С.САРУУЛ

 

УИХ-ын хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэж байна. COVID-19-ийн цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг тус тус импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг хийхээр төсөлд тусгажээ. Түүнчлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос, өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/"-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Хуулийн төслийг баталсан өдрөөс нь эхлэн 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөх юм байна. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Импортлогчдыг зөвхөн татвараас чөлөөлөөгүй. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр боловсруулсан ургамлын тос, дотооддоо үйлдвэрлэсэн бүх төрлийн малын тэжээл, бүх төрлийн хүнсний будааг НӨАТ-аас тус тус чөлөөлнө. Вакцин ч гэсэн НӨАТ-аас чөлөөлөгдсөн. Энэ асуудлыг УИХ шийдсэн. 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-аас холбогдох хуулийг баталсан. Энэ хууль 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хэрэгжинэ” гэв.

 

Эх сурвалж: www.polit.mn