Б.ДОЛЖИНЖАВ

Дотооддоо халдвар тархсанаас манай улс арванхоёрдугаар  сарын 1-нийг хүртэл хатуу хөл хорио тогтоосон. Үүнээс үүдэн хөдөө орон нутгийн олон иргэн Улаанбаатарт гацсан. Тэдний төлөөлөл Орхон аймгийн иргэн М.Цэцэгмаагаас  зарим зүйлийг тодрууллаа.

-Та Улаанбаатарт ирээд нутаг руугаа буцах боломжгүй болсон юм байна. Таны нөхцөл байдал ямар байна?

-Сайн байцгаана уу. Намайг М.Цэцэгмаа гэдэг. Би Эрдэнэт хотод ажиллаж, амьдардаг. Энэ сарын 11-ний өглөө Улаанбаатар хотод хувийн ажлаар ирсэн. Хөл хорионы улмаас одоо хүүгийндээ амьдарч байна. Би хувиараа лангуу түрээслэж өрхийн орлогоо бүрдүүлдэг байсан. Гэтэл хөл хорионы улмаас худалдаа, үйлчилгээний бүх газар хаагдаж, бид орлогогүй болчихлоо. Бизнес болон кредитийн зээлээ хэрхэн төлөх вэ гэдэгтээ үнэхээр их санаа зовж байна. Зээлийн хугацааг банк  нэг удаадаа хойшлуулсан ч дараа нь бид өрийн дарамтад орно. Ийм нөхцөл байдал үүсчихээд байхад биднийг сэтгэл санаагаа тайван байлга гэж зөвлөснийг огт ойлгохгүй байна. Мөн Ерөнхий сайд  У.Хүрэлсүх өчигдөр чуулганы үеэр “Монгол бол ядуу улс” гэж ярьсан. Газар доорх баялагаараа дэлхийд дээгүүрт ордог атлаа цар тахлын үед иргэдээ ийм хүнд нөхцөлд оруулчихаад, ингэж ярьсанд маш их харамсаж байна. Орлого тасалдсан энэ үед иргэдэд төр засгийн тусламж зайлшгүй хэрэгтэй. Энгийн үед бид тусламж гуйгаагүй. Цар тахал гарч онцгой нөхцөл үүссэн учраас дэмжлэг хүсч байна.

-Таны амьдарч байсан Эрдэнэт хотод өчигдөр 13 тохиолдол бүртгэгдлээ. Гэхдээ энэ нь Улаанбаатарт бүртгэгдсэн дотоодын халдвартай холбоогүй байлаа?

-Эрдэнэт хотод өчигдөр 13 тохиолдол илэрсэнд үнэхээр их цочирдлоо.  Монгол Улсын дотоодын анхны халдвар иргэн Д энэ сарын 10-нд оношлогдсон. Дархан хотод энэ сарын 5-наас 7-ны хавьцаа төмөр замчдын хооронд тэмцээн болж, олон хүн  нэг дор бөөгнөрсөн.  Гэтэл  халдварын голомт шинээр үүссэн аймгуудын ихэнх тохиолдол нь төмөр замын ажилчид байгаа нь их эргэлзээ төрүүлж байна. Тэгэхээр энэ COVID-19 иргэн Д-гээс өмнө дотооддоо тархчихсан байсан гэж бодож байна.  Эрдэнэт хотод өчигдрөөс тэг зогсолтын журам үйлчилж байгаа. Нэгэнт ийм нөхцөл үүссэн  учир  иргэн бүр өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах үүргээ  биелүүлж, халдвар хамгааллын дэглэмээ сахиж, бүгдээрээ энэ өвчнийг хохирол багатай давж нэг ч зүрх бүү зогсоосой гэж хүсч байна.

Эх сурвалж:www.polit.mn