Мартахын учиргүй хүний нэг Сангын Аюуш

0
хуваалцах
1813
үзсэн

Д.ЦЭРЭННАДМИД

 

 

АЮУШ БОЛ ХҮН, ХӨДӨЛМӨР ХОЁРЫН ТӨРСӨН ОХИН ХЭМЭЭХ ӨМНӨТГӨЛ

 

За тиймээ. Мартахын учиргүй хүмүүс гэж бий. Тэдний нэг нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, саальчин Сангын Аюуш гэдэг эмэгтэй л дээ.

Ер нь бол Аюуш гэдэг бодгалийг мартаж болох ч тэр хүний цуцашгүй хөдөлмөрийнхөө үрээр бий болгосон баялаг амьдрал, алдар нэр, арвин их ухаан, хийсэн бүтээснээр нь мартахын учиргүй гэж бодном. Манай сонины “Амьдралын тойрог” булангийн зочин, энэхүү Аюуш өмнөх нийгмийн үед ажил, хөдөлмөрөөрөө онцгойрч алдар хүндийн эзэн болсон хүн юм. Тухайн үеийн хэвлэлүүдэд Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн саальчин Сангын Аюуш 22-хон насандаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болов.

Удамтай саальчин тэрээр нутгийн үүлдрийн сайжирсан монгол үнээнээс жилд 1300 литр сүү сааж Улсын хошой аварга малчин болсон байна.

Энэ амжилтыг багцалж хэлбэл таван жилийнхээ төлөвлөгөө нормыг хоёр жил найман сард биелүүлжээ гэдэг зураг хөрөгтэйгөө гарч байсныг мэдэх юм.

Жаахан хэтрүүлж хэлбэл лав “Залуучуудын үнэн” сонины дугаар бүрт дугуй хээтэй торгон дээлийнхээ энгэрт Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн баатрын тэмдэг гялалзуулсан залуу эмэгтэйн тухай нийтлэгдэж байсан нь нэг үе С.Аюуш л байлаа шүү дээ.

1978 онд МХЗЭ-ийн XVIII их хурал болж мянга мянган залуусын дундаас ажил бүтээлээрээ шалгарсан дөрвөн хүн Хөдөлмөрийн баатар болж байсныг санаж байна. Тэдний нэг С.Аюуш. Бусад нь гэвэл Дарханаас барилгачин Г.Тэгшжав савхин эдлэлийн үйлдвэрийн оёдолчин Д.Цэнд-Аюуш, Завханаас хоньчин Ц.Намхайнямбуу нар байлаа. Тэд л хэвлэлийн хуудсыг эзэгнэнхэн  байсандаа гэж уншигчийн хувьд мэднэ. Ер нь тухайн үед алдар нэрд гарч байсан хүмүүс нэг жилд таван жилийн, таван жилд 10-15 жилийн ажил хийж байв. Төлөвлөгөөт нормоо хэрхэн биелүүлснээр нь тэгж дүгнэдэг байсан юм. Саальчин С.Аюуш гэхэд бусдын адил 15 үнээ саана. Хэдийгээр түүнд 15 үнээг сааль сүүг сайтайгаар нь шилж сонгож өгөөгүй ч нэг үнээнээс авах ашиг шимээр тэр онцгой байлаа. Энэ нь малынхаа нутаг бэлчээрийг зөв тохируулж, бэлчээрт байх цагийг уртасган, тэжээл, тордлогыг сайн байлгасны үр дүн байжээ гэж бичигдэж байв даа. Эрхэм уншигч та бодож болох юм. Биндэрийнхэн гэхээр юугаараа тийм онцлог нутаг вэ гэж. Тэгвэл ёстой л хэлэх юмтай, хийсэн бүтээлтэй, аугаа их түүхтэй юм шүү дээ. Тэр нь Их Монголын эзэн хаан Чингисийн унасан нутаг, өсч өндийсөн дов нь гэхээр хэн ч биширдгийм. Чингис бол Монголын хаан төдийгүй дэлхийн хүн юм болохоор энэ л нутгийнхан золтой хувь заяандаа бахархдаг хэн хүнгүй өөрийгөө тэр их хүний хойч, үр сад гэж боддог биз. Тиймдээ домог түүхэндээ, дуу хуур, удам шастиртаа мөргөж амьдардаг ард түмэн. Дэлүүн болдог, Онон мөрөн, Их цагаан нуур гэхээр түүх амилах шиг болдог оо. Үүн дээр өөр хүндтэй чанар энэ нутгийнханд бас бий. Тэр нь удам дамжсан хөдөлмөрч чанар. Ингэж хэлэхээр уг нутаг зоны гар завгүй хөдөлмөрлөж улс орноо хөгжүүлж амьдралаа авч явсан, өөдлүүлж яваа олон хүний тухай ярих болно оо доо. Тэдний зүтгэлээр төрийн тоонот хэмээн нэрлэгддэг Биндэр нутаг ямагт өнгөтэй, өөдтэй байдгийм болов уу.

