С.УЯНГА

 

Дэлхий нийтээрээ хүндхэн цаг үетэй нүүр тулсан зурвасхан үе тохиож байна. Энэ цаг мөчид дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгтнүүд эх орондоо санаа зовнин  тэмүүлж буй. Тэдний төлөөлөл болж хэдэн мянган бээрийн алс АНУ-ын нийслэл Вашингтон хотод ажиллаж амьдарч байгаа ч сэтгэлдээ эх орон элгэн саднаа тээсэн залуу гэр бүлтэй “Зууны мэдээ” сонин холбогдлоо. Их гүрний аж амьдралтай хөл нийлүүлж амжилттай яваа А.Ганболд, С.Сайнсанаа нартай цахимаар холбогдож халуун яриа өрнүүлснээ уншигчдадаа толилуулж байна.

 

16 ЖИЛИЙН ДАРАА УУЛЗСАН ЭХ ОРОН

А.Ганболдынх АНУ-д төвхнөөд 16 жил болж байна. Хоёулаа ажиллаж сурахаар очихдоо танилцаж гэр бүл болоод одоо гурван хүүхэдтэй өнөр айл болжээ. Эхэндээ хүний нутагт хэлний бэрхшээл, бичиг баримт, ажилд орохоос эхлээд зүдрэх үе байсан ч нэгэн сэтгэлээр хамтдаа хичээж, уйгагүй хөдөлмөрөөр амьдралын нугачаа бүрийг даван туулж өнөөдөр олон үндэстэн цугларсан их гүрэнд юугаар ч дутахгүй сайхан амьдарч байна. А.Ганболд барилгын засвар үйлчилгээний ажилтай бол гэргий С.Сайнсанаа санхүү, бизнес удирдлагын чиглэлээр магистр хамгаалаад мэргэжлээрээ арав гаруй жил ажиллаж байгаа юм. Тэрээр үл хөдлөх хөрөнгийн компанид санхүүгийн менежерийн алба хашдаг.

Бид хэдийгээр цахимаар холбогдсон ч халуун дулаан яриа өрнүүлсээр нэг л мэдэхэд цаг гаруй болсон байв. Яаж ийгээд л ярианы сэдэв эх орон руу халиад  байсныг энд онцольё. Тэд өнгөрсөн жил гэр бүлээрээ Монголд ирж  наадамласан тухайгаа сэтгэл догдлон хуваалцсан юм. А.Ганболд АНУ-д очсоноос хойш бичиг баримт нь хойшилсоор 16 жилийн дараа Монголд иржээ. Тэрээр энэ тухайгаа “Гайхалтай байсан. Өнгөрсөн хугацаанд аав, ээж АНУ-д ирж очиж байсан ч ах дүү нартайгаа уулзаагүй удсан. Дүү гэхэд л гурван хүүхэдтэй болсон байх жишээтэй. Төрснөөс нь эхлээд хараагүй, уулзаагүй хүмүүс маш олон. Дээр нь цэлгэр уудам тал, үзэсгэлэнт байгалийг үгээр илэрхийлэмгүй. Өнгөрсөн жилийн шок одоо болтол гараагүй байна. АНУ-д сайхан газар олон ч эх орныг маань яагаад ч гүйцэхгүй. Төрж, өссөн эх орон минь гээд бодохын төдийд л ямар сайхан байдаг гээч” гэв. Энэ зуур гэргий “Заримдаа гэнэт Монгол явмаар санагдаж сэтгэл хөдлөх үе бишгүй. Хүүхдүүдээ аваад хөдөө гарч зүлгэн дээр гэрээ барьж, мал маллаад эрүүл агаарт амьдрахсан гэж бодох үе олон байдаг. Маргааш Монгол руу нисэх үү гэж ярилцаад бөөн инээдэм болдог” хэмээн ярианд хүч нэмэхэд гэрийн эзэн “Ирэх зун заавал Монголдоо очиж амарна. Бага охин Монгол руу явья гэж байнга ярих болсон. Цаг хугацаа л хэзээ гэхээс биш Монголдоо очиж сурсан мэдсэнээрээ бага ч болов хувь нэмэр оруулна гэж боддог. Хүүхдүүдээ ч гэсэн аль болох Монгол гэсэн бүхэнтэй ойр байлгахыг хичээдэг. Гэртээ эх хэлээрээ ярихыг чухалчилж, онлайнаар Монгол хэлээр хичээл үзүүлж байгаа” гэсэн юм. Тэд АНУ-д олон жил ажиллаж амьдраад байр сууриа олсон болохоор тусгай үүргийн онгоцоор буцахыг урьтал болгоогүй. Халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиад тэндээ амьдрахаар шийдвэрлэжээ. Харин АНУ-д жуулчны визээр ирсэн зайлшгүй шаардлагатай хүмүүс ихэнх нь нутаг буцсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хүнд байдалд орсон нутаг нэгтнүүддээ АНУ дахь Монголчууд чадлынхаа хэрээр дэмжсэн байна.

