С.УЯНГА

 

Манай улс COVID-19 цар тахлын дотоодын халдвар намжихгүй байна. Тухайлбал, сүүлийн 24 цагт шинээр 24 халдвар бүртгэгдэж, Архангай аймагт голомт нэмэгдсэнийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр, ЗӨСҮТ, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид  9513 сорьцод шинжилгээ хийхэд 24 хүнээс COVID-19-ийн халдвар илэрсэн. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын тохиолдлын  тоо 784. Дотооддоо халдвар 341 боллоо Үүнээс эдгэрсэн 354, нийт 421 хүн эмчлэгдэж байгаагийн дотор биеийн байдал нь хүнд тав, хүндэвтэр 71, хөнгөн 339 хүн, нутаг буцсан есөн хүн байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол ОХУ-аас Алтанбулаг боомтоор орж ирсэн тийр автомашины жолоочийн давтан шинжилгээнээс илэрсэн” гэв.

Хамгийн сүүлд халдварын голомт хүрээгээ тэлж Архангай аймагт хоёр иргэний шинжилгээний хариу эерэг гарснаар 200 гаруй хүнийг тусгаарлаж Батцэнгэл суманд онцгой хөл хорионы дэглэм тогтоогоод байна.

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Архангай аймагт халдварын голомт нэмэгдлээ. Манайд тархалтын эрч хурдацтай байна. Одоогийн байдлаар найман голомтод 4100 хүн халдварын хавьтал болоод байна. Манай улсад нэг хүн багадаа 60, дээд тал нь 149 хүнтэй хавьтал болжээ. Нийслэлийн хэмжээнд 4002 хүн түргэн оношлуураар шинжилгээнд хамрагдлаа. Гашуунсухайт боомтод 1477 хүнд шинжилгээ хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй. ЭМЯ-ны 119 тусгай утсанд 422 хүн хандаж, зөвлөмж зөвлөгөө авсан. Халдвар гарсан газруудад өдөр бүр ариутгал хийж байгаа. Томуугийн вакциныг аравдугаар сарыг дуустал улсын хэмжээнд хийсэн. 515 мянган тунг эрсдэлтэй бүлгийн хүмүүст хийж, дархлаажуулсан. Дархлаа сайтай хүн халдвар авсан ч хүндрэхгүй, богино хугацаанд эмчлэгдэх боломжтой. Архи согтууруулах ундаа хүний дархлааг сулруулдаг. Архи пиво, тамхи хэрэглэдэг хүмүүс коронавирусийн халдвар авбал хүндрэх аюултай. Коронавирус гадаа агаарт эргэлтэд ороод байхгүй. Харин битүү, вакуум орчинд илүү үржих чадвартай. Мөн хүйтэн тэсвэртэй. БНХАУ-ын хөлдөөсөн бүтээгдэхүүн, сав баглаад нь коронавирус илэрч байна. Мөн БНСУ-д гаднаас ирсэн бараа хадгалдаг хүйтэн агуулахад илэрсэн. Дэлхийн эрдэмтэд ч хүйтний улиралд томуутай коронавирус хавсрах магадлалтай гэж анхааруулж байсан. Тиймээс коронавирусийг хүйтний улиралд тэсвэргүй гэж ойлгож болохгүй” гэсэн мэдээллийг өгөв.

Мөн ээлжит хуралд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр оролцож мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Сүүлийн 48 цагийн байдлаар 143 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн. Улсын хэмжээнд 9560 иргэн гэрийн ажиглалтад байна. Гэрийн ажиглалтын 14 хоногийн хугацаанд иргэдийг дэглэм барихыг сануулж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 26 тусгаарлах байруудад 1403 иргэн, хөдөө орон нутагт 953 иргэн тусгаарлах байранд байна. Нийт 2356 иргэн улсын хэмжээнд тусгаарлалт, ажиглалтад байна. Ойрын хавьтлын 217 иргэнийг өнгөрсөн хугацаанд тусгаарлалаа. Замын-Үүд сумаас 60 гаруй төмөр замчин гэртээ ирж байна. Эдгээр төмөр замчдаас халдвар илрээгүй. Нийслэлийн хэмжээнд 4241 алба хаагч, 223 техник хэрэгсэлтэйгээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. 7207 алба хаагч ээлжийн үүрэг гүйцэтгэж байна” гэв.

Энэ сарын 29-нд

Улаанбаатар хотод  тав нэмэгдэж 75

Сэлэнгэд долоо нэмэгдэж 174

Дорноговьд нэмж илрээгүй, нийт тохиолдол 21

Орхонд нэмж илрээгүй, нийт тохиолдол 22

Дархан-Уулд ес нэмэгдэж,  44

Говьсүмбэрт нэмж илрээгүй, нийт тохиолдол гурав

Архангай аймагт шинээр хоёр нэмэгдэж, нийт тохиолдол хоёр

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.30 ДАВАА № 228 (6453)