Манай зочин, хөдөлмөрч бүсгүй С.Аюуш тэр түүхт ард олны нэг эд эс бөгөөд одоо ч нутаг усандаа нэр алдар нь хэвээр, ид залуугийнх шигээ эрч хүчтэй ажиллаж амьдарч явнам.

Тэр чухамхүү мартахын учиргүй алдар хүндийн эзэн, домогт нутгийн хүн хөдөлмөр хоёрын дундаас төрсөн охин мөнөөс мөн билээ л.

 

“БИ УХААНТАЙ ААВ, ИЖИЙГИЙН ХАЙРТАЙ ОХИН НЬ”

 

Бид саяхан Биндэр нутгийг зорьсон. Үдэш оройхон очих газраа хүрсэн нь “Онон, Дэлүүн болдог” нэртэй жуулчны нэгэн бааз байлаа. Урьд нь сураг дуулахнаа Хөдөлмөрийн баатар С.Аюушийн ажилладаг жуулчны бааз байдаг гэж. Эгнүүлэн барьсан буриад дүнзэн байшингуудын дундахад нь биднийг нэгэн эмэгтэй угтаж авлаа.

-За Та баатар уу гэвэл

-Аан. Би Аюуш байна гэж даруухнаар хэлж байна. Танимхайрах гэсэндээ жаахан бантаад дахиад юм асууж чадсангүй. Эрдэмтэй хүн даруу гэдэг шиг алдар хүндийн эзэн юм үзсэн толгой юм даа гэж бодов.

Ямартай ч нөгөө Хөдөлмөрийн баатар маань дүрээрээ мөнийг мэдэв.

Харин маргааш өглөө гарч харахнаа Биндэр сумын өмнөдөд Онон мөрөн, Хурхын голын бэлчирт хоноглосноо ухаарав. Бид тэндхийн үүх түүхтэй газруудаар аялаж ихийг үзсээн. Монголын Их хаан, эзэн Чингисийн өлгий нутаг гэдгээр нь бахархаж гишгэсэн газар шороо, өвс ногоог нь хүртэл хайрлах сэтгэл төрж байсансан.

Аялалынхаа нэг чөлөөнд нэгэн зорилгоо биелүүлсэн маань С.Аюуш баатартай ярилцлага хийж амжсан явдал байлаа. Түүний аав нь Пэрэнлэйн Санга гэж энэ л нутгийн нэртэй адуучин байж. Ёстой л  адууны хийморьтой эр. Морь сайхан уургална. Бас зэгсэн уяач хөгшчүүлийн ярьдгаар тэр шувуунд ч гүйцэгдэмгүй сайхан морьдтой байсан гэх. Тэгвэл ижий нь Сүхийн Надмид гэж малч гэдгээрээ нутаг усандаа шагшин яригддаг, үйлд уран, үгэнд цэцэн үлгэртэй нэгэн байж.

