С.САРУУЛ

УОК-оос орон нутгаас ирж, очих иргэдийг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Хотоос орон нутаг руу явах 85000 хүн хүсэлтээ илэрхийлсэн бол нийслэл рүү ирэх  5300 орчим иргэн байгаа аж.  Тэдний 70 хувь нь нийтийн тээврээр зорчих хүсэлт өгчээ. Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой ажлын  хэсэг арваннэгдүгээр сарын 24-нд байгуулагдсан бөгөөд иргэд юуг анхаарах талаар Зам тээврийн хөгжлийн яамны ТНБД С.Батболд “Нийтдээ 100 гаруй мянган зорчигч шилжилт хөдөлгөөн хийх тооцоо гарсан. Арваннэгдүгээр сарын 29-нөөс шинжилгээ авч эхэлнэ. Орон нутагт зорчихдоо 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байх ёстой. Шинжилгээ авах 20 цэгийн нэмж байгуулна. Тээвэрлэлтийг нийтийн тээвэр болох хувийн гэсэн хоёр янзаар зохион байгуулна. Аль болох иргэд, үйлчилгээний байгууллага хоорондоо бага харилцахад анхаарна. Иргэд 119.mn  рүү орж бүртгүүлнэ. Асуумжийг нарийн дэлгэрэнгүй бөглөснөөр тухайн иргэний хүсэлт явах чиглэлийг харж байгаад шинжилгээ өгөх цагийн хуваарь, байршлыг цаанаас нь автоматаар гаргана. Улаанбаатарт PCR шинжилгээ авна. Хариу сөрөг гарсан тохиолдолд цахимаар тасалбараа худалдаж авах ёстой. Нийтийн тээврийн үйлчилгээ авахдаа бөөгнөрөл үүсгэхгүйн тулд автобусны цагийн хуваарийг зөрүүлнэ. Замд тогтоосон цэгүүдэд зорчигчдыг буулгаж, суулгах, хаана ямар хурдтай явж байгааг байнга цахимаар хянасны үндсэн дээр  орон нутгийн Онцгой комисс хүлээн авч гэрээр 14 хоног тусгаарлана. Орон нутгийн иргэдийг буцааж дууссаны дараа оюутнуудыг хамруулна” гэлээ. Мөн иргэдийг хүсэлтийн дагуу агаарын тээврээр тээвэрлэх боломжтой юм байна.

Эх сурвалж: www.polit.mn