Т.САЙХАН

 "Коронавирусийн эсрэг бүтээж буй вакцинууд ба Монголчууд" сэдвээр доктор Ж.Амарсанаа АН-ын гишүүдэд өнөөдөр /11.23/ илтгэлээ танилцуулав. Түүний илтгэлээс онцлон хүргэж байна.                                               

Дэлхийн хэмжээнд 470 гаруй байгууллагын 34 улс вакцин бүтээх судалгаанд  оролцож байна. Хөгжүүлж буй вакцинуудаас эмнэлзүйн судалгаа буюу өвчтөн дээр судалж эхэлсэн 33 судалгааны хүрээлэн бий гэдгийг тэрээр тодотголоо.

“MODERNA” ВАКЦИН:

-Эмнэлзүйн судалгаа хамгийн эхэнд хийгдсэн нь АНУ-ын “Moderna” компанийн вакцин. Одоогийн байдлаар тус вакциныг жилдээ 500 саяас 1 тэрбум тунг үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа.  Уг вакцины вирусээс хамгаалах чадвар нь 94.5 хувь. Гаднын эх үүсвэрээр санхүүжигдэх учраас хуваарилалтын асуудал эхлээд яригдана. Уг компани нь технологийн хувьд шинэлэг, анх удаа өргөн хүрээнд туршигдах гэж байгаа. Үнийн хувьд 1 тун нь 32-34 ам.доллар. Дунджаар нэг хүнийг вакцинжуулахад 70-75 ам.доллар  шаардлагатай гэсэн тооцоолол гарсан.

"КЮРВАК" ВАКЦИН:

-Дараагийн вакцин болох 90 хувийн үр дүнтэй ХБНГУ болон АНУ-ын хамтарсан "Кюрвак" нэртэй вакциныг үйлдвэрлэж 30 мянган хүнд туршилт хийсэн. 2020 онд 100 сая тун, 2021 онд 1.3 тэрбум тунг үйлдвэрлэх чадалтай гэж мэдээлсэн. Санхүүжилтийн эх үүсвэр нь АНУ, Германаас гарч байгаа учраас эдгээр улс  хамгийн эхэнд худалдаж авна. Үнийн хувьд 1 тун нь 19 ам.доллар.

ОХУ-ЫН "ГАМАЛЕЯ":

-Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн гаргасан вакцин. 2020 оны сүүлээр гэхэд 200 сая тунг үйлдвэрлэх хүчин чадалтай. Гадаад эх үүсвэрээс санхүүжүүлсэн байдал нь одоогоор тодорхойгүй.

ОХУ "СПУТНИК-5":

-Уг вакциныг  ОХУ түрүүлж зарласан. Эхний ээлжинд эмч, багш, төрийн зарим албан хаагчдаа вакцинжуулаад эхэлсэн.Үнийн хувьд тодорхойгүй. Хамгаалах чадвар нь 92 хувь гэж зарласан. Хэдийгээр шүүмжлэл их дагуулж байгаа ч гэсэн үр дүнтэй вакцин гэж үзэж байгаа.

ОХСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН ГАРГАСАН "АСТРА ЗЕНЕКА" ВАКЦИН:

-Вирусийн ДНХ төрлийнх.  ОХУ "Спутник-5"  вакцинтай ижил төстэй. 2021 онд 2 тэрбум тунг үйлдвэрлэнэ гэж амласан. Энэ нь дэлхийн 1 тэрбум хүнийг вакцинжуулна гэсэн үг. АНУ-аас 1.2 тэрбум төгрөг, СЕIP олон улсын байгууллагаас 300 сая ам.доллар, GAVI-гаас 367 сая ам.доллар, Их Британи улсаас 80 сая  ам.долларын санхүүжилт тус тус авсан. Туршилт явуулахад, нэг хүнд мэдрэлийн шинж тэмдэг илэрсэн учраас судалгаагаа түр зогсоогоод үргэлжлүүлсэн. Ашгийн төлөө бус байгууллагуудаас санхүүжиж буй учир нэг тун нь 4 ам.доллар. Хамгаалах чадвар нь 99 хувь. 560 өндөр настнуудын дунд хийсэн судалгааны дүнгээс өөр олон хүн дээр хийсэн судалгаан дүн гараагүй байгаа.