Өглөө бүхэн охиныхоо өмнө мойлтой цөцгий тавиад эгц ширтэх нь миний охин сайн хүн болоорой гэсэн захиас байжээ гэж С.Аюуш үгийн аятайг олж яадан магтаж байна лээ. Даангүй ижийнхээ сааль сүүнд гарамгай чанарыг би өөртөө шингээж авч чадсан юм шүү гэж ярив. Аюуш сумынхаа дунд сургуульд долдугаар ангиа төгсгөөд ангийнхаа 12 хүүхдийн хамт ХЗЭ-ийн илгээлт өвөртлөн малчин болж байв.

Тэдний олонх нь хожмоо сум, аймгийн аварга болжээ. Дархиа, Гомбосүрэн, Сэнжмаа, Од, Үржинханд гээд л. Одоо бүгд өвөө, эмээ нар гэж хөөрнөлээ. Саальчин хүний ажлын онцлог юу байдаг вэ? гэхэд С.Аюуш ярихдаа,

-Бид өдөр бүр давтагдмал ажилтай, түүндээ гаршчихсан байдаг байлаа. Үүрийн жингээр л босно. Саалиндаа гарна. Нар гарахад л үхэр, тугалаа бэлчээнэ. Дараа нь заводод сүүгээ тушаана. Идээ цагаагаа хийнэ. Бас оройн сааль. Тэр бүх ажил үдшийн бүрдийд л дуусна. Саальчин хүний ажил тийм л завгүй. Гэхдээ залуу ч байж. Урьдаа байгаа ажлыг хийх л ёстой гэж зүтгэж байлаа. Ер нь бүхнийг яаж амжуулж байсан юм бэ? гэж хожим нь бодогддог. Цаана нь зөвхөн үхэр биш хонь мал ноослох, ямаа самнах, намрын цагт хадлан бордоогоо бэлдэх гээд олон ажил давхцах үе бий. Малчин хүнд халуунд халах, хүйтэнд даарах энүүхэнд. Цастай бороотой, мөндөртэй, шуургатай өдөр алийг тэр гэхэв.

Тэр үед малчин хүн малтайгаа л сөрж зогсоно шүү дээ гэж байна лээ. Төр засаг эргэн тойрныхон маань байнга дэмжинэ. Ямар гэхэв. Дөнгөж 22 насандаа хөдөлмөрийн баатар болсон нь С.Аюушд их урам хайрлажээ. Гэхдээ би Хөдөлмөрийн баатар боллоо гээд онгирч бодож байсангүй. Харин би юу хийсэн хүн бэ? гэж бодохын оронд улам л сайн ажиллах юмсан. Надад ихийг бүтээх том даалгавар ирлээ гэсэн итгэл үнэмшилтэй л явж. Үнэндээ ч залуу хүнд урам зориг өгдөг тийм цаг үе байж дээ.

“Бүтээлч” нэгдлийнхэн гэхээр аймаг улсдаа нэртэй байж. Алдартай саальчдаараа улс орон даяар яригддаг. С.Аюушаас өмнө энэ нэгдлээс саальчин Цэвэлмаа гэж 18-хан настайдаа Сүхбаатарын одонгоор шагнагдсан нэгэн алдартан байсан гэдэг. Түүнтэй нэг бригад байсан Доржханд бас хожим нь Хөдөлмөрийн баатар болсон. За тэгээд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Дэлгэрмаа, улсын залуу аварга малчин Шүрэнцэцэг гээд олон хүн сааьчдын эгнээнээс тодорсон байдаг. Тэгэхээр Биндэрийнхэн бүтээлч удамтай юм л даа.

