МАН-ЫН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭЭС ШААРДАХ НЬ

0
хуваалцах
290
үзсэн

2020.11.23                                                                                                                 Улаанбаатар хот

Хариуцлага тооцох тухай

Монгол Улс шинэ коронавирусын халдварыг дотооддоо алдаж, цар тахлаар өвдсөн хүмүүсийн тоо өдөр бүр арав, арваараа нэмэгдэж байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын 2 дугаар зэрэгт шилжиж,  цар тахал нийт иргэд, тэр тусмаа хүн амын хамгийн их төвлөрөлтэй нийслэл Улаанбаатарын иргэдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлж, аюул нөмөрсөн байхад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумьяабазар хотынхоо иргэдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулсан хэд хэдэн алдаатай шийдвэрийг гаргалаа.
Бүх нийтээр хорио цээрийн дэглэм үйлчилж эхэлсэн өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн 1,5 сая иргэдэд зориулж хотын 15-хан цэгт улсын нөөцийн мах худалдаалж, иргэдийг олноороо цугларах нөхцлийг бүрдүүлснээр цар тахлын тархалтыг хумих биш харин нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэв. Хоёр метрийн зай барих журамтай иргэд нөөцийн махны төлөө аюулгүйн санамжийг зөрчиж, олноороо нэг дор цугларч дугаарласан явдал нь яахын аргагүй хотын даргын буруу шийдвэрийн үр дүн мөн юм. Үүгээр зогсохгүй цар тахлын үед ажиллаж болохоор зөвшөөрөгдсөн байгууллагуудын ажилтанд тээврийн хэрэгслийн зорчих тусгай зөвшөөрөл олгоно хэмээн мэдэгдэж хөл хорионы үед иргэдийг дахин олноор нь цуглуулж НОК-ын дарга аюулгүйн санамжийг дахин зөрчив. Ингэж иргэдийг олноор нь цуглуулсан мөртлөө тусгай зөвшөөрөл олгох тухай асуудлыг цуцаллаа хэмээн мэдэгдэж иргэдийг дахин бухимдуулж, үүнээс болж Хангарьд ордны гадна эмх замбараагүй байдал үүсч хөл хорионы үед өвчний тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байдал үүсэв. 
Нийтийг хамарсан хөл хорионы үед иргэд 17:00-20:00 цагт гэртээ харих, дэлгүүрүүд 21:00 цагт хаах, хүнс түгээлтийн автомашин 22:00 цагаас эхлэн замын хөдөлгөөнд орох гэхчлэн удаа дараа эргэж буцсан, нэг нэгийгээ үгүйсгэсэн зөрчилтэй шийдвэрүүдийг гаргаж өнөөдөр гаргасан шийдвэрээ маргааш цуцлах зэргээр иргэдийн толгойг эргүүлж байгаагаас үзэхэд цар тахалыг даван туулах төлөвлөгөөгүй байгаагийн дээр өөрт нь шаардалагатай мэдлэг чадвар байхгүй нь тодорхой харагдаж байна.
Энэ байдал нь  цар тахал дэгдэж хөл хорио тогтоосон энэ үед иргэдийг улам бүр айдаст автуулж  цаашид эмх замбараагүй, тогтворгүй байдал үүсгэж, бий болсон эрсдэлтэй нөхцөл байдлыг улам хүндрүүлэх шалтгаан болж байна.
Д.Сумъяабазар Засаг дарга үүрэгт ажлаа сайн хийж чадахгүй байгаа мөртлөө ялархаж УОК-ын хурал дээр “Нойр хоолгүй зүтгэж, олон хүнийг удирдан зүдэрч байна” гэх зэргээр хариуцлагагүй мэдэгдэл хийсэн нь иргэдийн бухимдлыг улам бүр дэврээж “Нийслэлийн Засаг даргыг амраая, Хотын даргын ажлыг чадах хүнд нь өгье” гэх зэрэг шүүмжлэл өрнөхөд хүргэж байна. 
Түүний энэ мэт алдаатай шийдвэрүүд, амнаас гарсан хариуцлагагүй үг нь энэ албан тушаалтан цаашид нийслэл хотын Засаг даргын ажлыг хийж чадахгүйг нотолж байна.
Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумьяабазартай хариуцлага тооцож нэн даруй үүрэгт ажлаас нь ажилдаа тэнцэхгүй байгаа үндэслэлээр чөлөөлөхийг шаардаж байна.
Нийслэлийн иргэд үүссэн хүнд нөхцөл байдалд эрсдэлд дахин дахин ороод байх нь коронавирусын цар тахал өвчин улсын хэмжээнд улам хүчтэй тарах аюулыг нэмэгдүүлж байгаа учир Ерөнхий сайд та энэхүү Шаардлагад дурдсан шийдвэрийг цаг хугацаа алдалгүй намчирхалгүйгээр гаргана гэдэгт найдаж байна.
Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намууд болон бие даагч энэхүү Шаардлагыг дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна. Ялангуяа сөрөг хүчин болох Ардчилсан нам, эрх баригчдын алдаа дутагдлыг илрүүлэн шүүмжилж хариуцлага тооцохыг шаардах үүргээ биелүүлж ажиллахыг сануулж байна. 

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