Б.ДОЛЖИНЖАВ

Шотланд улс зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг иргэн бүр үнэ төлбөргүй авах боломжийг бүрдүүлсэн дэлхийн анхны улс боллоо. Тодруулбал, тус улсын парламент зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг үнэгүй болгох хуулийн төслийг өчигдөр баталсан байна. Хуулийн дагуу тампон, ариун цэврийн хэрэгслийг хэрэгтэй хүн нь үнэгүй авах юм.  Энэ талаар Хөдөлмөрийн намын гишүүн Моника Леннон “Цар тахлын үеэр зайлшгүй шаардлагатай тампон, ариун цэврийн хэрэгсэл, дахин ашиглаж болох бүтээгдэхүүний хүртээмжийг сайжруулах ажлыг зогсоож болохгүй” гэжээ.

Хэдийгээр иргэн бүр гэж заасан боловч дээрх нэр бүхий бүтээгдэхүүнийг бага орлоготой иргэдэд үнэ төлбөргүй тараах юм. Үүндээ Шотландын Засгийн газар 5.2 сая евро зарцуулахаар төлөвлөжээ. Эдгээр бүтээгдэхүүнийг бага орлоготой өрхүүдэд хүргэх үйлчилгээнд хагас сая евро зарцуулах юм. Энэ хууль хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна.

Эмэгтэй хүний сарын тэмдэг таван өдөр үргэлжилдэг. Шотландад нэг сар хэрэглэх тампон болон ариун цэврийн хэрэглэлийн үнэ найман евро байдаг боловч зарим нь үүнийгээ авч чаддаггүй байна. Сургууль, коллеж, их сургуулийн 2000 орчим сурагч, оюутны дунд явуулсан судалгаагаар дөрвөн хүүхэд тутмын нэг нь  дээрх бүтээгдэхүүнийг үнэгүй олгохыг зөвшөөрчээ.  Тиймээс их сургууль, коллеж, сургуулиудыг дээрх бүтээгдэхүүнийг үнэгүй тараахыг зөвшөөрсөн байна.

Үүнээс гадна Их Британийн охид бүсгүйчүүдийн 10 хувь нь ариун цэврийн хэрэгслээ авах чадваргүй, 15 хувь нь худалдан авахад хүндрэлтэй байдаг, 19 хувь нь үнийн улмаас тохирохгүй бүтээгдэхүүн худалдан авахад хүрсэн гэсэн судалгаа гарчээ.  Энэ нь залуу охидын тулгамдсан асуудал болдог гэдгийг судлаачид онцолжээ. Тухайлбал, 14-21 насны охидын 70 хувь нь ариун цэврийн хэрэглэлээ худалдан авахаас ичдэг байна.

Эх сурвалж:BBC