Зэргэлдээ Дадал, Норовлин, Хурх гээд үхрийн орон гэхээр сумдаас тийм сүрхий саальчин төрж байсангүй нь бас нэгийг хэлнэ. Өмнөх нийгэмд ажилгүй хүн байгаагүй ч хүний хөдөлмөрийг шударгаар үнэлдэггүй бүгд л жигд цалин хөлс авч байсан гэж яригддаг. Тэгвэл С.Аюуш саальчин бид хөдөлмөрөө зөв үнэлүүлж байсан юм шүү гэж байналээ. Жирийн саальчин төлөвлөгөө нормоо таслаагүй байсан ч хөдөлмөр өдрийн хөлс 150-210 төгрөг авдаг байхад Аюуш мэт сайчууд 600-700 төгрөгийн хөлс хүртэж байлаа. Жилийн эцэст хөдөлмөр өдрийн хөлсний 20 хувь гэж авахад 8000-9000 төгрөг ирнээ их мөнгө дөө. Сайхан л амьдарч байлаа гэж баатар маань хуучилна лээ.

Малч ухааны их далай, ажилч хөдөлмөрчийн том төлөөлөл аав, ижийгийн охин болж төрсөндөө бас аливааг таних насандаа малчин болсондоо баярлаж явдгаа тэр дахин дахин хэлж байсан юм.

 

ЦЭЭЖИНД БАГТАМГҮЙ БАЯРАА ГЭЖ...

Хөдөлмөрийн баатар С.Аюуш, Д.Цэнд-Аюуш нар ардын жүжигчин зохиолч Э.Оюуны хамт.

-Би хоёр ч удаа их баярласан хүндээ гэж С.Аюуш ярьсан юм.

Эхнийх нь гэвэл амьдралын хань С.Батдэлгэртэйгээ өрх гэрээ барьж хуримласан баярт өдрүүд байж. Хөдөөнийхөн яаж хуримладаг вэ тэр бүхнийг гүйцээж нутаг усныхнаа нэг биш нэжгээд өдөр цэнгүүлсэн гэдэг.

Нөхөр С.Батдэлгэр нь политехникумд суралцаж байхдаа цэрэгт явж гурван жил албаа хаагаад сургуульдаа эргэж очилгүй нутагтаа байхдаа С.Аюуштай учирсан юм билээ.

Түүнийг сургууль соёл биш ханийн аз жаргал л дуудсан юм биз. Тэдний хурим нижгэр болсон гэдэг. Хурим хийхийг нь мэдсэн юм шиг Улсын аварга малчны шагналын таван ханатай бүрэн тавилгатай эрээн гэр тэдний гадаа нэг л өдөр буусан байдаг. С.Батдэлгэр үеийнхэндээ гэр бэлэн гэргий бэлэн гэж ярьж явсан байж таарна байх.

С.Аюушийн аав, ижий тугалтай үнээ морьд бас нижгээд бог мал өгч. Тэгвэл хадам ижий Ц.Хорол гэж буурал хүүгийнхээ хуримд 5000 төгрөг бэлэглэсэн нь алсын хараатай, хашир хүний өглөг байлаа. Уг нь хүү, бэр хоёртоо гэр бэлдэнэ гэж хадгалсан юм нь тэр байжээ. Хүний амьдралд ганцхан тохиолдох тэр хуримынхаа тухай С.Батдэлгэр, С.Аюуш хоёр дурсан ярих тун дуртай гэнэ. Дараагийн нэг том баяр нь С.Аюушийг Хөдөлмөрийн баатар цол хүртээд ирэхэд нь аймаг, суманд хүндэтгэлтэй хүлээж авсан тэр мөч санаанаас нь хэзээ ч гардаггүй гэсэн юм. Хэнтийн онгоцны буудалд пионерууд шугам жагсаалдаа жигдэрчихсэн хөдөлмөрчид ах дүүсийн төлөөлөл бүрэн ирчихсэн хөгжим хангинаад л...

