Б.ДОЛЖИНЖАВ

 

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас өчигдөр /2020.11.20/ 22:30 цагт мэдээлэл хийж, COVID-19 халдварын голомтыг хумьж чадсан тул гурав хоногийн хугацаанд зарлаад байсан дэглэмийг цуцалж буйгаа мэдэгдэв.

 

Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Дархан-Уул аймагт COVID-19-ийн анхны халдвар илэрснээс хойш өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдол 16 байна. Үүний гурав нь анхны голомтын ойрын хавьтал бол үлдсэн 13 нь төмөр зам дагасан халдвар болох нь тогтоогдсон. Батлагдсан 16 тохиолдлын ойрын хавьтал 230 хүнийг зургаан ажиглах байранд тусгаарлалаа.. Төмөр зам дагуух голомтыг тогтоох ажил үргэлжилж байна. Өнгөрсөн 96 цагийн хугацаанд Дархан-Уул аймгийн иргэд хатуу хөл хорионд байсан. Өнөөдөр бид аймгийн Онцгой комиссын хурлаараа хэлэлцэж, халдвар авсан 16 тохиолдол хамгийн багадаа 48 хүнд халдварласан байх магадлалтай гэдэг тооцоог гаргасан. Ингээд аймгийн хэмжээнд зарлаад байсан тэг зогсолтын 72 цагийн ажлын үр дүнд халдварын голомтыг хумьж чадлаа. Тиймээс энэ сарын 21-ний өглөөний 06:00 цагаас эхлэн Улсын онцгой комиссоос тогтоосон арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэлх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Аймгийн хэмжээнд тэг зогсолтын үйл ажиллагааг бүрэн зогссоныг мэдэгдье” гэж ярьсан юм. ЭМЯ-ны өнөөдрийн /2020.11.21/ 11:00 цагийн мэдээллээр Дархан-Уул аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй байна.

 

Дархан-Уул аймгийн Онцгой комисс дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

 

-Тэг зогсолтыг өнөөдөр өглөөний 06:00 цагт цуцалсан. Гэсэн хэдий ч бүх нийтийн хөл хорио арванхоёрдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.

 

-18 хүртэлх насны хүүхэд нийгмийн харилцаанд огт оролцохгүй.

 

-Үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгж байгууллагууд ажилтнууддаа 100 хувь шинжилгээнд хамруулж, ажлын байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийнэ.

 

-Дотуур байранд байгаа оюутнууд арванхоёрдугаар сарын 1-н хүртэл байрандаа тусгаарлагдсан хэвээр байна. Аймаг орон нутгаас хүнсний хангамжийг шийдвэрлэнэ.

 

-Сум хооронд хөдөлгөөн хийхгүй. Сумд руу орох гарах хөдөлгөөн хаалттай хэвээр байна.

 

-Дархан хотыг дөрвөн үндсэн блокт хувааж хязгаарлана. Бусад блок руу зорчих хөдөлгөөн хийхгүй. Зөвхөн өөрийн оршин сууж буй бүсдээ нийгмийн харилцаанд орно. Халдвар ахиад гарвал блок тус бүрээр тэг зогсолт хийнэ.

 

-Хүнсний дэлгүүрүүд, томоохон худалдааны төвүүд 11:00-18:00 цаг хүртэл ажиллана. Хүнсний дэлгүүрийн худалдагчид бүгд шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Мөн өдөр бүр ариутгал хийж дэлгүүрт 2-3 хүн ажиллана. Нэг хүн нь гадна зогсч хүн хоорондын зайг 1.5 метр байлгана. Ингэж ажиллаж чадахгүй дэлгүүрийг ажиллуулахгүй.

 

-Зорилтот бүлэгт таван өдрийн хоол хүнс олгоно.

 

-Эмийн сангуудаас захиалгаар эм авна.

 

-Хүнсний үйлдвэрүүдийн бүх ажилчид шинжилгээнд хамрагдсаны дараа үйл ажиллагаа явуулна гэсэн шийдвэрүүдийг гаргалаа.

 

Эх сурвалж:www.polit.mn