Р.ОЮУН

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Театр судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамцыг урьж, ярилцлаа.

 

Хувийн театр цөөн байна

Блиц

Овог, нэр:

Хойлогдоржийн Чойдогжамц

Боловсрол:

-2010-2014 онд МУИС-ийг Утга зохиол судлаач, шүүмжлэгч

-2014-2016 онд МУИС-д Утга зохиол судлалын магистрын зэрэг хамгаалсан.

Мэргэжил:

Урлаг судлаач

Ажлын туршлага:

СУИС-ийн Театрын урлагийн сургуульд 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл багшилж байна.

-Орчин үеийн театрын хөгжил зовлонтой байна.  Учир нь нийслэлдээ ганц академик театртай. Энэ нь өөрийн гэсэн уран сайхны бодлоготой. Төлөвлөгөөтэй учраас байнгын шинэ зүйл туршаад олон уран бүтээлчид боломж олгох нөхцөл бололцоо нь дутмаг.  Тийм болохоор харьцангуй баригдмал шинжтэй. Хувийн театр, уран сайхны нэгдэл, төвүүд харьцангуй цөөн байна. Энэ нь өрсөлдөөний зах зээл байхгүйг харуулж байна. 

Үзэгчдийн уран сайхны сэтгэлгээ, шинэ содон юм үзэж таашаах мэдрэмж, мэдлэг нь дүүрэн байдаг.Үзэгчдийн насны байдлыг харгалзсан ч залуучууд давамгайлж байна. Тэдний хүсч байгаа театр, тоглолтууд нь юу билээ гэхээр яах аргагүй ганц төв театрынхаа бодлогыг хараад суух нь учир дутагдалтай. Өнөөдөр “Black boх”гэсэн хувийн театр байна. Саяхан “Альфа” постдрамын театр нээгдлээ. Энэ мэтчилэн олон театр байгуулагдаж олон талт уран бүтээл гарч ирснээр театрын хөгжил үзэгчдийнхээ оюуны хэрэгцээг байлдан дагуулаад явна. Одоо Монголын театр хөгжлийнхөө идэвхитэй, хөгжингүй өрнүүн үе дээрээ байна. Яагаад гэвэл голлох уран бүтээлч буюу найруулагч, зохиолч, жүжигчид мэргэшсэн байна.  Би СУИС-д энэ чиглэлээр багшилдгийн хувьд театрын хөгжил ирээдүйтэй, гэрэл гэгээтэй байна гэж хардаг.  Манай театрын салбар 2010 оноос хойш эрчимтэй шинэлэг хандлагаар хөгжсөн гэж хардаг. Зөвхөн уран зохиол суурьтай судалгаа биш теар, киноны гэсэн мэргэшсэн хавсарга судалгааг хийдэг судлаач, шинжлэгчид их гарч ирсэн.  Манай СУИС-аас зохион байгуулж байгаа тайз, дэлгэцийн урлагийн шүүмжийн уралдааны бүтээлүүд хоёр боть ном болж гарсан. Энэ номонд 2010 оноос хойш төв, орон нутгийн театрт тавьсан жүжгүүдийн мэргэжлийн шүүмжүүд бий. Энэ шүүмжүүд хэсэг хугацаанд завсардсан, эзэнгүй байсан театр судлал, шүүмжлэлийн салбарыг нөхөж гарч ирсэн.  Ялангуяа 2017 онд гарсан“Театр шүүмжлэл” гэсэн номыг хүмүүс олж хараасай. Идэр залуу насны уран бүтээлчдийн, судлаачдын бичсэн тайз, дэлгэцийн бүтээлийн мэргэжлийн шүүмжүүд бий. Энд уран бүтээлүүдийг задлахдаа бидний хэвшиж ирсэн судалгааг ерөнхийлөн дүгнэх,тоймлон бүртгэх ерөнхий аясаас арай өөрөөр яг уран бүтээлийнх нь язгуур шинж рүү, яруу туурвилынх нь гүн бүтцэд нь уран сайхны ямар шинэ нээлтүүд байгаа. Түүнийг найруулагч, зохиолч, жүжигчин, тайзны зураач, хөгжмийн зохиолч гээд бүх талаас нь харж судлах гэж үзсэн. СУИС дээр Урлаг судлал, утга зохиолын тэнхим гэж бий. Энд мэргэжлийн хичээлүүд ордог. Энэ чиглэлээр урлагийн сургуульд судалгааны тэнхим хөлөө олоод хөгжиж байгаагийн үр дүн юм болов уу.

