэргүүцэх боломжийг иргэдэд олгох ёстой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.1 МЯГМАР № 229 (6454)