А.ДОРЖХАНД

 

 Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул, ХААИС-ийн хүндэт профессор, тод манлай уяач Б.Содномцогтой хурдан адууны үржлийн талаар хөөрөлдлөө.

 

-Сүүлийн хэдэн жил уяачид хурдан адуугаа дуудлага худалдаагаар зарах боллоо. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Үүнийг маш зүйтэй зүйл гэж боддог. Учир нь залуучууд өөрийн бий болгож буй цөм адуу болох бүл адуунаасаа хурд хувааж Монголын бүх уяач, морь сонирхогчиддоо зориулж ийм арга хэмжээ зохион байгуулж буйд баяртай байна. Биднийг анх Монголын морин спорт уяачдын холбоог байгуулж байснаас хойш цаг хугацаа хурдан өнгөрч хэдийнэ 20 гаран жил өнгөрсөн байна. Энэ холбоог анх байгуулалцсан цагаас өдийг хүртэл холбоотойгоо хамт байгаа хүний хувьд уяачдын холбооны үйл ажиллагаа  ч мөн өргөжин тэлж хурдан морины уралдааны дэг журам, үржлийн ажил шинжлэх ухааны үндэстэй өндөр шатанд гарч байна гэж харж байна даа.

-Адууны үржил селекцийн ажлыг зарим нэг хүн монгол адууг үгүй хийх нь гэж ярьдаг. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?

-Монгол адуу гэж чухам ямар адууг хэлээд байгаа юм. Тэд ч мөн үржил селекциэр гарч ирсэн адуу шүү дээ. Бидний өвөг дээдэс XIII зууны үед адууны яамтай байсан. Өнөөдөр дэлхий нийтийг холбож буй интернэт гэдэг шиг өртөө, улаа нэхэх, дайн байлдаанд оролцох зэрэг адууны хүч чадлаар монголчууд ихийг бүтээж байсан. Үүний тулд адуугаа сайжруулах шаардлага заавал гарч ирнэ дээ. Тиймээс тухайн үед ч адуугаа сайжруулж байсан. Үүний дүнд өнөөгийн бидний монгол адуу гэж нэрлээд буй хүйтэн халуунд тэсвэртэй, аянд сульдаггүй ийм адууг гаргаж авсан. Дараа нь Богд хааны үед Сэцэн хан аймгийн  Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав Гал шар адуу гэж гаргаж авсан. Мөн Манжийн үед Богдын сүргийг Дарьгангын хошуунд адгуулдаг байсан “Сүрэгчин” хошуу гэж байсан. Монголчууд адуунаасаа хэзээ ч холдож үзээгүй ард түмэн. Ер нь хүн төрөлхтөн үүссэн цагаас аливаа зүйлийн шинийг эрэл хайгуул хийж байдаг. Өнөөдөр үүний л нэгэн адил адуугаа цусыг нь сэлбэж хурдны чиглэлээр гарган авч цаг үетэйгээ хослоод л явж байна. Спортын хурдны чиглэлээр үржүүлж байна үүнийг ойлгох хэрэгтэй.

-Адууны угшлыг холдуулаагүйгээс хурдан адууны удам тасардаг ч гэдэг үг байдаг?

-Тэгэлгүй яах вэ. Сайн адуунд салхи оруулж байх хэрэгтэй гэдэг хуучны үг бий. Хуучны наадмууд дээр уралдаад ирж буй адуу барианд орохдоо алхаж шогшиж ордог байсан бол одоо тийм зүйл үгүй болсон. Харин ч одоо наадам үзэхэд бариан дээрээ илүү тэмцэлтэй уралдаанууд гарах болсон. Түүнээс хэсэг хүн монгол адуугаа үгүй хийх гээд байгаа зүйл огтоос биш. Адуу болгон хурдан биш. Манай зарим уяач таваарын  адуу хурдны адуу хоёроо ялгаж салгах хэрэгтэй. Ер нь сайн адууны суурин дээр салхи оруулж байхгүй бол үгүй болж буй жишээнүүд бий. Энэ бол Гал шар, Баянцагааны адуунууд хуучны тэр хурдны чиглэлийн адууг ахиад өөр адуутай үржил хийсэн бол өнөөдрийг хүртэл хурдалж л байх байсан. Үүн дээр улсаас, шинжлэх ухааны байгуулагууд оролцох хэрэгтэй. Адууг дагасан их соёл бидэнд бий шүү дээ.

-Адуу дагасан соёлын талаар ярьвал?

-Тэгэлгүй яах вэ. Морь уургалах, чөдөр тушаа зангидах, дэлийг нь сайхан сумлаж засах гэх мэт хэлж барамгүй олон соёл байна. Үүнийг судалж үлдээх хэрэгтэй. Монгол өв соёл хэмээх гуравхан үгэнд их нандин зүйлс хадгалагдаж буй. Үүнийг бид хайрлан хамгаалж үр хойчдоо үлдээх учиртай. Өмнө нь бид мал аж ахуйн тоног хэрэгслээ хийчихдэг байлаа.

Үүнд сур элдэх, таван хошуу малынхаа тоноглолыг сэргээж үүнийгээ дагаад арьс ширний үйлдвэрийг сэргээх хэрэгтэй санагддаг. Өмнө нь ардын уламжлалт аргаас гадна үйлдвэрийн  аргаар сурыг боловсруулж байлаа. Гэтэл өнөөдөр зах дээр Хятадын мяндсаар хазаар ногт хийгээд зарж байна. Энэ нь үнэтэй байхаас гадна ус бороонд амархан тасрах нь манай байгаль цаг уурт тохирохгүй зүйл ажиглагддаг. Тиймээс үндэсний гэсэн бүхнээ бид өргөжүүлэн хөгжүүлэх хэрэгтэй боддог доо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.24 МЯГМАР № 225 (6450)