 

Бодлогын шинэчлэлүүд хийх хэрэгтэй

 

-Драмын театрын хажууд 2-3 театр байвал өрсөлдөөнтэй, илүү хөгжих боломжтой гэдэгтэй санал нэг байна. УДЭТ-ын хажууд Хүүхэд, залуучуудын театр эсвэл драмынхаа бүтцийг нь задлаад тусад нь хоёр театр болгодог ч юм уу,бодлогын шинэчлэлүүд хиймээр байна. Драмын театрын шинэ уран бүтээлүүд үзэгчдийн хэрэгцээнд хангалттай илүү гарна уу гэхээс дутахгүй. Тэгэхээр энд шаардлага, үзэгч нь, хийж бүтээх гэсэн уран бүтээлчид, хүлээн авагчид нь байна. Тиймээс хувийн театрууд өөрийнхөөрөө хөгжихийн хажуугаар улсын театрууд тодорхой хэмжээний шинэчлэлийг хийгээсэй гэж хүсч байна. Ядаж драмын театр хажуудаа хүүхэд, залуучуудын театрыг бий болгоод авч явах боломжтой юм шиг санагддаг. Өрсөлдөөн байхгүй болохоор нэг голлох уран бүтээл тавьдаг. Тэр нь бодлого, зардал төсвийнхөө хүрээнд хэрэгцээгээ хангаад өнгөрдөг.Асуудал ярьвал олон байна. Өрсөлдөгчгүй уран бүтээл тухайн үедээ олон үзэлт, хандлагатай байгаа юм шиг хэрнээ уран бүтээлийн үнэ цэн юу болж байна вэ гэдгээ анзаардаггүй. Арилжааны, борлуулалт, менежментээ ихэвчлэн хараад явчихдаг. Ганц театртай учраас бид ч гэсэн ганц театрынхаа хийж бүтээж байгаа, сурталчлан таниулж байгаа зүйлийг хардаг. Тэгэхээр яах аргагүй баригдмал орчин үүсчихээд байгаа юм. Үүнийг жаахан задалж харах хэрэгтэй.

 

Шүүмж бичэхээр шүүх цагдаад дуудагдах асуудал ч гарч байна

 

-Аливаа урлагийн судалгаа, шинжилгээ тухайн бүтээлд мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт өгч байгаа тусдаа уран бүтээлийн нэг хэлбэр юм. Хүмүүс уран сайхны шүүмж гэхээр хүнийг муулаад доош нь хийгээд байна гэж ойлгодог. Та мэргэжлийн шүүмж бичиж байна гэдэг ньуран бүтээл туурвиж байна гэсэн үг. Энэ талаас нь илүүтэй хүлээж авах, харилцан ойлголцох ёстой. Үүнд таатай хандах нөхцөл боломж нээлттэй биш. Манай аль ч салбарт ийм байна. Бүр шүүх, цагдаа болдог. Уран бүтээлийн бүтээлч маргаан, мэтгэлцээн байх ёстой байтал ийм асуудал руу шилжчихдэг юм манайд гарч байна. Нэг талаар эмзэглэмээр. Хувийн өс хонзон юм шиг ханддаг. Үүнийг чинь хувийн өс хонзонгоор хийгээд байгаа юм биш. Урлагийн салбарын сайн сайхны төлөө хийж байгаа зүйл шүү дээ. Уран бүтээлчдэд том туслагч болох гээд байна. Хамтран урлагийг хөгжүүлэхийн төлөө зүтгэх гээд байдаг. Зөвхөн уран бүтээлийнх нь жишээ баримт дээр ярьж байгаа болохоос хувь хүн рүү дайрсан зүйл байхгүй. Үүнийг манайхан ерөнхий утгаар нь сөрөг  гэж ойлгох гээд байдаг.

 

Урлаг, кино судлаачдад зориулсан ажлын байр байдаггүй

 

-Нэгдүгээрт, өрсөлдөгч театруудыг бодлогоор бий болгомоор байна. Хоёрдугаарт, театр судалгаа, шинжилгээний чиглэлээр төгсгөж байгаа. Гэтэл урлаг, кино судлаачдад зориулсан тогтвортой ажлын байр, орон тоо байдаггүй. Театр болгон хажуудаа утга зохиолын ажилтан ч юм уу, урын сангийн эрхлэгч гэсэн орон тоо байдаг юм шиг мөртлөө тогтвортой, жигд ажиллагаатай биш. Албажаагүй гэсэн үг. Тэгэхээр төгсөөд гарсан оюутнууд үргэлжлүүлээд мэргэшээд явъя гэхээр нийгмийн асуудалтай тулгардаг. Үүнийг хаа хаанаа бодмоор байна. Судлаачдыг бэлтгээд байдаг судалгаа шинжлэл хэрэгтэй гээд байдаг. Салбарын хөгжил эрдэм шинжилгээ хөгжиж байж цааш явна гээд байгаа шүү дээ. Үүнийг ямар нэгэн байдлаар албажуулмаар байна. Кино салбарынхан маань үүнийг ямар байдлаар тусгаж авах юм. Кино зохиолчоор төгсгөж байна. Кино зохиолч хүн ямар ажил хийх вэ. Гэрээт уран бүтээлээс гадна тогтвортой ямар нэгэн ажлын байр байж болох уу. Судлаач хүн яах вэ. Энэ нь буцаад эргэх холбоо байхгүй болчихоод байгаа юм. Гуравдугаарт, судлаач нь мэргэжлийн салбартаа судалгаа, шинжилгээний ажил хийгээд тогтвортой ажиллахад бэрхшээл тулгардаг. Театрын хөгжилд юу хэрэгтэй байна гэхээр аль ч салбар, шинжлэх ухааны үндсэн ойлголт ухагдахууныг нь хадгалж, мөн чанарыг нь тээж явдаг зүйл бол тухайн салбарын нэр томъёо. Манай театр судлал маань өөрсдийнхөө тухайн салбарын мэргэжлийн нэр томъёо, туурвил зүйн үндсэн зарчмуудын утга учир. Тухайлбал, инсценировка гэсэн үгний гарал нь хаанахынх юм. Ямар утга учиртай хэрэглэж ирсэн, одоо утга нь яаж хувираад байгаа. Энэ чинь салбарын тулгуур хөгжлийн үндэс нь. Гэтэл үүнийг бид жигдлээгүй байгаад байгаа. Үүнийг чинь хэн хийх юм бэ гэхээр эрдэмтэд, уран бүтээлчид хамтарч хийнэ. Тиймээс эхний ээлжинд бид театр судлалын нэвтэрхий тольтой, театр шинэжлэлийн тайлбар тольтой ч юм уу. Бүр тогтсон нэр томъёотой байх. Одоо бид нэр томъёо тогтоогүй өөрийнхөөрөө орчуулдаг, өөрийнхөөрөө ойлгож заагаад яриад явчихдаг. Үүнийг жигдлэхээс эхлээд хөгжлийн суурь тавигдана. Тухайлбал, “Анна Каренина”, “Фауст” жүжиг тавигдаж байна. Судлаач тухайн уран бүтээлийг хамгийн анх эх зохиолоос нь эхлээд зохиолч нь ингэж хувиргаж бичсэн байна. Та найруулагчийн төлөвлөгөөгөө ингэж гаргаж ир, дараа нь та тайзны хэллэгээр ингэж амилуулжээ. Жүжигчид үүнийг ингэж ойлгоод тоглолтоороо гаргасан байна. Зураачийн хувьд ийм тайзны уран зургийг хийж, хөгжмийн зохиолчүзэгдэлд тохирсон, түүний утга агуулгыг илтгэсэн хөгжим бичжээ гэдэг ч юм уу. Театр уран зохиолыг бодоход олон уран бүтээлчийн нэгдсэн хөдөлмөр учраас бичиж судлахад баялаг. Судалгааны том орон зай байгаад байдаг. Эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн шүүмж бичдэг хүмүүс улам идэвхийлэн ормоор. Зөвхөн төв театр гэлтгүй орон нутгийн театруудад тавьж байгаа голлох уран бүтээлүүдийг бид үнэлж дүгнэх ёстой. Тэгэхээр тэдэнтэйгээ яаж холбогдох вэ, хэрхэн хамтын ажиллагаатай байх нь театрын менежмент, бодлого. Уг нь театр болгонд театрын менежер гэсэн хүмүүс бий. Гэтэл энэ хүмүүс энэ тал дээр яаж ажиллаж байна вэ. Төв театрт тавьж буй уран бүтээл, төв судалгааны сургуулиас гарч байгаа уран бүтээлчидтэйгээ харилцаа холбоотой байж өөрсдийнхөө бүтээлийг үнэлж цэгнүүлэх ч юм уу. Уран бүтээлийн ийм амьд харилцаатай баймаар байгаа юм.Тэгэхгүй орон нутгийнхаа хэрэгцээг хангаад тэндээ бас нэг баригдмал байдалтай байдаг хөшинг зүйл ажиглагддаг.

 

Манай театрууд өрсөлдөх зах зээл багатай

 

-Монголд УДЭТ, УДБЭТ, Үндэсний урлагийн их театр, Улсын хүүхэлдэйн театр гэж байгаа. Энэ театрууд маань өрсөлдөгч зах зээл багатай, өөрсдийнхөө төлөвлөгөөт уран бүтээлийг хийдэг учраас тооцоо нормын дагуу тогтсон хүрээнд ажиллана. Байнга шинэ уран бүтээл хийхээс гадна урын санд байгаа бүтээлүүдээ сэргээж тоглоно. Төрөл жанрын хувьд жигд байх ёстой. Үндэсний, дэлхийн гээд явахаар хөгжлийн тогтмол байдал харагдаад байгаа юм. Үүнийг л задалж өгмөөр санагддаг. Ер нь бүх театрт ийм асуудал байгаа. Хүмүүс манай театр дэлхийн хөгжлийн хаана явна вэ гэж их асуудаг. Үүнийг бас судалж байж хариулахгүй бол шууд ийм тийм гэж хэлэхэд хэцүү. Би өөрийнхөө театрынирээдүйг, одоо байгаа хөгжлийг идэвхтэй, өрнүүн үе дээрээ байгаа гэж харж байгаа. Яагаад гэвэл мэдээлэл, технологи харьцангуй чөлөөтэй хөгжсөн, үзэгчдийн хэрэгцээ шардлага цаг үеэ дагаад өдөр бүр шинэчлэгддэг хэлбэр хийц, урлалыг шаардаж байна. Үүнтэй нийцэхийн тулд уран бүтээлчид хүртэл байнгын эрэл хайгуулын идэвхтэй орчинд байх шаардлагатай болжээ.  Б.Баатар найруулагчийн “Монгол ардын суут”, “Адууны түүх”, “Фауст” жүжгийг онцолмоор байна.Энэ уран бүтээлүүд нэгдүгээрт, зохиолын хувьд, хоёрдугаарт, найруулагчийн ур чадвар, шийдлийн хувьд учиргүй хоцрогдсон юм алга. Харин уран бүтээлчдийн хувьд тайзны бүтээл гэдэг зүйлийг бүрэн цогц утгаар нь илэрхийлэн гаргаж бүтээлийг төгс гүйцэтгэлтэйгээр амилуулах чадвар хэрэгтэй байна. Манайхан нэг болохоор зохиолоо хэтэрхий бариад зохиолынхоо дагуу намтарчилсан ч юм уу баримтат жүжиг болгоод тавьдаг. Эсвэл найруулагч нь ганцаараа шийдээд эх зохиол хамаагүй найруулагчийн нэмж, хасч бичсэн хувийн үзэл бодол шингэсэн бүтээл болоод сарнидаг. Энэ бүгдийг жигд хангаад яг театрын хэллэгийг хангасан цогц бүтээл байна даа гэж харахаар, тайзны зургийн илэрхийлэл нь, найруулагчийн ур чадварын урлах гүйцэтгэл, зохиолч ч гэсэн тайзны бүтээлд зориулсан мэргэжлийн жүжгийн зохиолыг, мэргэжлийн үзэгдлүүдийг төлөвлөж бичиж чадсан байна уу, үгүй юу. Ингээд задлаад ярихаар манайхан нэгдсэн гүйцэтгэл дотор зангидагдаж чадсан байдал нь сулхан байдаг. Түүнээс хувийн ур чадвар, өөрийгөө хөгжүүлсэн байдал ч гэдэг юм уу, жүжигчдийн хувийн авьяас чадвар бүх юм нээлттэй болсон учраас өөрсдийгөө хангалттай хөгжүүлээд биеэ даагаад явж байгаа. Нэгдсэн театрынхаа гүйцэтгэл, ур чадварын уялдаа холбоогоо сайжруулах ёстой.