Хүмүүс баяр хүргээд туг дарцаг барьчихсан, бөөн л баяр хөөр. Харин сумын намын үүрийн дарга Сэнгэрэнцэн л Аюуштай гар барьсангүй зай бариад байж. Энэ тухайд хожим сонсоход “Чамд ойртох гэхээр өөрийн эрхгүй нулимс урсах гээд” гэж байсан гэдэг. Дараа нь сумандаа ч мөн л хөлтэйхөн угтаж. Аав, ижий нь баяр ёслолын газарт гэр бариад идээ унд зэхчихсэн. Дарга нараас эхлээд үг хэлж баяр хүргээд. Аав нь уяхан юм болохоор нулимсаа барьж чадахгүй л харагдаж. Энэ үед С.Аюушийн сэтгэл юу багтаж байв гэвэл “Би Хөдөлмөрийн баатар болоод ирлээ. Энэ бол аав, ижий минь бас “Бүтээлч” нэгдлийн хамт олны маань хүч юм” гэх хэрсүү бодол л байлаа. Юу нь хэрсүү юм бэ? гэвээс олон түмний энэ их хайр хүндэтгэл, баяр хөөр, надад улам ихийг хийж бүтээгээрэй гэсэн захиас юм шүү гэсэн санаа байв.

Хөдөлмөрийн баатар болохоосоо өмнө улсын хошой аварга малчин, МХЗЭ-ийн Тэргүүний малчин залуу алтан медаль, аймаг сумын аварга гээд шат дараалсан алдар хүнд түүнд тийм хэрсүү ухаан хайрласан байлгүй дээ. Бүхэнд хүлээцтэй хандаж байв. Бас МХЗЭ-ийн 17, 18 дугаар Их хурлын төлөөлөгч, ХЗЭ-ийн төв хорооны бүгд хурлын гишүүн төдийгүй Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогдож байжээ. Энэ нь найман жил төр түшилцсэн гэсэн үг юм. Тийм болохоор улс, аймгийн хэмжээний хурал номд оролцох урилга заллага тасрахгүй л дээ.

 

БААТАР МААНЬ ӨНӨӨДӨР ХЭРХЭН АМЬДАРЧ ЯВНА ВЭ?

С.Батдэлгэр хоёр хүүгийн хамт.

-Манайхан сумын төвөөс зүүнтээ 40-өөд км-т явж очих газар байгаа. Онон Балжийн тэртээ Амгалант хэмээх дасал болсон сайхан нутагтаа суугаа л даа гэж С.Аюуш баатар хэлнэ лээ.

-Та чинь энэ жуулчны баазын эзэн юм уу гэвэл

- “Онон, Дэлүүн болдог” нэртэй энэ жуулчин, гийчин саатах газар чинь миний хүү Б.Өнөржаргалынх л даа. Би яахав намар, зуны цагт энд байж зорчигчдод байр, цай хоолоор нь үйлчилж байдаг юм. Ер нь бол хүүдээ л тусалж яваа нь энэ. Тийм болохоор энэ газрыг Өнөржаргалынх гэхээсээ манай нутгийнхан тэр мэддэгээрээ “Аюуш баатрын жуулчны бааз” гэж ярьдаг болчихсон юм л даа гэж даруухан хэлнэ лээ. Харахнаа энэ хүн л уг баазын ажлыг нуруундаа үүрч явдаг юм байна гэж хэлэхээс аргагүй дүр зураг байх аж. Тэгвэл малчин С.Батдэлгэрийнх Амгалантдаа намаржиж одоо өвөлтэйгөө золгоод байгаа юм байна. С.Аюушийн эзгүйд хань С.Батдэлгэр нь ёстой л гэрт, гадаах бүх ажлаа амжуулж байна. Үнээгээ саах, сүү цагаагаа хийх, хадлан бордоогоо авах ажилд огтхон ч түүртдэггүй нэгэн гэнэ.

