Б.НАМУУНТАМИР

 

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар өчигдөр /11.20/ хүнс, эмийн түгээлтийн автомашинуудыг зорчуулах, худалдаа эрхлэгч, нийлүүлэгч талдаа хүндрэлгүй зохицуулах талаар хэлэлцэж, хүнсний болон эмийн түгээлтийг 10:00-17:00 цагийн хооронд хийх шийдвэр гаргалаа.

 

УОК-оос хатуу хөл хорио тогтоож, нийслэлд автомашин, иргэдийн хөдөлгөөнийг тодорхой цагт зорчуулахаар зохицуулсантай холбогдуулан хүнс, эмийн төрлийн бараа бүтээгдэхүүний түгээлт, ханган нийлүүлэлтийг 22:00-06:00 буюу шөнийн цагаар хийх болсон. Үүнээс улбаалан хүнс үйлдвэрлэл, худалдааны төвүүд, ялангуяа хотын захын жижиг дэлгүүрүүдэд багагүй бэрхшээл үүсээд байсан юм.

 

Тэгвэл Нийслэлийн онцгой комиссын хуралдааны шийдвэрээр өнөөдөр /11.21/ өглөөнөөс эхлэн хүнсний болон эмийн түгээлтийн хязгаарлалтыг сулруулж, 10:00-17:00 цагт хийхээр боллоо. Үйлдвэрлэгчдийн түгээлтийн машинуудыг нэг хоногт багтаан QR кодтой болгож, холболт хийсний үр дүн бүртгэлжүүлж дууссан байна.

 

Найман нэрийн болон зургаан нэрийн нийт 3731 дэлгүүрийн 10 мянга орчим машины бүртгэл, холболтын ажлыг хийжээ. QR кодоороо цаашид бүх үйлчилгээнд бүртгүүлдэг болох ажлыг эрчимжүүлж байгаа аж.

 

Эхсурвалж: www.polit.mn