 

ХӨЛ ХОРИОНЫ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТУРШЛАГА ЗУРГААН АЛХМЫН ДЭГЛЭМ

Америкчууд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэн ч ялсан бид нэг л бурхны дор амьдарч байгаа учраас үзэн ядах биш хайр түгээе. Бүх хүн адил эрхтэй гэсэн уриатай лоозонг энд тэндгүй байрлуулсан. Өөрөөр хэлбэл, өнөөдөр ямар ч өөрчлөлт гарсан хайр түгээсэн хэвээрээ байя гэсэн хандлагыг дэлгэрүүлжээ.

Манай улсад хатуу хөл хорионы дэглэм саяхнаас үйлчилсэн бол АНУ энэ үеэ даван туулж эргээд аажмаар нээгдэж эхлээд байгаа юм. Иргэд нь долоо хоногт 2-3 удаа ажилдаа очиж бусад үед онлайнаар ажиллаж байгаа аж. Энэ нь иргэд хариуцлагатай байж хөл хорионы дэглэмээ маш сайн сахисных гэнэ. Энэ талаар гэр бүлийн хоёр “АНУ дүрмээ эхнээс нь маш тодорхой сайн гаргаж, хяналт тавьсан. Хамгийн сайн үйлчилсэн дэглэм бол хүн хоорондын зай буюу зургаан алхам. Дэлгүүрээр үйлчлүүлэх, гудамжинд зөрөхдөө зургаан алхмаас илүү ойртохгүй. Маск зүүж, гар ариутгах, зургаан алхмын дэглэмийг ямар ч хүн зөрчдөггүй. Хүүхэд, хөгшин ялгалгүй дадал тогтсон. Мөн орчин тойронд алхам тутамдаа гар ариутгагч байрлуулсныг хүн бүр хэрэглэж хэвшсэн гэж хэлж болно” гэлээ. 

Цар тахлын нөлөөгөөр АНУ-д ажилгүйдэл нэмэгдэж эдийн засаг хямарчээ. Онлайн худалдан авалт, хүргэлтийн үйлчилгээ хөгжиж жижиг дунд бизнесүүд уналтад орсон байна. Гэхдээ улсаас нь жижиг дунд бизнес эрхлэгчдийг тусламжийн багцаар дэмжиж, хямралын үед ажилчдаа цөөлөөгүй байгууллагад цалингийн урамшуулал олгож байна. Тус улсад эрүүл  мэндийн тогтолцоо маш сайн бэхэжсэн учраас коронавирусын халдвар авсан ч эдгэрч байгаа хүний тоо нэмэгдэж байгаа нь нийгмийн сэтгэлзүйд эерэг нөлөө үзүүлж байгаа аж. Харин иргэдийн амьжиргааны хувьд дундаж давхаргын айл болгон хамгийн багадаа зургаан сарын хүнсний нөөцөө бэлтгэх хадгаламжтай байдаг. Хадгаламжийн талаар бага сургуулиас нь зааж шуналгүй хэрнээ хуримтлалтай болгох ухаан суулгадаг гэнэ. Тиймээс иргэдийн хувьд зургаан сараас нэг жилийн хугацаанд хоол хүнсээр дутагдах зүйл гараагүй байна.

Хөл хорионы үед хүргэлт, дуудлагын бизнес хөгжсөний нэг нь А.Ганболдын ажил буюу  барилгын сантехникийн ажил эрэлттэй болжээ. Тэрээр “Хүмүүс гэртээ суугаад ирэхээр гэрийнхээ эвдрэл гэмтлийг маш сайн олж янзлуулдаг юм байна. Өмнө нь хувиараа дуудлагаар ажилладаг байсан бол хөл хорионы үеэр томоохон компанид харьяалагдаж ажиллаж эхэлсэн. Би дуудлагаар ажиллаж, эхнэр гэрээсээ ажиллаж байгаа” гэв.