Миний хань ажилд нухлуулж намайгаа бүрэн орлож нэгэн айлын ажлыг  амжуулж өдий хүрлээ дээ гэж эерүү үгээр С.Аюушийн нөхрөө магтахад хажуугийн хүнд ч хайр төрүүлэм санагдаж байлаа. Тэдний нутаг Онон Балжийн тэртээх Амгалант, Баруун манхтай, Их тал хэмээх чулуу нь хүртэл урган төлжим ивээлтэй газар.

Яг тэнд дээ. 1989 онд үнээний том ферм баригдаж С.Аюушийн нэрэмжит болгосон байдаг. Гэтэл 1990 онд зах зээлд орлоо юм болоод хайран ферм нь тарсан ч С.Батдэлгэрийнх тэндээ 10 гаруй тугалтай үнээ бас бус малаа адгуулан төрөлх нутаг усандаа эзэн сууж, аж төрж байгаа юм байна. Тэднийх Б.Өнөржаргал, Б.Өлзийжаргал гэсэн дэрсхэн хоёр хүүтэй. Тэд нь аль хэдийнэ эрийн цээнд хүрч гурван гурван хүүхэдтэй болсон өнөр бүлийн тэргүүнүүд.

 

ТЭМДЭГЛЭЛДЭЭ ЦЭГ ТАВИХ ҮГС

 

Биндэр бол уул, усны сайхан жигдэрсэн, домог түүхэндээ мөнхөрсөн нутаг. Тийм болохоор энэ нутагт төрж өссөн хүмүүний амьдрал, хувь заяа гүн гүнзгий шүтэлцээнд эргэлддэгиймаа. Эргэцүүлж бодохуйд жаргал зовлон баяр гуниг, хайр дурлал, ханашгүй их хөдөлмөрийн давалгаанд хүмүүн өөрөө элэгдэж цагийн урсгалыг ч залдаг ажээ.

Энэ бүхнийг ажил амьдралаараа даван туулж яваа, цаг хугацааг эзэгнэгч нэгэн бол манай сонины энэ удаагийн зочин, хөдөлмөрийн баатар С.Аюуш билээ. Тэр эх орноо, элгэн саднаа цуцашгүй хөдөлмөрч чанар, сэтгэлийн бүүвэйгээр аргаданхан амьдарч явна. Урт насалж удаан жаргаарай хэмээн ерөөе.

Энэ цагийн даваан дээрээс харвал хүн нэг бол баян, эсвэл их ухаантай, заавал ч үгүй өндөр боловсролтой байх албагүй мэт. Харин өнөө цагийн үймээн шуугиант хорвоо дээр дутуу юм юуг ажвал хүний сайхан сэтгэл, хүнлэг ёс эрэл сурал болох шахсан үед С.Аюуш баатар шиг ийм л хүмүүсийн үгийг анхааран сонсож туулж ирсэн амьдралаас нь суралцах ёстой юм даа гэсэн үгээр тэмдэглэлээ төгсгөмүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.30 ДАВАА № 228 (6453)

Mundag emegtei dee. Urt nasalj udaan jargaarai.
Бадмаа
Алдар суу нь орон даяар түгсэн залуухан саальчны тухай зөндөө уншиж.бахархаж явдаг байлаа.
Номингэрэл
Баярлалаа
Д.Цэцэгмаа
Ангийн маань охины тухай бичсэнд маш их талархлаа.Үнэхээр ажлын төлөө төрсөн хүн дээ.Бид нар саяхан 2020.10.19-нд уулзсан.БА суманд Ц.Дамдингийн ЦХН-д оролцсон доо
зочин
Чухам ийм гайхамшигт хүмүүс Монгол улсыг өргөж авчирсан юм даа. Тэдний үйлс хөдөлмөрийг үгүйсгэж хоосон ардчилал донгоссон хулгайч булай бузрууд улс шг улсыг 30 жилд оронцог болгож амжлаа.Баатарт эрүүл энх саруул сайхан урт насалж удаан жаргахыг ерөөе.
DR MAXWELL..
Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL