Өртөө, зангилааны 224 ажлын байранд ариутгал хийв

0
хуваалцах
127
үзсэн

2020.11.22.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт өвчин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн хурал болов.

“Төмөр замын ажилтан 15 мянга, 694 хүнээс өчигдрийн байдлаар 13 мянга, 34 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Удирдах газрын 390 ажилтан шинжилгээнд хамрагдсан бол өнөөдөр үлдсэн 127 хүнийг хамруулна. Мөн Удирдах газрын орос мэргэжилтнүүд гэр бүлийн хамт шинжилгээ өгсөн. Баянтүмэнд 207 хүнийг шинжилгээнд бүрэн хамруулсан. 

Улаанбаатар зангилаа, Замын-Үүд, Сүхбаатар, Дархан, Чойр, Сайншанд өртөөний 224 ажлын байрны  15 мянга, 39 м2 талбайг өөрсдийн хүчээр ариутгалаа.

Төмөр замын Улаан загалмайн нийгэмлэгийн салбар өртөө, зангилаанд ажиллаж байгаа 370 хүнд дархлаа дэмжих бүтээгдэхүүн, нийгэмлэгийн хэмжээнд 6000 амны хаалт, 336 ширхэг гар ариутгагч, 50 хайрцаг бээлий тусламж болгон өгөөд байна” гэж “УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр танилцуулсан бол “УБТЗ” ХНН-ийн төв эмнэлгийн орлогч дарга Б.Дашбалжингийн мэдээлснээр Төмөр замын төв эмнэлэг өнгөрсөн таван өдөрт 95 эмч, ажилтан 2890 хүнд шинжилгээ хийжээ. Тус эмнэлэг оношлуураас гадна хувцас, хамгаалах хэрэгслийн хоёр өдрийн нөөцтэй байна.

Шуурхай бүлгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хүнд, хэцүү үед дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаа Улаан загалмайн нийгэмлэгт халуун талархал илэрхийлээд УБТЗ-ын хувьд хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг үүрэг болгов.

-Вирусын халдвар авсан төмөр замчид олонтой, тархалт ихтэй Сүхбаатар, Эрдэнэт, Дархан, Салхит, Айраг зэрэг газруудад шинжилгээ өгөөгүй байгаа хүмүүсийг эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг өнөөдөр нэн даруй зохион байгуулах,

-Бүх шугам, замын байгууллага, ялангуяа гадаа ажиллаж байгаа хүмүүсийг өвлийн нормын хувцсаар хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар лавлагаа авч танилцуулах,

-Шөнийн ээлжинд ажиллаж байгаа хүмүүст хоол цай ямар журмаар өгч, зохион байгуулж байгаад анхаарал тавьж ажиллах,

-Төв эмнэлэг дээр хоёр хоногийн дараа дуусах хамгаалах хэрэгслийн нөөцийг хаанаас хэн нийлүүлэхийг тодорхой болгох, дэмжлэг туслалцаа шаардлагатай бол уламжлах,

-Замын-Үүд дээр болж байгаа нөхцөл, байдалтай холбоотой асуудлаар Эрээн өртөөний Засгийн ордон, холбогдох газруудтай яам төлөөлж ярих шаардлагатай бол Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артуртай холбогдож, бүхий л мэдээллээ нэг сувгаар авдаг, өгдөг болох, ийм зарчмыг мөрдлөг болгох,

-Замын-Үүд суманд хэрэгцээ шаадлагатай 20 мянган оношлуурыг ЭМЯ-тай холбогдож шийдвэрлүүлэх,

-Монголд коронавирусын тархалт идэвхитэй байгаатай холбогдуулаад Эрээн-Замын-Үүдийн авто замын тээврийн асуудалд анхаарал хандуулах, төмөр зам дээр ирэх ачааллын талаар судалж, бэлтгэл ажлыг ханган Замын-Үүдийн онцгой комисстой сайн ярьж зохион байгуулалтад орох чиглэл өглөө.

Эх сурвалж:www.polit.mn