 

КОВИД-19 АМЬДРАЛЫГ ОГТ ӨӨРӨӨР ХАРАХ БОЛОМЖ ОЛГОСОН  

 

Хөл хорио амьдралын хэв маягийг бүрэн өөрчилж, огт өөрөөр харах боломж олгосныг зочид маань онцоллоо. Хүүхдүүд дугуйландаа явж чадахаа больж, хөдөлгөөн хумигдсанаар жин нэмэх зэргээр сөрөг үр дагавар ажиглагдаж байгаа ч эерэг нь илүү олон байгааг хэлэв. С.Сайнсанаа “Хүүхдүүд сагс, таеквондо, усан бассейн зэргээр янз бүрийн дугуйланд их явдаг. Мөн найзуудтайгаа чөлөөт цагийг өнгөрүүлдэг байсан.  Бага охин бэлтгэл анги учраас танхимын сургалтад сууж үзээгүй. Сургуульд орсон ч хөл хорионы улмаас онлайн хичээл үзэж байгаа болохоор хэзээ анги руугаа явах билээ гэж байнга асууна. Сургуулийнх нь гаднаас харуулж тайлбарласаар байгаад одоо ойлгож эхэлж байна. Хүүхдүүд зургаан алхмын дэглэм баримтлахаас гадна гараа ариутгахгүй нүүрэндээ хүргэхгүй, тогтмол маск зүүж эхэлснээр ковидоос гадна өөр олон өвчнөөс сэргийлж байна” гэсэн юм.

Харин хөл хорионы үеэр гэрээсээ ажиллахдаа олон зүйлийг тунгааж амьдралыг огт өөр өнцгөөс харснаа С.Сайнсанаа “Завгүй амьдралын хэмнэл өөрчлөгдөж гэр бүлдээ, хүүхдүүддээ цаг гаргаж хүүхдүүдийнхээ зан араншингийн онцлогийг маш сайн мэдэрч, ойлгож байна. Хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцдаг болсон. Бүх ажлаа машинаар амжуулдаг байсан бол идэвхтэй алхаж байгаа. Хамгийн олзуурхууштай нь амьдралыг огт өөр өнцгөөс харж эхэлсэн. Хэт завгүй ажиллаж амьдрах нь зөв эсэхийг тунгаах боллоо. Олж хардаггүй байсан олон боломжийг нээж өөрийгөө хөгжүүлэх завшаан тохиож байна. Хүүхдүүдтэйгээ хамт ном уншиж, ам бүлээрээ хооллох зэргээр гэр бүлийн харилцаа маш халуун дулаан болсон” гэлээ.

Ийхүү бид хол, ойрын сонин хачин хуучлах зуураа дэлхий нийтийн анхаарлын төвд байсан Жо Байдены ялалтын талаар ч ярилцаж амжив. Тэд товчхон сонирхуулахдаа “АНУ-ын иргэн болсон тохиолдолд санал өгөх эрхтэй. Бид санал өгөөгүй ч Жо Байденыг дэмжсэн. Барак Обама маш их зүйл хийсэн. Байден түүний орлогч байсан гэдэг утгаараа хүмүүс илүү дэмжсэн. Ерөнхийлөгчийн сонгуулиар ковидын халдварын тоо эрс нэмэгдсэн. Гэхдээ санал хураалт гэхээс илүү Д.Трамп маск зүүхгүй байсан учраас дэмжигчид  нь ч мөн адил маскгүй байсантай холбоотой байх. Байден Трампыг маш ойрхон саналаар ялсан. Америкчууд сонгуулийн үеэр хэн ч ялсан бид нэг л бурхны дор байгаа учраас үзэн ядах биш хайр түгээе гэсэн уриатай лоозонг энд тэндгүй байрлуулсан. Өөрөөр хэлбэл, өнөөдөр ямар ч өөрчлөлт гарсан хайр түгээсэн хэвээрээ байя гэсэн хандлагатай байсан нь их эерэг байлаа ” гэсэн.

Ярилцлагын төгсгөлд зочид маань “Монголд дотооддоо алдлаа гэхэд мэдээж  санаа зовсон. Гэвч нэгэнт нүүр тулсан зүйлийг өөрчилж чадахгүйгээс хойш сэтгэлээ зовоохгүйгээр илүү их хайр түгээх хэрэгтэй. Хүчтэй салхины дор ургасан модны үндэс бат бөх байдаг. Ямар ч шуурганд унадаггүй. Хүн яг л үүнтэй адил. Асуудал бэрхшээл дунд  илүү хүчтэй болж ухаан сууж хэрсүүждэг. Муу зүйлд ч сайн тал байдаг. Тиймээс бүх зүйлийн сайн талыг илүү олж хардаг байгаасай” хэмээн мэндчилсэн юм. Алс хол Америк орон Вашингтоноос эх орон руугаа тэмүүлж буй Монгол “зүрх”-нүүдийн төлөөлөлтэй холбогдож ярилцахад таатай байснаа илэрхийлэхийн ялдамд мөдхөн эх орондоо уулзах ерөөл өргөе. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.23 ДАВАА № 224 (6449)