АНУ-ЫН "ИНОВИНО" ВАКЦИН:

-100 сая тунг үйлдвэрдэх хүчин чадалтай. АНУ-аас 83 сая ам.долларын санхүүжилт авсан. Сүүлийн шатны судалгаа нь энэ сард эхэлнэ. Үнийн хувьд тодорхойгүй байгаа. Сул тал нь заавал тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хийгдэх вакцин.

БНХАУ-ЫН "СИНОВАК":

-Жилд 100 сая тунг үйлдвэрлэх хүчин чадалтай. Бразилд хийгдсэн судалгааны үеэр ноцтой хүндрэл буюу эндэгдэл гарсан. Сайн дурын оролцогч нас барсан. Жилдээ 50 сая хүнийг вакцинжуулна гэсэн нь БНХАУ-ын хүн амын хувьд хангалтгүй.

АНУ-ЫН "НОВАВАКС":

-Вирусийн уургийг ашигласан уг вакциныг туршиж, жилдээ 2 тэрбум тун үйлдвэрлэж чадна гэж амласан. Их Британи улс 60 сая тун, Канад 70 сая тун авна гэж урьдчилан захиалга өгсөн. АНУ-аас 1.6 тэрбум доллар, СЕIP олон улсын байгууллагаас 300 сая ам.доллароор санхүүжүүлсэн. Үнийн хувьд  нэг тун нь 16 доллар.

ХБНГУ-ЫН "КЮРВАК" ВАКЦИН:

-Жилдээ олон зуун сая тунг үйлдвэрлэх хүчин чадалтай. ХБНГУ-аас 640 сая ам.доллар, Европын холбооноос 85 сая ам.доллар, СЕIP олон улсын байгууллагаас 8 сая ам.долларын санхүүжилт авсан. Европын холбоонд 405 сая тун вакциныг нийлүүлэхээр тохирсон. Одоогоор 30 мянган хүнд туршиж байгаа. Дэлхийн тэрбумтан Билл Гейтс хөрөнгө оруулсан гэж ярьж буй. Үнийн хувьд тодорхойгүй.

АНУ-ЫН "ЖОНСОН ЭНД ЖОНСОН":

-Жилд 1 тэрбум тунг үйлдвэрлэх хүчин чадалтай. АНУ 1.4 тэрбум ам.долларын санхүүжилт үзүүлсэн. Залуу хүмүүст гаж нөлөө илүү өндөр гарсан. Хадгалалтын горим энгийн гэдгээрээ давуу талтай.

ФРАНЦ, ИХ БРИТАНИЙН ХАМТАРСАН "САНОФИ ГЛАКСОСИМТКЛАЙН" ВАКЦИН:

-Вирусийн уургаар хийсэн вакцин. 2021 оны дундуур гэхэд 1 тэрбум тун үйлдвэрлэх хүчин чадалтай. АНУ-аас 2.13 тэрбум ам.долларын санхүүжилт авсан. Одоогоор судалгаа амжилттай явагдаж байгаа. АНУ өндөр дүнгээр санхүүжүүлж байгаагийн хувьд  эхний ээлжид 100 сая вакцин авах тохироотой байгаа.

АНУ-ЫН "МЕРК":

-Хүчин чадал нь тодорхойгүй. АНУ 38 сая ам.доллар санхүүжүүлсэн.Шинэ технологи ашиглаж хийсэн. Дархлаа сайн үүсгэдэг гэдгээрээ онцлог. Үнийн хувьд тодорхойгүй.

Ардчилсан намын хувьд вакцин авах асуудлаар идэвхтэй ажиллах шаардлагатай гэсэн юм. Ерөнхийлөгчөөр дамжуулаад эдгээр вакцинаас өндөр үр дүнтэй вакцин үйлдвэрлэсэн компаниуд руу шууд холбоо тогтоож ажиллавал монголын ард түмэн биднийг хүндэтгэнэ. Ингэж чадвал бид намдаа улс төрийн оноо авна гэдгийг Ж.Амарсанаа илтгэлийнхээ төгсгөлд тодотгов.

Эх сурвалж:www.polit.mn