Шүүмжлэл, судалгааны салбар нь хэн хүний гар хуруугаа дүрээд байдаг салбар биш. Мэргэжлийн ур чадвар, авьяас, судлаачийн зөн билиг, мэдрэмж байхаас гадна хувь хүний өөрийнх нь зан чанартай, эрхэмлэж явдаг ёс суртахуунтай их холбоотой. Чигч шударга байх хэрэгтэй, замаасаа буцаж болохгүй. Нэг хүнд үг хэлэнгүүтээ буцаагаад түүнээсээ халширч бултаад эсвэл үг хэлэх гэж байгаа хүнээсээ айх хэрэггүй. Манай багш нар “Шүүмж бичнэ гэдэг хамгийн түрүүнд эр зоригийн асуудал байдаг” гэж хэлдэг байсныг би одоо ч оюутнууддаа хэлдэг. Эр зоригтой байж хэлэх гэсэн үгээ жинтэй дуугарч, зоригтой хэлэх.Цаашдээ үзэл бодолдоо үнэнч байх гэсэн энэ зарчмууд нь биелэгддэг юм шиг. Анх энэ салбарт ороход зарим нь мэргэжлийн хүн биш гэж харна.Зарим нь театрын нарийн амьдрал мэдэхгүй гэж хэлнэ энэ мэтчилэн олон бэрхшээл байна. Энэ бүхнээс бэргэх шаардлагагүй, би чадна, судалгаа, шинжилгээний ажилд зорьж яваа гэдэг итгэл үнэмшлээ хэзээ ч алдахгүйгээр идэвхийлэн орсон. Би сүүлийн гурван жил “Гэгээн муза” олон улсын театрын наадмын үндсэн шүүгчээр ажилласан. Сүүлийн гурван жил төв, орон нутгийн театруудад тавьсан бүх уран бүтээлийг үзсэн. Мэргэжлийн сургуульд жүжигчин бэлтгэдэг, судалгаа шинжилгээний голлох төв сургуульд нь багшилж байна. Энэ бүхний давуу талыг ашиглаад яах аргагүй энэ салбарт театрын мэргэжлийн уран сайхны шүүмжлэгч гэж бие даасан уран бүтээл байдаг юм шүү гэдгийг мэдрүүлэхийн төлөө бусад багштайгаа зүтгэж явна. Уран зохиолын салбар харьцангуй судалгаа шинжилгээний түүх нь урт удаан хөгжилтэй учраас тогтворжчихсон, хүмүүсийн хүлээн авалт нь өөр байдаг.

 

Ном уншаад бүтээл шүүмжилнэ гэдэг утгагүй

 

-Театрын судлаач тодорхой түвшинд явж ирсэн ч уран бүтээлийг эхнээс нь төгсгөлийн цэг хүртэл нэгд нэгэнгүй нэвтэрхий харж олон талаас нь бичих ур чадвартай уран бүтээлчийг бий болгоход, тухайн уран бүтээлч үгээ хэлэхэд тодорхой хэмжээний орхигдсон хоосон орон зай байсан нь 2010-аад оноос хойш эрчимтэй өөрчлөгдсөн. Олон уран бүтээлийн шүүмжээс харж болно. Одоо төв, хувийн театрууд судлаачид, эрдэмтэн багш нараа, мэргэжлийн уран бүтээлчийн түвшинд хамтарч ажиллах нь харьцангуй нээлттэй болж байгаа нь сайшаалтай. Мэргэжлийн судалгаа шинжилгээнээс авч байгаа оюутнууд ч гэсэн театрт чөлөөтэй орж тайзны арын амьдрал, уран бүтээлчдийн бэлтгэл сургуулилтыг үзэх боломжийг нээж байгаа юм. Энэ нь өөрөө амьд, бүтээлч судлаачийг төрүүлэхэд чухал үүрэгтэй. Ном уншаад бүтээл шүүмжилнэ гэдэг утгагүй. Амьдрал, ахуй, орчныг мэдэх ёстой. Театрт сэтгэл хөдлөлийн амьд урлаг байна. Түүнийг очиж халуун дотноор нь мэдрэх. Бага багаар мэдэрснийхээ дараа тайзан дээр жинхэнэ бүтээл амилахад жинхэнэ судлаачийн нүд, бясалгал, эргэцүүллээр харах юм. Судлаач хүмүүсийг хүний бүтээл дээр юм хийдэг, бүтээл гарсны дараа дагалдаж ажилладаг юм шиг ойлгодог. Гэтэл судлаач, шүүмжлэгч хүн мэргэжлийн салбартаа байнга мэдлэгээ ахиулдаг болохоор ерөнхий бүтээл нь хийж байгаа зарчим, ур чадварын түвшин, зохиолч, найруулагчийн сэтгэлгээний ур маягийг олон бүтээлээс мэдэрсэн учраас адилхан л тэргүүлэх чиглэлийн уран бүтээлчид юм. Манайхан судлаачдыг уран бүтээлч гэж хэлэхээр хүлээн зөвшөөрдөггүй. Минийхээр судалгаа бол уран бүтээл. Ялангуяа, мэргэжлийн уран сайхны шүүмж гэдэгбие даасан цогц уран бүтээл байхгүй юу. Судлагаа, шинжилгээтэйгээ хамт байж ихэрлэдэг гэдэг шиг хамт байж сая бүтээл нэгэн цогц болно. Тухайн бүтээлийн шүүмж гэдэг цогц уран бүтээлийн салшгүй нэг хэсэг юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.23 ДАВАА № 224 (6449)