С.САРУУЛ

Сэлэнгэ аймагт халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар Батлан хамгаалахын сайд, Улсын Онцгой комиссын орлогч дарга Г.Сайханбаяр мэдээлэл өглөө.  Тэрээр “Сэлэнгэ аймгийн хэмжээнд 90 хувь зогссон. Сүхбаатар хот олон улсын зэрэглэлийн төмөр замын өртөөтэй. Хатуу болон зөөлөн биетийн хөдөлгүүрээр халдварын урсгал орж ирсэн. Мөн ахуйн үйл ажиллагааны алдаанаас болоод халдвар тархсан гэдэг хоёр дахь шалтгаан тогтоогдсон.

Тархвар зүйн үүднээс харвал Сэлэнгэ аймагт халдвар идэвхтэй илрэх үе эхэлсэн.  Урьд шөнө таван мянга гаруй иргэнд шинжилгээ хийж  тооноос айж эмээх биш илрүүлж, тусгаарлах тал дээр анхааран ажиллаж байна. Аймгийн эмнэлэг дээр хэвтэн эмчлүүлж байсан хүнээс анхны халдвар гарсан. Тухайн үед хэвтэж байсан 150 гаруй иргэн, 140 орчим ажилчдыг тусгаарлаж, бүх хүнээс шинжилгээ аваад халдвар тээгчдийг илрүүлсэн. Улмаар халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтлуудад тандалт судалгаа хийж дууслаа. Мэс засал, төрх эмнэлэг, халдвартын эмнэлгийн үйл ажиллагааг өөр эмнэлгийн барилгад халдвар хамгааллын дэглэмийг сахиулж хэвийн явуулж байна. Сэлэнгэ аймгаас коронавирусын халдвар гадагшаа тархах эрсдэлгүй боллоо" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn