Ч.ЗОТОЛ

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ “Дуунд залбирсан тавилан” уран бүтээлийн тоглолтоо энэ сарын 28-нд UB palase-ийн их танхимд хийхээр товлосон нь хөл хорионы улмаас тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Иймд тэрээр үзэгч, фенүүддээ хандан  өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ “Бид бүгдээрээ  төрийнхөө  шийдвэрийг хүндэтгэн биелүүлэх учиртай. Эрүүл байхад бүх зүйл сайхан болно. Би бие даасан уран бүтээлийн  тоглолтоо хийлгүй найман жил хүлээлтийн байдалтай явж ирсэн. Ингээд өнгөрсөн хавар буюу  гуравдугаар сард хийх гэж байтал хөл хорио зарлагдсан. Сая хийх гэтэл мөн улс даяар хөл хорио тогтоолоо. Тоглолтоо онлайнаар юм уу, телевизтэй хамтран хийх талаар судалж үзсэн ч  хөл хорионы үед ийм боломж нь хязгаарлагдмал юм. Онлайн байдлаар хийх гэхээр ганцаараа дуулаад баймааргүй. Ер нь бол тоглолтоо нэлээд  өргөн хүрээнд  хийхээр “Морин хуур”-ын чуулгыг анх байгуулагдахад орж ажилласны хувьд хамт олноо урьж, шавь нараа оролцуулж, дээр нь хөтлөгч, зочин хөтлөгч, хөгжмийн бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгуулахаар бэлдэж байсан. Тоглолтын тасалбар  ч бас борлуулагдаад эхэлсэн байсан. Гэвч нэгэнт улс орон даяар   хөл хорионы нөхцөл байдалд шилжлээ. Цаг сайхан болтол  миний бие төрийнхөө шийдвэрийг хүндлэн сахиж байгаад   түмнийхээ итгэлийг  хөсөрдүүлэхгүй биелүүлэх болно.  Олон нийтийн арга хэмжээ хэвийн горимд шилжсэн  үед  тоглолтоо заавал  толилуулах болно. Иймд тасалбар авсан хүмүүстээ “Тасалбараа хадгалж байгаарай” гэж захия.  Тасалбараа буцаах бол  дагаж очсон дууны цомгийг салгалгүй авсан газартаа буцааж болно” гэлээ. Гэхдээ Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн уран бүтээлд дуртай үзэгч фенүүдийн олонх нь нэгэнт авсан  тасалбараа буцаахгүй, цаг сайхан болохоор уран бүтээлийн тоглолтоо заавал хийгээрэй гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлсээр байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn